АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарт хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр өнгөрсөн зунаас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэсэн мэдээллийг өчигдөр Улсын ерөнхий прокурорын газраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн юм.
Энэ талаар хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор Ё.Сагсайгаас тодруулахад “Манайх хэргийг хянаж байгаа” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав. Бидний авсан мэдээллээр НПГ-т Тагнуулын ерөнхий газарт шалгаж байгаа Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэх хэргийг нь хянуулахаар шилжүүлсэн гэнэ. Тэд Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж, Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг 15 хоногийн турш тагнаж, чагнасан.
Энэ ажлыг тус газрын Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарын гурван хүнээр гүйцэтгүүлсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Тэднийг хууль зөрчсөн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар Авлигын эсрэг хуулийн дагуу албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-д хэд хэдэн удаа тавьсан ч УИХ-ын гишүүд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.
Уг хэргийг прокурорын хяналтад шилжүүлсэн эсэх талаар ТЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Бид шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байна. Одоогоор мөрдөн байцаалт дуусаагүй” гэлээ. Харин өөр нэгэн эх сурвалж “Мөрдөн байцаалт явуулж байгаа хэргийг явцын дунд прокурорт хянуулж болдог. Энэ дагуу л прокурорт хянуулж байгаа. Тэрнээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх хараахан болоогүй” гэсэн юм.
Г.РАВЖАА