Шүлхийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газар, ХХААХҮЯ-аас сонгон шалгаруулалт зарлаж, вакцин авахаар болсон билээ. Олон мянган малд уг өвчин халдварлаж, олон малчны хотыг харлуулсны дараагаар тендер зарлан байж авчирсан вакцинтай холбоотой асуудал нэг л “но”-той байгаа бололтой. АТГ-аас сэжигтэй асуудал байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. Уг тендерт Биокомбинат улсын үйлдвэрийн газрын тендерийн баг шалгарч, Энэтхэгээс вакцин нийлүүлэхээр болсон аж.
Тус улсаас дөрвөн удаа вакцин оруулж ирсэн ч тэр нь нийлүүлэх ёстой хугацаанаасаа нэлээд хэд хоногоор хоцорч ирсэн. Аливаа гамшиг осол, халдварт өвчний үеийг зарим байгууллага, хувь хүн далимдуулан ашиг хонжоо олох явдал гардаг. Хэл ам дагуулан хоцорч ирсэн шүлхийн вакцин ч бас ийм замаар орж ирсэн байж болзошгүй гэж үзэж буй. Биокомбинатын тендерийн багийнхан олсон орлогынхоо 51 хувийг дээрх үйлдвэрт, үлдсэн хувийг нь тендерийн баг буюу удирдлагууд нь хувааж авдаг аж. Зөвхөн шүлхийн вакцин ч гэлтгүй өөр вакцины нийлүүлэлтэд ч ийм маягаар ажилладаг гэнэ.
Тиймээс АТГ-ынхан тус үйлдвэрийн газрын удирдлагын явуулж буй ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэх, Төрийн өмчийн хорооноос ингэж орлого олж болох талаар зөвшөөрсөн эсэхийг шалгаж байгаа аж. Өдгөө энэ асуудалд хараахан эрүүгийн хэрэг үүсгээгүй ч, баримтын шалгалт, хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэх гээд санхүүгийн, албан тушаалын хэрэгт зайлшгүй хийгддэг ажиллагаануудыг хийж байгаа талаар тус газрын эх сурвалж хэлсэн юм. Авлигад сэрдэгдэж буй энэ хэрэг явдал шүлхийтэй тэмцэж буй Засгийн газрын ажлын үнэн нүүр царайг илтгэж байна бус уу.