Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн энэ сарын 25-нд эхэлж, 151 орны эрэгтэй 537, эмэгтэй 352 тамирчин өрсөлдөнө. Японы Токио хотод болох ДАШТ найман өдөр үргэлжлэн, өдөр бүр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн аваргыг тодруулах юм. Ганцаарчилсан 14, холимог багийн төрөлд аваргаа тодруулах тэмцээнд манахй улсаас 18 жүдоч зодоглоно. Манайхаас гадна АНУ, БНСУ, ОХУ, Португал, Япон, ХБНГУ, БНХАУ, Бразил бүтэн багаа сойх юм.
Энэ сарын 25-нд эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48, 26-нд 66, 52, 27-нд 73, 57, 28-нд 81, 63, 29-нд 90, 70, 30-нд 100, -78, 31-нд +100, +78 кг, есдүгээр сарын 1-нд холимог багийн барилдаан болох хуваарьтай. Өнгөрсөн жил монгол тамирчид ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртэж, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа анхдагч (дэлхийн дэвжээнээс гурван медаль авсан анхны монгол жүдоч) болсон. Олимпын мөнгө, ДАШТ-ий нэг алт, хошой хүрэл медальт тэрбээр өнөө жил дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхгүй. Өнөө цагийн шилдэг жүдочдын нэг, Д.Сумъяа өөрийнхөө хүсэлтээр тус тэмцээнийг өнжсөн билээ.
Монголын хөнгөн жингийн бөхчүүд дэлхийд алдартай. Тиймээс бид энэ удаа эрэгтэйчүүдийн 60, 48 кг-ын бөхчүүдийн өрсөлдөөнийг хэрхэн таамаглаж буйгаа сонирхуулъя.
М.УРАНЦЭЦЭГ ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ДУТУУГАА ГҮЙЦЭЭЖ ЧАДАХ УУ
Эмэгтэйчүүдийн 48 кг-д хэн нь ч дэлхийн аварга болж мэдэх олон шилдэг бий. Өнгөрсөн жил Украины тамирчин Д.Белодид 17-хон насандаа ДАШТ-д түрүүлж, шуугиулаад зогсохгүй өрсөлдөөнийг улам нэмсэн. Энэ удаа тэрбээр амжилтаа баталж, дэлхийн хошой аварга болж чадах, эсэхийг спортын хорхойтнууд ихэд сонирхож байгаа нь мэдээж. 48 кг-д 43 орны 50 тамирчин оролцохоор мэдүүлэг өгснөөс Монгол Улс ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг нарыг сойно. Өнөө жил тус жинд дэлхийн дөрвөн аварга өрсөлдөнө.
Тэднээс дэлхийн чансааг тэргүүлэгч, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Фүна Тонаки А, олимпын дэлхийн аварга, аргентин бөх Паула Парето В, Д.Белодид С, М.Уранцэцэг D хэсгийг тэргүүлнэ. Олон жил өгөө аваатай барилдаж буй М.Уранцэцэг, олимпын нэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэг нар D хэсэгт багтсан. Тэд өнгөрсөн жил ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахад Г.Отгонцэцэг ялсан. Хоёр бөх учраагаа ялбал хагас шигшээд хоорондоо хүч сорино. Манай нөгөө бөх Г.Наранцэцэг сугалаагаар А, В хэсгийн аль нэгт нь хуваарилагдана. Тэгэхээр Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч тэрбээр Фүна Тонаки, Паула Парето, Дистрия Красничи, Милица Николич нарын аль нэгтэй эхний тойрогт учраа таарах нь тодорхой.
2013 онд ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болж, хоёр жилийн өмнө үзүүрлэсэн М.Уранцэцэг өнгөрсөн жилийн дутуугаа гүйцээх, ахиулах, эсэх нь олон хүний анхаарлыг татаж байна. 48 кг-ын бүх шилдэг түүний замд хөндөлсөх нь мэдээж. Тэднээс одоогоор барилдаж үзээгүй яваа ганцхан хүчтэн нь Д.Белодид. Украин жүдоч, М.Уранцэцэг хоёрын өрсөлдөөнийг тэсэн ядан хүлээж буй спортын хорхойтон олон. Хэрвээ манай тамирчин зорилгодоо хүрч, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлбэл ДАШТ-д түрүүлсэн Монголын тав дахь жүдоч болно.
