Монголын ард түмний хянан шалгах хорооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд монгол хүн өөрийн газар нутагтаа амар тайван амьдрах эрхгүй болсон, ард түмэн ядуурч, гадаадынхан дур зоргоороо авирлах болсон, хээл хахуульд идэгдсэн гэх мэт болохгүй бүтэхгүй бүхэнд эрх баригч хоёр нам буруутай гэв. “УИХ-д авлига хээл хахуульд өртөөгүй нэг ч хүн байхгүй.
Манай улс авлигатай тэмцэх биш хөхиүлэн дэмжих орон боллоо. Тиймээс 2011 оныг Монгол Улсыг төрийн олигархиудаас салгах жил болгон зарлая. Авлигад идэгдсэнийг гэрчлэх нэг жишээ хэлье. Ноён Фрийдланд Монголын төрийг худалдан авахын тулд УИХ-ын 76 гишүүн бүрт нэг сая доллар өгсөн. Үүнийг гишүүд хүлээн зөвшөөрч эхэллээ. Энэ үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн 21 хүн 7-8 сая доллар хувьдаа завшсан. Бид нэр бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт өгсөн.
Гэтэл өндөр албан тушаалтнууд оролцсон учир тус газрын даргыг ажлаас чөлөөлөхийг оролдож байна” гэж тус холбооны ерөнхий зохицуулагч Д.Нинж ярилаа. Тэд хулгайч, авлигачдаасаа салахыг шаардаж байгаагаа дуулгаад Улсын дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв. Дээд шүүх шийдвэр гаргахгүй бол Олон улсын шүүхэд хандахаар холбогдох баримтыг бэлтгээд байгаа гэнэ. Мөн үеэр Парламентад суудалтай намуудыг бүх нийтээр шүүн хэлэлцэх онц их чуулганыг ирэх жил Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах болсноо албан ёсоор зарлалаа.