Осол 2018 оны наймдугаар сарын 3-нд болжээ
Нэгэн иргэн манай редакцад хандав. Зам, тээврийн ослоос болж, хэвтэрт ороод бүтэн жилийн нүүр үзэх гэж буй ээжийгээ асардаг Ц.Энхзаяа бүсгүй “Бөмбөгөр” худалдааны төвийн урд байх эмийн бөөний худалдааны төвөөс ээждээ хэрэгтэй эм, тариа, живх бөөнөөр нь авахаар ирэх далимдаа гэр бүлдээ тохиолдсон явдлын талаар сонинд мэдээлэл өгвөл амьдралд нь хэрэгтэй санагдсанаа өгүүлсэн юм.
Эмэгтэй өнгөрсөн жилийн наймдугаар сард машиндаа ээж, хоёр хүүхдээ суулгаад зуслан руугаа явж байхад нь согтуу жолооч тээврийн хэрэгслээрээ мөргөжээ. Осол аль хэр түвшинд болсныг зурагт харууллаа. Машинд байсан хүмүүсээс хамгийн их бэртсэн хүн бол ээж нь. ГССҮТ-д 45 хоног эмчлүүлсэн ч хөл дээрээ босоогүй аж. Босох нь бүү хэл, суух, ярих чадваргүй чигээр нь эмч нар “Гэртээ сайн асар” гээд гаргажээ.
Ц.Энхзаяа болон түүний гэр бүлийнхэн, ах дүүсээрээ ээжийг хөл дээр нь босгох гэж ихэд хичээн, олон талаар оролдсон ч чадаагүй байна. Гэсэн ч итгэл алдалгүй зүтгэсээр байгаа тухайгаа, нүдэн дээр нь турж, эцэн орны голд жижигхэн хүн-сүг болон хэвтэж байгааг нь харах бүртээ нүд нь халтирдаг гэж ярилаа. Хөл хөнгөн, яриа хөөрөө хөгжилтэй 71 настай эх хүнийг согтуу жолооч ийм болгожээ. Түүнд шүүх хоёр жил хорих ял оноосон. Эмчилгээ, үйлчилгээний зардлыг тооцон 40 гаруй сая төгрөг нэхэмжлэхэд зургаан саяыг нь гаргуулахаар шийдвэрлэж анхан шатны шүүх долоо хоногийн хугацаа олгосон байна. Мөнгийг энэ хугацаа дуусахын өмнөх үдэш цувуулан өгснөөс цаашгүй ийм асуудлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцэхдээ хохирогчдод шүүх хурлын товыг хэлээгүйгээр үл барам, доод шатны шүүхээс олгосон гурван жил хорих ялыг хоёр болгож хөнгөлсөн тухай ярихдаа бүсгүй асгарах нулимсаа барьж дийлэхгүй байлаа.
Согтуу жолооч дайрснаас хойш дотор нь сууж явсан 71 настай хөгшин өнөөдрийг хүртэл хүн танихгүй, хоолоо гуурсаар идсэн хэвээр
Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сараас эгчтэйгээ хамт ээжийгээ асарч байсан ч, эгч нь лизингийн мөнгө төлдөг тул аргагүйн эрхэнд тухайн оны арванхоёрдугаар сард ажилдаа орсон байна. Өдгөө Ц.Энхзаяа өдгөө эхийгээ ганцаараа голдуу асарч байгаа бөгөөд өдөр, шөнө ялгаагүй хоёр цаг тутамд эргүүлж тойруулан, бие нь энд тэндээ шинээр цоорохоос сэргийлдэг аж. Хоолойг нь зүсэж гаргасан нүхээр цэрийг нь соруулдаг гэнэ. Уушги няцарч гэмтсэн тул маш их цэр гардаг юм байна. Хамарт нь тавьсан гуурсаар хооллодог. Ээж юм ярьж чадахгүй, хүн танихгүй. Өдгөө хүлээж авч эмчлэх эмнэлэг байхгүй, нэмж зөвлөх эмч ч олдохоо байсан ажээ. Саяхан нэг эмч “Ээжийнх нь мэдрэл үхжиж байна. Харин зүрх сайн юм” гэжээ. Хэдийгээр эмнэлгийнхэн ингэж хэлсэн ч, түрүү жилийн наймдугаар сард хэдүүлээ зуслан руугаа явахаар инээд хөөр болон машиндаа суугаад хөдөлж байсан тэр үеийнх шиг эрүүл, саруул, цог золбоотой биш юм гэхэд ядаж үр хүүхдүүдээ таниадахаасай, хажууд нь байгааг мэдрээсэй, тэгвэл хорвоог орхихын цагт сэтгэл нь амар байх сан гэж бодохоор согтуугаар дайрч явснаас хойш бараагаа харуулаагүй, Ишгин овогт Гүрбазарын Ариунболд хэмээх 1981 онд төрсөн, өдгөө хийсэн хэргийнхээ төлөө ял эдэлж ч байгаа ч, жилийн дараа гэхэд суллагдаад исгэрээд явж байх тэр залууд гомдоод байна гэдгээ хэлж байлаа. Ослын золиос болсон хөгшин эмнэлэгт ухаангүй байхад нь ч, гэртээ ирсэн хойно нь ч ийм зовлонд унагасан залуу утсаар ч болов ярьж уучлалт гуйгаагүй, ирж уулзаагүй. Ц.