Энэ сарын 3-нд ОХУ-ын тусгай албаныхан Москвад “Тюрик” хэмээх Владимир Тюринг баривчилсан нь нэлээд шуугиан тариад байна. Түүнийг Испанид гэмт хэргийн бүлэг байгуулсан хэргээр интерполоор эрэн сурвалжилж байсан юм. “Тюрик” 1990 оны үед Братск хотын хөнгөн цагааны үйлдвэрлэлийг хянадаг байсан ч гэмт хэргийн бусад бүлэглэлтэй дайсагналцан, амь насанд нь аюул учирсан тул Испани руу зугтан гарчээ.
Испанид тэрбээр мөнгө угаах бүхэл бүтэн ситем үүсгэн байгуулж, Оросын мафийг хилийн чанадаас удирдаж байв. 2005 онд Испанийн засгийн газар Оросын мафийн эсрэг арга хэмжээ авснаар 200 гаруй хүн баригдаж, үлдсэн нь хилийн чанадад зугтан алга болсон байна. Зугтагчдыг Интерполын шугамаар хайн илрүүлж, ихэнхийг нь баривчилсан боловч Тюрин зугтаж чадсаар байв.
2009 онд түүнийг Монголд баривчилсан хэмээн ОХУ-ын хэвлэл мэдээлсэн юм. Тюрин Монголын говь цөлд нуугдаж байсан гэх бөгөөд баярласан испаничууд Улаанбаатарын зүг хөлгийн жолоо залжээ. Харин тэднийг ирэхэд Улаанбаатарын хорихт Тюриний төрсөн ах нь сууж байсан гэдэг.
Алдарт гэмт хэрэгтнийг Монголд баригдсаныг дуулсан хам хэрэгтнүүд нь Улаанбаатарт ирж, 500 мянган доллар зарж байж, ахаар нь сольсон гэсэн яриа дараа нь гарсан байдаг. Тэгвэл тэр үед манай хэн гээч албан тушаалтан хагас сая доллар хармаалан, түүнийг ахаар нь сольсон байж таарах вэ?
М.Сугараа