Д.АМАРТҮВШИНГИЙН БАРИЛДАХ ХЭСЭГТ ОЛОН ШИЛДЭГ БАГТЖЭЭ
Монголын жүдо бөхийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан жин бол яахын аргагүй эрэгтэйчүүдийн 60 кг. Өнөө жил 62 орны 78 жүдоч зодоглох эл жинд дэлхийн дэд аварга, Гавьяат тамирчин Д.Амартүвшин өрсөлдөнө. 60 кг-д жүдо бөхийн хөгжлөөрөө дэлхийд өнгөлдөг Япон, Бразил, БНСУ, Гүрж, Франц, Казахстан, Узбекистан улс тус бүр хоёр тамирчин илгээв. Өнгөрсөн жилийн Азийн наадмаас хойш Хаагийн гран прид түрүүлж, “World masters”, Парис, Бакугийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртээд байгаа. Түүний барилдах жинг өнгөрсөн жил дэлхийн дэд аварга болсон, ОХУ-ын Роберт Мшвидобазе тэргүүлнэ. В хэсэгт багтсан олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Казахстаны Елдос Сметов, ДАШТ-ий хүрэл медальт, Японы Р.Нагаяма нар хагас шигшээд өрсөлдөх магадлал өндөр. D хэсэгт Д.Амартүвшин гавьяатын хамт олон шилдэг багтжээ. Тодруулбал, ДАШТ-ий нэг алт, дөрвөн хүрэл медальт Амиран Папинашвили, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны Д.Урозбоёв, ДАШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ким Вон Жин нарын шилдгүүд хүч сорино.
ДАШТ-тэй холбоотой зарим баримт сонирхуулъя.
-ДАШТ-ээс хамгийн олон медаль хүртсэн эрэгтэй жүдоч бол Францын бөх Тедди Ринер. Олимпын хошой аварга тэрбээр дэлхийн дэвжээнээс 10 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авсан. Түүнийг медалийн тоогоор ОХУ-ын А.Михайлин (гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл), Грекийн Илиас Илиадис (гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл), чанараар Японы Наоя Огова (дөрвөн алт, гурван хүрэл), Францын Давид Дуйя, Японы Шозо Фүжи, Ясүхиро Ямашита (бүгд дөрвөн алт) нар удаалдаг. -Дэлхийн дэвжээнд хамгийн залуудаа Төрийн дууллаа эгшиглүүлсэн амжилтыг Тедди Ринер (18 нас, таван сар), Дариа Белодид (17 нас, 11 сар) нар эзэмшдэг.
-Монгол жүдочид одоогоор ДАШТ-ээс дөрвөн алт, гурван мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байна. Тэднээс дөрвөн бөх (Д.Сумъяа, Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар) болсон. Манай тамирчид хоёр жилийн өмнө ДАШТ-ээс зургаан медаль авч, хамгийн том амжилтаа гаргасан юм. Монголын жүдо бөхийн спортын түүхэнд ДАШТ-ий анхны медалийг Гавьяат тамирчин Д.Баттулга 1989 онд хүртсэн. Тэр жил Хөдөлмөрийн баатар, Ардын багш, улсын аварга О.Балжинням дэлхийн аваргын төлөө манай улсаас анх удаа барилдсан түүхтэй. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Монголын анхны жүдоч бол Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар. Олимпын хүрэл медальт тэрбээр 2009 онд дэлхийн аварга болсон юм.
ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ АВСАН МОНГОЛ ЖҮДОЧИД
Түрүүлсэн:
Д.Сумъяа (нэг алт, хоёр хүрэл),
М.Уранцэцэг (алт, мөнгө),
Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар (хоёулаа алт, хүрэл)
Үзүүрлэсэн: О.Балжинням, Д.Амартүвшин
Хүрэл медаль авсан:
Н.Түвшинбаяр, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа, С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа, Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр