Сэлэнгэ аймагт өнгөрсөн есдүгээр сараас хойш айлын эд хөрөнгө, байшин, машин галдан шатаасан хэрэг 11 удаа гарсан билээ. Энэ хэрэгт холбогдуулан сэжиг бүхий олон хүнийг шалгасан ч үр дүнд хүрэхгүй байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын эх сурвалж мэдээлж байгаа.
Гэмт этгээд компьютер, принтер ашиглан “Чаддаг юм бол намайг бариарай” гэж бичээд хашаанд наасан байсан гэх мэдээлэл ч байгаа. Харин өчигдөр өөр нэг эх сурвалж “20 гаруй настай Э гэх залууг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад хэрэг хийсэн эсэх нь тодорхой болох байх. Эцсийн байдлаар нотлогдоогүй” гэж мэдээллээ. Түүнийг хэргийн газарт орхиж явсан унадаг дугуйгаар нь хөөцөлдөж саатуулсан гэнэ.
Энэ талаар тус аймгийн прокурорын эх сурвалжаас тодруулахад “Галдан шатаасан хэрэгтнийг саатуулаагүй” гэв. Галдан шатаасан хэргийг шалгах Ажлын хэсэг нийслэлээс томилогдон очиж өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт уг Ажлын хэсэгт багтсан эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нарыг сэлгэж, амрааж эхэлжээ. Шинээр томилогдсон Ажлын хэсгийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн ажилт нууд бүрдүүлсэн гэж цагдаагийн эх сурвалж мэдээлсэн юм. Түүнчлэн гэмт этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага 500 мянган төгрөгөөр үнэлж байснаа өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн нэг сая төгрөгөөр бодит мэдээллийг худалдан авахаа зарласан гэнэ.