Сүүлийн үед монгол бүсгүйчүүд хар тамхи, мансууруулах бодисын наймаанд оролцон баригдах явдал ихэсч байна. Хятад, Сингапурт гарсан хэргийн дуулиан намжаагүй байхад ОХУ-ын Тувад манай улсын иргэн эмэгтэйг мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан хэргээр баривчлан, саатуулжээ.
“Монгол дахь Тувагийн албан ёсны төлөөлөгч асны гэргий, Монголын иргэнд их хэмжээний мансууруулах бодис хууль бусаар оруулж ирсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна” хэмээн Хойд хөршийн хэвлэлд мэдээлжээ. Улаанбаатарт амьдардаг энэ эмэгтэй 2010 оны тавдугаар сард үйлдэл дээрээ баригдсан аж. Түүний Кызыл хотын гудамжинд тураадаг эм “SLIM TRIM” хэмээн зарж байсан эмийг лабораторийн шинжилгээнд оруулахад ОХУ-ын нутаг дэвсгэрт зарж борлуулахыг хориглосон сибутрамин агуулагдаж байсан нь тогтоогджээ.
Тувагийн Цагдаагийн байгууллагын мэдээлснээр бүсгүй 2009 оноос эхлэн цагдаагийн анхааралд өртсөн аж. Тэр үед түүнд “SLIM TRIM”-ийг ОХУ-ын нутагт зарж болохгүй гэдгийг сануулж байсан ч ажлаа үргэлжлүүлсээр байж. Түүний нөхөр нь ОХУ-ын иргэн бөгөөд урьд нь Монголд Тувагийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байсан аж. Эмэгтэй хориотой бараагаа дипломат дугаартай машинаар хил давуулан зөөж байсан гэнэ. Харин нөхөр нь энэ талаар юу ч мэдэхгүй гэж мэдүүлэг өгчээ.