НАТО-гийн 70 жилийн ойд зориулсан тус байгууллагын 29 улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Их Британийн нийслэл Лондон хотод хоёр өдөр үргэлжлэн лхагва гарагт дууслаа. Уулзалтын үеэр хэд хэдэн шуугиан тарьсан явдал гарчээ. Мягмар гарагийн орой Букингэмийн ордонд NATO-гийн гишүүн орнуудын удирдагчдад зориулсан хүлээн авалтын үеэр тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг элэглэн ярилцаж байгаа нь Канадын телевизийн дуранд бичигдсэн аж. Британийн ерөнхий сайд Борис Жонсон өглөөний хуралд Трамп яагаад хоцорч ирснийг асуухад Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Түүний хэвлэлийн хурал 40 минут сунжирсан болохоор хоцорсон” гэж хариулжээ. Дараа нь Трюдо “Түүний багийнхан ямар их гайхаж цочирдсон (эрүү нь шалан дээр унасан) байхыг та нар харсан биз дээ” гэж хэлэхэд бусад нь инээлджээ. Макрон, Жонсон нарын хариу хэлсэн үг тод бичигдээгүй байна. Улмаар Трюдогийн бичлэг задарсны дараа Трамп NATO-гийн чуулганыг бүрэн дуусгалгүй Британиас явсан байна. Тэрбээр Канадын Ерөнхий сайдыг “Тэр бол хоёр нүүртэн. Би түүнийг сайн залуу гэж боддог. Гэвч намайг хамтын батлан хамгаалах зардалд 2 хувиа төлөхийг шаардсанд тэр сэтгэл дундуур байгаа бололтой. Тэр 2 хувиа төлөх ёстой. Канад улс мөнгөтэй” гэж хэлээд явсан байна.Үүнээс өмнө АНУ-ын төрийн тэргүүн болон Францын Ерөнхийлөгч Макрон нар тус уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн хурлаар үгээр байлдсан нь мөн анхаарал татсан зүйл байлаа. Өнгөрсөн 11-р сард Эмманиуль Макрон НАТО-ийн “тархи үхжиж” байгаа тухай мэдэгдэл хийсэн нь АНУ-ын төрийн тэргүүний дургүйцлийг ихэд хүргэжээ. Тэрбээр Макроны мэдэгдлийг “НАТО-гийн гишүүн орнуудыг доромжилж гутаасан” гэж үзсэн юм. Энэ нь тэдний НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын өнгө аяст нөлөөлсөн бололтой. Францын Ерөнхийлөгч Эмманиуль Макрон НАТО-ийн холбоотнуудын хооронд терроризмын талаар нэгдмэл тодорхойлолт байдаггүйг тэмдэглэжээ. Хоёр удирдагч бусад олон асуудлаар өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Трамп “Исламын улс бүлэглэлийн дайчдыг эргүүлэн авах хүсэлгүй байна уу? Дуртайгаа шилж болно шүү” гэж Сирид хоригдож байгаа ЕХ-ны улсын иргэншилтэй тус бүлэглэлийн дайчдын сануулжээ. Үүний хариуд Макрон иймэрхүү зүйлийг хошигнох нь зохисгүй бөгөөд террорист байгууллагын эсрэг тэмцэлд гол анхаарлаа төвлөрүүлсэн нь дээр гэж хариулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг явахад Британийн Ерөнхий сайд Борис Жонсон протоколын дагуу гаргаж өгөөгүй нь мөн л хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Лондонд Трампыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байгаа тул Трампыг гаргаж өгөх нь удахгүй болох парламентын сонгуулийн дүнд нөлөөлж магадгүй гэж Жонсон эмээсэн бололтой.