“Токио-2020” олимпын наадамд зориулан “Токио хүрэх зам” цувралаараа Монголын тамирчид спортын хэдэн төрлөөр олимпын эрх авах боломжтой, мөн эрхийг хэрхэн авах журмын тухай танилцуулж байгаа билээ.
БОКС
Олон улсын сонирхогчдын боксын холбоо буюу AIBA хээл хахууль, авлига, шударга бус шүүлт зэргээсээ болж, ОУОХ-ноос олимпын наадмын боксын тэмцээн болон олимпын эрх олгох тэмцээн зохион байгуулах эрхээ алдсан. Тиймээс энэ жилийн АИБА-ийн ДАШТ-ээс олимпын эрх олгоогүй.
“Токио-2020” олимпын боксын тэмцээн эрэгтэйчүүдийн 52, 57, 63, 69, 75, 81, -91, +91 гэсэн найман жин, 51, 57, 60, 69, 75 кг гэсэн таван жингээр явагдана. Харин олимпын эрх олгох хоёр тэмцээн болно. Эхнийх нь тивүүдийнх, дараа нь дэлхийнх.
Жин тус бүрт тивүүдэд квот өгсөн бөгөөд Ази болон далайн орнуудын олимпын эрх олгох тэмээнд эрэгтэйчүүдийн 52, 57, 63 кг-д 6 эрх, 69,75 кг-д 5 эрх, 81 кг-д 5 эрх, хасах болон нэмэх 91 кг-ын жинд дөрвөн эрх олгох юм. Эмэгтэйчүүдийн 51 кг-д 6 эрх, 57, 60, 69, 75 кг-ын жинд дөрвөн эрх олгоно.
Ази болон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээн 2020 оны хоёрдугаар сарын 3-14-нд БНХАУ-ын Ухань хотод болсон бөгөөд энэ тэмцээнээс болон бусад тивийн эрх олгох тэмцээнээс эрх авч чадаагүй орны боксчид 2020 оны тавдугаар сарын 13-24-нд Францын Парис хотод болох олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс сүүлчийн боломжоо хайна. Эл тэмцээнээс жин тус бүрт 3-5 эрх олгох юм. Манай эрэгтэйчүүд 3-5 эрх, эмэгтэйчүүд 1-2 эрх авах магадлалтай.
ЖҮДО
Монголын жүдочид 1972 оны Мюнхений олимпоос эхлэн тасралтгүй оролцож ирсэн төрөл бол жүдо. Өнөөдрийн байдлаар манайхаас хамгийн олон тамирчин оролцох төдийгүй хамгийн өндөр амжилт гаргах боломжтой спорт бол жүдо гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын эрх олгох журам хамгийн оновчтой, шударга зарчимтай. Олимпын эрхийг дөрвөн жилийн турш тэмцээнд оролцож, цуглуулсан онооны чансаагаар олгодог.
Олимпын наадамд эрэгтэйчүүд 60, 66, 73, 81, 90, -100 болон +100 кг-ын долоон жинд, эмэгтэйчүүд 48, 52, 57, 63, 70, -78, +78 кг-ын долоон жинд , нийтдээ 386 жүдоч өрсөлдөнө. Мөн холимог багийн төрөл бий.
IJF буюу ОУЖБХ-ны 2020 оны тавдугаар сарын 25-нд гаргах чансаагаар жин тус бүртээ эхний 18-д багтсан тамирчид олимпын эрхээ шууд “өвөртөлнө”. Гэхдээ жин тус бүрт нэг улсаас ганц л тамирчин оролцох ёстой. Хэрэв чансааны эхний 18-д нэг улсаас хоёр болон түүнээс дээш тамирчин багтсан байвал дараагийн байраас огших журмаар явна.
Мөн тивүүд тодорхой квот буюу эрхийн заалттай. Тухайлбал, эрэгтэйд Европт 13, Африкт 10, Азид 10, Америк тивд 10, далайн орнуудад тав, эмэгтэйд Европт 12, Африк, Азид тус бүр 10, Америк тивд 11, далайн орнуудад тав.
Жин тус бүрт чансааны эхний 18-д дээрх тивүүдийн төлөөлөл багтаагүй байвал нэмж оруулна гэсэн үг.
Яг өнөөдрийн чансаагаар бол манайхаас эрэгтэйчүүд зургаан (90 кг-аас бусад жинд эрх авахаар, 81 кг-д бол тивийн квотоор оролцохоор) жинд, эмэгтэйчүүд 48, 52, 57, 63 кг-ын дөрвөн жинд эрх авахаар байна. Ер нь ирэх таван сард гаргах чансаагаар ч энэ багцаа нэг их алдагдахгүй байх. Тэгэхээр Монголын 10-12 жүдоч Токиогийн татамид гарах боломж бий. Эрхийг хувь тамирчинд бус улсад олгох бөгөөд яг олимпод хэнийг оролцуулахаа тухайн улс шийдэх учиртай. Мөн манай жүдочид холимог багийн төрөлд (эрэгтэй гурав, эмэгтэй гурав) оролцох боломжтой.
“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.ЭНХТҮВШИН