Энхзаяа “Тэр залуугийн ээж Сүгжмаа “Чи хохирлын хэмжээг багасгаж, нэхэмжилж байгаа мөнгөнөөсөө 10 сая төгрөгийг хас. Тэгээд гомдолгүй гэж хэл. Миний хүү тэнсэн авчихвал ажил хөдөлмөр хийнэ. Хоёр жилийн хугацаанд үлдсэн хохирлыг чинь барагдуулъя, өөр боломжгүй” гэж хэлсэн. Ингэж болдог юм уу. Би ээжийгээ асрах гээд ажил хийж чадахгүй байна. Эм, тариа, живх үнэтэй. Нааш, цааш явах зардал барагдахгүй. Жилийн хугацаанд дөчин сая байтугай төгрөгийн зардал гарч байна. Бид бас Улсын дээд шүүхэд маш их гомдолтой байна. Дүүрэг болон нийслэлийн шүүхийн шат дараалсан шийдвэрүүд байсаар байтал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гарган зорчигчийг хүнд гэмтээсэн этгээдэд гурван жил хорих ял эдлүүлэхээр заасан байсныг хянахдаа жил нэмэх нь бүү хэл ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүйгээр нэгийг нь хасаж, хоёр жил болгосонд, мөн шүүх хуралд хохирогчийн талаас төлөөлөл оролцуулаагүй зэрэгт гомдолтой байна. Бид бүтэн жил орондоо хэвтэж байгаа ээжийгээ асарч, гэр бүл, хамаатан саднаараа хохирч байхад биднийг ийм болгосон этгээд шоронд хоёр жил ял эдэлснээр бидний хохирол барагдахгүй. Ээж минь эрүүл болохгүй. Амь нас, бие эрхтэн, сэтгэл санаа, эд материалын хувьд ийм ихээр хохирсон Монгол Улсын иргэд хаана хандах ёстой вэ. Уг нь Улсын дээд шүүх асуудалд бодитой, мэргэжлийн хандаж, хохироосон хүнийг шийтгэсэн шиг шийтгэж, нөхөн төлбөр ч гаргуулж өгөх байх гэтэл харин ч гэмт этгээдийг өмгөөлж, хамгаалсан шийдвэр гаргасанд харамсаж байна. Зөвхөн бидэнд тохиолдсон асуудалд ингэж хандав уу, эсвэл хохироогчийн эцэг, эх, хамаатан садан Дээд шүүхэд ажилладаг, эсвэл танил тал нь байдаг болоод ийм, хохирогчдод дэндүү гомдолтой шийдвэр гаргав уу. Би үүний учрыг олмоор байна. Яагаад гэвэл нэг гэр бүлд тохиолдсон асуудал, зовлонд ингэж хандаж байгаа юм чинь цаашид хэдэн ч гэр бүлд энэ маягаар хандах юм билээ. Шүүх байгууллага хууль баримталж ажиллахдаа шударга, бас хүнлэг байх хэрэгтэй биш үү. Анхан шатны шүүх бидний зардлыг баримтаар бүрдүүлж нэхэмжилсэн 41 412 920 төгрөгөөс цувуулж өгсөн зургаан саяыг хасаад үлдэгдэл 36 412 920 төгрөгийн төлбөрийг төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Тэгсэн атал хэрэгжүүлээгүй. Бас нэг байж боломгүй зүйл бий. Дээд шүүхийн хурлын протоколд ээжийн минь биеийн байдлын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч юу гэж хариулсан тухай нь бичээстэй байгаа. Нэг ч удаа эргэж ирж, харж байгаагүй, утсаар ч лавлаагүй хүний хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан хуульч шүүх хуралд үг хэлэхдээ “Энэ хөгшний тавилан нь энэ байхгүй юу” гэсэн. Шүүгдэгчийн талынхан, өмгөөлөгч нь нийлээд хохирсон тал биднийг ингэж доромжилсон. 30 гарсан залуу хүнийг шоронд насаар нь ч юм уу, байлгах гэсэндээ биш, харин хүнийг харахын аргагүй болгочихоод нэг ч удаа эргэж ирээгүй, биеийн байдлын талаар асуугаагүй, мөнгө төгрөг дутагдалтай байна уу гэх зэргээр асууж санаа тавиагүйд нь гомдоод байгаа юм. Хүн ёсны гомдол юм даа” гэж уйлан, хайлан ярив.
Ишгин овогт Гүрбазарын Ариунболд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, настай хүнийг үүрдийн тахир дутуу, ухаан мэдрэлгүй болгосон байна. Энэ үйлдэлдээ өчүүхэн төдий харамсахгүй байгааг түүнээс “Эхээс төрсөн үр мөн үү” гэж асуумаар санагдав. Олон нийтэд хандан зовлонгоо ярьж, ядаж нимгэлэх гэсэн бүсгүйн хүслийг хүндлэв. Хэлэх үгийг нь олон нийтэд хүргэв. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол. Хүний мөс ингэтлээ доройтойгүй байлтай.