Зуны сар зургаа биш гэсэн хэлц үг бий. Өнгөрсөн жил есдүгээр сарын 6-нд анхны цас орсон тул энэ жил ч сар гаруйн дараа цас унаж, цаг “цөвүүн болох”-ыг үгүйсгэхгүй. Нийслэлчүүд, ялангуяа гэр хорооллын айл өрх түүхий нүүрс түлэхгүй ч гал алдахгүй, утаанд угаартахгүй амьдрах “түүхэн” өвөл айсуй. Бид жилд 1.2 сая тонн нүүрс түлдэг байснаа 600 000 тонн шахмал түлш түлж хэмнэлт хийх боломж бүрдэж буй.
Учир нь Тавантолгойн бүлэг ордын өндөр илчлэгтэй, угаасан нүүрсийг нэмэлт хольцоор баяжуулан, дөл авалцах хугацааг богиносгон, шаталтыг нь дэмжсэн технологиор боловсруулж, зохист харьцаагаар хэвлэн, хатаасан “сайн” түлш хийсэн. Ийм түлшийг бага хэрэглэхээс гадна шатах үед ялгаруулдаг хорт бодис болон агаарт дэгдэх нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ нь нүүрснээс хоёр дахин бага байх тооцоо бий. “Ид шидтэй” энэ түлшний үйлдвэрлэл ямар байгаа болон түгээлтэд хэрхэн бэлтгэж буйг тодрууллаа.
Дөрөв дөрвөөр нь нийлүүлж, хоёр давхарлан өрж, ус нэвтрүүлдэггүй материалаар хучин эгнүүлсэн “бараа” бол “Тавантолгой” түлш компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлш. Ус, гэрэл аль болох нэвтрүүлэхгүйг бодолцон гялгар уутаар доторлон, нийлэг материалтай уут бэлтгэсэн нь 0.8-1 тоннын даацтай гэнэ. Ийм уутанд савласан шахмалууд хэрэглэгчдэд хүрэхээр нийслэлд байх хоёр “агуулах”-ын нэгд хүлээгдэж буй нь энэ. “Тавантолгой түлш” компанийнхан Баянзүрх дүүргийн X хороо буюу Амгалан өртөөний ачих буулгах ангийн хашааг гурван долоо хоногийн өмнөөс түрээсэлж, түлшээ нөөцөлж эхэлжээ. Нийт 9000 орчим ам метр талбай түрээслэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор 7000 ам метрийг нь ашиглаж буй аж.
Түлшийг төмөр замаар тээвэрлэх нь цаг хугацаа, зардал хэмнэн, их хэмжээгээр зөөх боломж олгож буй тул Амгалан өртөөг сонгосон гэв. Одоогоор энд 4000 орчим тонн түлш хураасан байна. Тус нөөцлөх хашаанд өдөрт 10 орчим ажилчин гурван машин, өргөж, буулгагч техникийн тусламжтайгаар ажиллаж буй аж. Өдөрт 5-10 вагон түлш хүлээн авч, модон тавцан дээр, шаардлага хангахуйц байдлаар өрж хураадаг гэнэ. Нөөцийн нярав Ч.Мөнхбаяр “Бид өдрийн 12 цагаар ажилладаг. Түлшээ ус чийгт автуулахгүй, мөн нарны гэрлээс тодорхой хэмжээгээр халхалсан орчинд байлгах үүрэгтэй. Ажил хэвийн үргэлжилж байна. Гэхдээ сүүлийн өдрүүдэд бороо их орж, түлш ачиж, буулгах, өрөх явцад бага зэрэг норж буй тул аль болох хурдан хөдлөх шаардлага тулгарсан. Энд нөөцөлсөн түлшээр Баянзүрх дүүргийн иргэдийг хангах бөгөөд жижиглэн борлуулалтын цэгүүд рүү түгээж эхлээгүй” гэв.
Нийслэлд одоогоор томоохон 10 цэгээр түлш борлуулж буй. Энэ тоог наймдугаар сарын 15 гэхэд 40-д хүргэх юм байна. Энэ нь дундын цэг буюу жижиглэн борлуулах бусад нэгжээ бүтээгдэхүүнээр хангагч нь болох аж. Үүнээс гадна жижиглэн борлуулах 540 цэг байна хэмээн төлөвлөжээ. Үүний 100 гаруйд нийслэлийн хөрөнгөөр саравч, агуулах зэргийг барихаар тооцсон гэдгийг нийслэлийн ЗДТГ-ын агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлсэн юм.
Мөн шахмал түлшийг хэрхэн борлуулах талаар тэрбээр “Дүүрэг бүрт, гэр хорооллын айлууд дунд олон жил нүүрс борлуулдаг байсан хувь хүмүүс бий. Тэд ачааны машин, саравч, агуулах зэрэг шаардлагатай зүйлстэй. Тэдэнтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Тодруулбал, борлуулсан түлшнийх нь 10 хувийг урамшуулал болгох санал тавьсан. Зарим нь зөвшөөрч, зарим нь татгалзсан. Гэхдээ урамшууллын хэлбэр, хувийг хараахан тодорхойлж батлаагүй” гэсэн юм.
