БНСУ-ын Сөүл хотын нэгэн дээд сургуульд суралцдаг монгол оюутан нутаг нэгт оюутнуудаасаа их хэмжээний мөнгө залилсныг тус улсын цагдаагийнхан илрүүлсэн байна. А нь дээд сургуулийн солонгос хэлний орчуулагчийн ангид сурдаг бөгөөд дээрх сургуульд сурдаг монгол оюутнуудыг хариуцан ажилладаг байжээ.
Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нутаг нэгт оюутнуудаасаа 69 сая вон залилсныг цагдаагийнхан илрүүлж, хуурамч бичиг баримт ашигласан хэргээр шалгаж байгаа гэнэ. Учир нь А оюутнуудын өгсөн сургалтын төлбөрийг тушаасан гэх хуурамч бичиг үйлдээд зогсохгүй сургуулийн захирлын тамгыг дуурайлган хийсэн байжээ.
Хэргийг Сөүл хотын Цагдаагийн мөрдөн байцаах дөрөвдүгээр хэлтэс шалгаж байгаа талаар тус хот дахь “Монгол радио” мэдээлжээ.
Д.ЦЭЦЭГ