Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Лондонд саатуулаад нэлээд удаж байна. Долоон жилийн өмнө түүний оролцоотойгоор Франц, Бельги, Германы хил дамнуулан Монголд баривчилж авчирсан Дамирангийн Энхбатын аав, ах дүү нартай уулзах гэж хөөцөлдөж яваад дүү Д.Баяраатай нь саяхан таарсан юм. “Одоохондоо ярилцлага өгмөөргүй байна” хэмээн татгалзсан шалтгаанаа Монголд хүний эрхийг зөрчиж, ахыг нь хэлмэгд үүлсэнтэй холбон тайлбарласан. Түүнтэй өнгөрөгч баасан гаригт дахин уулзлаа. Үгээ зөөж ядан ярих тэрбээр өнгөрсөн сарын 25-нд бусдад зодуулан хүнд гэмтэж, биднийг очихын өмнөх өдрөөс арай дээрдэж, хүнтэй үг солих болоод байгаа нь тэр гэнэ.
-Тантай сарын өмнө уулзахад хэсэг хугацааны дараа уулзъя гэж байсан. Гэтэл яагаад ийнхүү гэмтэж, хэвтэрт орчихов оо?
-Би хүний хэл амнаас зайдуухан байя гэж хичээгээд энэ эмнэлэгт хэвтсэн боловч та нар олоод ирлээ. Гэхдээ яахав. Энэ хэрэг нэгэнт олонд ил болсон юм чинь асуултад чинь хариулъя. Би гэнэтийн халдлагад өртчихлөө.
-Өнгөрсөн сарын 25-нд бусдад зодуулсан гэж дууллаа. Чухам хаана, юу болсон юм бэ. Та ганцаараа явж байсан юм уу?
-Тэр өдөр би гэрийнхээ ойролцоо машинаас буугаад тамхи аваад эргэтэл нэг залуу “Ах аа, галаа өгөөч” гэсэн. Галаа асаагаад ойртуултал шууд л гар мушгисан. 23.30 цагийн орчим байх. Тэгээд шууд машинд чихэж суулгахад нэг нь жавжнаас татаад ам руу шингэн зүйл хийсэн. Амьд гарахын тулд уухгүй байхыг хичээсэн боловч шууд хамар дараад залгиулчихсан даа. - Таныг машиндаа суулгаад авч явсан уу.
Зарим албан бус мэдээллээр хутга тулгаж, айлган сүрдүүлсэн гэх мэдээлэл байна? -Гурван залуу байсан. Намайг хол авч яваагүй. Машинд оруулаад тэр зүйлийг уулгаснаас хойш манараад л явчихсан. Нэг нь баруун гар руу зөөлөн юмаар цохиод байхыг мэдэрсэн. Хоолой, ам хуурай болоод, ямар ч дуу гарахгүй болчихсон. Амьсгалахад ч хүнд байдалд ордог юм билээ. Хутга энэ тэр байгаагүй.
- Та одоо тэр залуусыг хараад таних уу. Машины дугаарыг нь хараагүй юу. Ямар загварын машин байсан юм бол?
- Харанхуй байсан болохоор юу ч анзаараагүй. Ердөө хэдхэн минутын дотор л болсон хэрэг. Надаас гал асуусан залуу саравчтай малгай дарж өмссөн байсныг санаж байна. Хар өнгөтэй жижиг машин харагдсан. Хэн тийм зүйл тохиолдоно гэж санах вэ дээ.
- Та эдийн засагчаас гадна эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн. Уулгасан шингэн зүйлийг тийм төрлийн эм байх гэх таамаглал байна уу?
- Шингэн зүйлийг ам руу хийхэд спрайт ундаатай адил мэт амтагдсан. Гаазтай, чихэртэй ч юм шиг зүйл уулгаад намайг машинаас буулгасан. Машинд ердөө нэг минут орчим болсон болов уу. Би найз нөхдөдөө хэлээд ийм төрлийн ямар эм, тариа байдгийг судалсан. Хүүхэн хараа томорч, булчингийн доройтолд ордог хордлогын шинжтэй адил байгааг найз эмч хэлсэн. Миний ах Энхбат амьд сэрүүн байхдаа “Тагнуулынхан эм уулгаж, тариа хийсний дараа өөрийгөө юу хийж байгааг хянах чадваргүй болдог” гэж ярьсан нь санагдаж байна. Ахыг минь мөн адил ингэж тарчлаасан байх.
-Таны эд зүйлээс хулгайлж, дээрэмдсэн үү?
- Миний хэтэвч, хоёр утас бүгд бий. Хавтсанд байсан төслийн бичиг баримт алга байна билээ.
- Танд хэн анхны тусламж үзүүлсэн юм бэ. Түүнээс гадна энэ тухай цагдаа, хууль хяналтын байгууллага мэдээгүй байх юм?
- Би дүүтэйгээ хамтраад ажил хийж байгаа л даа. Оройдоо дүү маань намайг хүргэж өгөөд буцдаг юм. Тэр өдөр би тамхи авах гээд гэрийнхээ наахна буусан. Дүү гэр рүү утасдаад орж ирээгүй гэхээр буцаад ирсэн бололтой. Нэг харахад дүү намайг түшээд босгож байсан. Би хашлага налчихсан, гараа сарвалзуулаад юу ч дуугарч чадахгүй байсан гэж дүү хэлсэн. Гэртээ ч оролгүй шууд эмнэлэгт ирсэн юм. Хэд хоног ойлгомжгүй зүйл ярьсан гэж дотнын хүмүүс маань хэллээ. Би цагдаад хэлээд яах юм бэ. Аягүй бол гэмгүй хэдэн хүүхдийг саатуулаад “Эд нар хүн зодож танхайрсан байна”гээд хэлмэгдүүлж мэдэх л хүмүүс.
-Тэр шингэн зүйл сэтгэцэд нөлөөлсөн байж болзошгүй юм байна. Та одоо ч бага зэрэг ээрч, үгээ зөөж ядаж байна. Таныг зөөлөн биш хүнд зүйлээр цохисон бололтой. Арав гаруй хонож байхад цус хурсан нь арилаагүй байна?
-Би энэ эмнэлэгт данстай, байнга үзүүлдэг болохоор эмч нар нь намайг андахгүй. Тариа хийхээр судас шууд хагарчихна. Их хэцүү байна. Зодуулаад арав гаруй хоног болсон гэхэд өчигдөр зодуулсан мэт улаан эрээн хэвээр. Эмч нарын зөвлөснөөр цусны дэлгэрэнгүй шинжилгээ өглөө. Хариу нь юу гэж гарахыг мэдэхгүй юм. Одоо зөгийн балтай уснаас өөр зүйл ууж чадахгүй, байнга уруул хагараад байгаа.
- Таныг энэ сарын 15-нд Лондонд болох Б.Хурцын шүүх хуралд оролцоно гэж дууллаа. Энэ асуудалтай холбоотой юм биш байгаа?
-Манай тагнуулынхны хууль бус ажиллагааны талаар ноднин Францын нэгэн сэтгүүлд гарснаас хойш энэ хэрэг дахин сөхөгдсөн. Би Б.Хурцыг саатуулсны дараа Эрка эгчтэй (Д.Энхбатын эхнэр) холбоо барьж, юу болж байгаа, тэнд ямар мэдээлэл гарсныг сонирхож, очиж уулзъя гэж бодож байсан юм. Гэхдээ энэ тухай олон хүн мэдээгүй л дээ. Хамгийн сэжигтэй санагдаж байгаа зүйл нь тэр залуус намайг буулгаад “Чамайг хэр хол явахыг чинь харна аа” гэж хэлсэн.