Тэгвэл Баянзүрх дүүргийн XXVII хороонд цөөнгүй жил нүүрс борлуулах ажил эрхэлсэн, зургадугаар сараас шахмал түлш борлуулж буй М.Батсанал ямар бодолтой байгаа бол. Тэрбээр сүүлийн хоёр сар “Тавантолгой түлш” компаниас цалин авч, шахмал түлш заржээ. Түлшний түгээлтийг тус компани хариуцан, М.Батсаналынх саравчиндаа хураан, жижиглэнгээр зарж буй гэнэ. Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд бороо их орж, сэрүүсэж байгаа тул түлшний эрэлт өссөн. Гэтэл өнөөдөр манайд зарах “нүүрс” байсангүй. (долдугаар сарын 30) Өчигдөр авчирсан таван тонн нь дуусчихсан. 1-3 хоногийн хугацаанд тав хүртэл тонн түлш ирдэг ч хаанаа ч хүрэхгүй юм.
Уг нь манайх энэ сарын дунд гэхэд 1000 тонныг нөөцөлчихмөөр байна. Агуулах, саравч ч бий. Тэндээсээ жижиглэн борлуулагчид түгээвэл хүндрэл бага учирна. Хэрэв энэ байдлаар түгээлт муу байвал эрэлт ихсэх хэрээр асуудал тулгарна” гэв. Мөн борлуулалтын урамшууллын 10 хувь гэдэг бага дүн. Дундын түгээлтийн цэгийнхэн өөрсдийн автомашинаар тээвэрлэн авчирч, жижиглэнгийнхнээр заруулах тул хөлс нь хаанаа ч хүрэхгүйг тэмдэглэсэн юм. Түүнчлэн урин дулаан цагт л түгээлтийн асуудлаа шийдэж, дундын цэгүүддээ их хэмжээгээр түлшээ нөөцлөхгүй бол өвөл зутарна гэдгийг дахин дахин хэлж байв.
Харин “Тавантолгой түлш” компанийн ажил хэр явагдаж буй бол. Тус үйлдвэрийг байгуулаад жил орчим болсон ч хангалттай түлш хийн, нөөцөлж чадаагүйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Наймдугаар сар гэхэд дөнгөж 140 000 тонныг бэлтгэнэ гэдэг нийт дүнгийн тавны нэг хувь. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа хэрхэн өргөжүүлэх, хэдий хэр хугацаанд шаардлагатай хэмжээний түлш базаах бол. “Тавантолгой түлш”-ийн Үйлдвэрлэлийн албаны дарга М.Болдбаяр “Бид олон удаа туршилт хийж, технологи болон үйлдвэрийн горимоо сайжруулсны дүнд түлшээ гарган авсан. Үйлдвэр байгуулсан эхний саруудад маш бага хэмжээнийхийг хийж байсан.
Мөн чанарын шаардлага хангахгүй, стандартад тохирохгүй бүтээгдэхүүн ч гарч байсан. Энэ хугацаанд түлшнийхээ чанарыг улам сайжруулж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг өсгөсөн гэж ойлгож болно. Одоогоор зургаан шугам ашиглан, өдөрт 4000 тонн түлш хийж байна. Ирэх гурван сард нэмж гурван шугам ашиглалтад оруулж, үйлдвэрлэлийн хоногийн хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үйлдвэр төлөвлөгөөний дагуу 24 цагаар ажиллаж байна. Есдүгээр сар гэхэд 200 000 тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй. Улмаар уг нөөцдөө тулгуурлан үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, түгээж, борлуулна” гэсэн юм. “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрийн хашаанд 130 000 тонн орчим түлш нөөцөлжээ. Мөн л 4-5 эгнээ зэрэгцүүлэн хоёр давхарлаж өрсөн, 0.8-1 тоннын савлагаатай шахмалууд байхаас гадна 25 кг-ын хэмжээтэй ч байна.
Гэр хорооллын айлуудаас гадна нүүрс түлдэг аж ахуйн нэгж олон бий. Барилга байгууламжийнхаа хажууд жижиг оврын уурын зуух ажиллуулан, халаалтаа шийдсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг ч цөөнгүй. Урьдчилсан тооцоогоор өвлийн улиралд Улаанбаатарт 1000 орчим жижиг, дунд оврын уурын зуух ажилладаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Тэдгээрт нүүрс түлэх, эсэх талаар Д.Мөнхжаргал “Уурын зуухуудын галлаж буй обьект, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нь үнэлэн, тусгай зөвшөөрөл олгоно. Шаардлагатай гэж үзвэл нүүрс түлэхийг нь зөвшөөрнө гэсэг үг. Энэ ажлын бэлтгэлийг хангаж буй бөгөөд хаана, ямар аж ахуйн нэгжийг нүүрсээр халааж болох талаар өвлөөс өмнө мэдээлнэ” хэмээв.
Түүнчлэн одоогоор “Тавантолгой түлш”-ээс өөр сайжруулсан түлш үйлдвэрлэж буй аж ахуйн нэгж байхгүйг тэмдэглэсэн юм. Нэгэнт айл өрхүүдийг түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн “түүхэн” шийдвэр гарсан. Хахир, хатуу өвлийг даван туулдаг бидэнд өнтэй өвөлжихөд нүүрс зайлшгүй шаардлагатай байсан. Гэхдээ нүүрсийг орлохуйц, чанарын шаардлага хангасан, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн, эрэлт хэрэгцээг хангахуйц түлш худалдан авахдаа, хэрэглэж хэвшихдээ хэн ч цааргалахгүй. Харин төр, засаг, холбогдох албад, үйлдвэр нь эл ажилд хэр бэлтгэж буй, ямар дүн тавиулах, хамгийн гол нь хотлоороо хэрхэн өвөлжихийг хүлээх л үлдлээ.