Шүүх нээлттэй, ил тод болсон хэмээн шүүгч нар ч, ШЕЗ нь ч, хууль тогтоогчид ч итгэл дүүрэн ярих болсон. Уг нь шүүх нээлттэй болж байгаа гэдэг нь шүүхээр шийдвэрлэж буй хэрэг маргааны үйл явц, хурал, шүүхээс гарсан шийдвэр олон нийтэд нээлттэй байхыг хэлэх учиртай. Харамсалтай нь сүүлийн үед шүүх хаалттай, мэдээллээ нууцалдаг болж. Өөрөөр хэлбэл, шүүгчид ч, өмгөөлөгч нар ч хууль зөрчиж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Тайванийн иргэн манай улсад тагнуул хийсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хэлэлцэн шийдвэрлэсэн. Мэдээж улсын нууцад хамаарах хэргийг хаалттай хэлэлцэхээр хуульд заасан байдаг. Гэхдээ тогтоох хэсэг буюу хэргийг хэрхэн шийдвэрлэж, ямар ял шийтгэл ногдуулснаа нийтэд ил зарлах ёстой. Харамсалтай нь хурал даргалагч шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа зөрчсөн гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Учир нь энэ хуулийн 34.4-т “Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
Төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хаалттай хэлэлцэнэ. Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж заасан байгаа. Тайванийн тагнуул, түүнд мэдээлэл дамжуулсан монгол хүмүүст холбогдох хэргийг шийдвэрлэсний дараа хэчнээн жилийн ял оноосныг мэдээлэхийн тулд сэтгүүлч, сурвалжлагч нар шүүхээс ч, өмгөөлөгчөөс нь ч тодруулахыг зорьсон ч тухайн өдрөө мэдээллээ шуурхай авч чадаагүй юм. Тэгэхээр хууль хэрэглэдэг шүүгч нар түүнийгээ зөрчөөд байгаа юм биш биз.
Зөвхөн энэ хэргээр тогтохгүй, тус шүүхээр хэлэлцсэн, хар тамхи хэрэглэсэн төрийн албан хаагчийн хэргийг өмгөөлөгчийн үгээр шүүгч шүүх хурлыг хаалттай хэлэлцсэн тохиолдол бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг, хүүхэд холбогдсон, хохирсон хэргийг хаалттай хэлэлцэнэ, бусад хэргийг нээлттэй байхаар хуульчилчихаад байхад өмгөөлөгчийн үзэмжээр шийддэг шүүгч хуулиа мэддэггүй юм уу гэлтэй.
Хэвлэл, мэдээллийн байгууллагынхан олны анхаарал татсан эрүүгийн хэргийн шийдвэрийг уншигч, үзэгчдэдээ хүргэчих гээд өдөржин л хэрэг шийдвэрлэж буй шүүхийн гадаа хүлээдэг, эсвэл олон нийттэй харилцах ажилтныг нь эргүүлддэг. Олон нийттэй харилцах ажилтнууд нь шүүгчийнхээ зөвшөөрлөөр мэдээлэл хүргэчих гээд хурал даргалагчийг тойлон нүүрээ улалзуулан гүйдэг.
Зөвхөн олны анхаарал татсан эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэснийг хэвлэлийнхэн мэдээлэх гэж олон нийттэй харилцах ажилтан руу нь хандахаас гадна нэр, нөлөө бүхий хүмүүсийг цагдан хорьсон, сулласан шүүгчийн захирамжийн талаар сонсох гэж хариу хүлээдэг. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл нэр бүхий шүүгч нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорьсон. Гэвч уг захирамжийг шүүгч нар хэвлэлийнхнээс өдөржин ихэд нууцалсан юм даг. Үүнээс үзэхэд шүүх нээлттэй болсон, эсэх нь эргэлзээтэй.
Шүүгч нар ийнхүү хуулиа үл ойшоодгийн зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн ч бас шүүх нээлттэй байх зарчмыг алдагдуулж байна гэхэд хилсдэхгүй.
Учир нь ШЕЗ-өөс 2015 оны арванхоёрдугаар сарын 14-нд баталсан 77 дугаартай, Журам батлах тухай тогтоол нь хууль зөрчсөн гэхэд хилсдэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд “Шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заачихаад байхад ШЕЗ-өөс баталсан журамд “Эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийн байгууллагын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу бүрэн, эсвэл хэсэгчлэн мэдээлэхийг зөвшөөрөх, татгалзах, хязгаарлах, дуусгавар болгох асуудлыг шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ” хэмээн хуулиас давсан журам баталсан.
Энэ журмын 3.5.1-т “Хэвлэл мэдээллийн байгууллага шүүх хурлыг олон нийтэд мэдээлэх хүсэлтийг хурлын тов гарсан өдрөөс ажлын гурваас доошгүй хоногийн өмнө тухайн шүүхийн Тамгын газарт гаргана” гэж заасан. Өмнө нь шүүх хурал болох өдөр нь хүсэлтээ аваад очиж болдог байв. Гэтэл ШЕЗ хүнд суртал, чирэгдэл гаргасан журам баталсан нь шүүх нээлттэй байх зарчмаас хазайсан хэрэг юм. Өнөө цаг үед хүсэлт бичээд шүүх рүү гүйнэ, хариугаа хүлээнэ, хурал болох өдөр нь шүүх рүү очно, шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хэвлэлийнхнээс хаалттай хийнэ гэж шийдвэрлэвэл сэтгүүлчдийн олон хоногийн ажлыг хөсөр хаяна гэсэн үг. Дээрх журмын 3.5.3-т сэтгүүлч, сурвалжлагч нартай шүүх гэрээ байгуулна гэсэн бүтэхгүй заалт бий. Ямар ч сэтгүүлч ажлаа хийснийхээ төлөө шүүхтэй гэрээ байгуулах ёсгүй шүү дээ.
Эдгээрээс гадна шүүх хурлыг сурвалжлах сэтгүүлч нарыг тусгай төхөөрөмжгүйгээр шүүх хуралдааныг ажиглах эрхтэй талаар тусгаагүй нь бас л шүүх нээлттэй байх зарчмыг алдагдуулж буй юм. Өмнө нь шүүх хурлын танхимд суугаад хурлын явцыг сурвалжилж болдог байсан нь өдгөө үгүй болчихсон. Энэ мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дэх заалт хэрэгжихгүй байгааг шүүгчид ч, ШЕЗ-ийнхөн эргэж харах цаг болжээ.
Г.Равжаа