Өнөөдөр MN мэдээлийн төвд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгчид “Зууны мэдээ” сонины өнөөдрийн буюу 2010 оны 11-р сарын 08-ны өдрийн дугаар дээр гарсан материалын талаар мэдээлэл хийлээ.
Тус сонин дээр гарсан материалын хэсгээс:
“... Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Хэрэг өдгөө нотлох баримт цуглуулах шатандаа явж байна. Б.Наранхүү 2008 оноос эхлэн онгон охидыг 500 ам.доллараар худалдан авсан бөгөөд нийт есөн охиноор “үйлчлүүлсэн” нь тогтоогдоод байгаа аж...” гэсэн байна.
Харин өмгөөлөгчдийн зүгээс "энэ бол ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл. Наранхүү гэдэг ижил нэртэй хүн ийм хэргээр шалгагдаж байгаа нь бол үнэн гэсэн.
Гэхдээ энэ бол “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү биш юм. Иймээс бид үндэслэлгүй мэдээлэл гаргаж, хувь хүний нэр төрд халдсан хэргээр тус сониныг маргааш шүүхэд өгч, 3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр шаардана " гэж албан ёсоор мэдэгдлээ.
Тэд үүнийхээ баталгаа болгож Цагдаагийн Ерөнхий Газраас “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү ийм хэрэгт холбогдолгүй болох нь үнэн гэсэн бичиг авсан гэдгээ ч үзүүллээ.
Сонирхуулахад Монголд хувь хүний нэр төрд халдвал хэдий хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжлэх тухай хууль байдаггүй ба энэхүү 3 тэрбум төгрөг нь “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү гэдэг хувь хүний үнэлэмж юм гэдгийг нэмж хэллээ.
Б.Уянга