Монголын сэтгүүлчид БНХАУ-д зочилсон тухай тэмдэглэлээ үргэлжлүүлэн хүргэж байна. Аяллын явцад хөдөө аж ахуйн бүс нутаг, тэндхийн тариачдын аж амьдралтай голчлон танилцуулсан ч үүгээрээ дамжуулан улсынхаа ололт, амжилтын талаар түлхүү мэдээлж байв. Нийтлэлийн эхэнд Ганьсү мужийн медиа группийн талаар товч мэдээлье. Ганьсүгийн “Өдрийн сонин”-ы хороо 1949 онд байгуулагдсан. Ганьсү сайт 1999 онд үүдээ нээжээ. Гэхдээ өнгөрсөн жилээс хөгжлийн шинэ шатанд гарч, телевиз, сонин, сайт бүхий медиа групп хэлбэрээр дахин “мэндэлсэн”. 79 жилийн турш цуглуулсан мэдээллээ техник, технологи ашиглан Ганьсүгийн хамгийн том мэдээллийн бааз үүсгэжээ. Тус сонин ажлын өдрүүдэд 12, амралтын хоёр хоногт дөрвөн нүүрээр хэвлэгддэг. Өдөрт 150 000 хувь хэвлэгдэн уншигчдын гарт очдог гэнэ. Ланжоугийн өдрийн сонин, Ганьсүгийн тариалангийн мэдээ, Ганьсүгийн эдийн засгийн сонин, Хууль, эрх зүйн сонин, Залуусын уран зохиол, Уншигчдын мэдээ, Шинжлэх ухаан зэрэг дагуул долоон хэвлэлтэй. Түүнчлэн өдөр бүр цахим тандалт хийж, мэдээллийг сонирхож буй уншигчдын судалгаа гаргадаг. Үүгээрээ өдөрт 5000 орчим шүүмж, урмын үг дайсан сэтгэгдэл хүлээн авдаг байна.
Энэ сарын 12-нд бид Ланжоу хотынхны байгуулж буй дүүрэгтэй танилцав. Хотын баруун энгэрт байрлах уулнаас хойхно шинэ дүүрэг байгуулж буй юм билээ. Уул нурааж, ус эргүүлэх хэмжээний их хүчийг эл бүтээн байгуулалтад зарцуулж байгаа гэнэ. Орчны уул, толгодыг тэгшилж, элсэн цөлийг нь ногооруулж, долоон нуур байгуулжээ. Тэдгээр нуур хол хол зайтай ч хөрсөн доогуураа холбоотой гэнэ. Албаны хүн хиймэл гэдгийг хэлээгүй бол бодит биш гэдгийг мэдэх ч үгүй. Шинэ дүүргийг нийт 1774 ам километр талбайд байгуулж байна. Бүтээн байгуулалтын ажил 2011 оноос эхэлсэн ч дуусаагүй хэвээр. Тодруулбал, төлөвлөсөн ажлынхаа гуравны нэг хувийг л нугалжээ. Гэхдээ чамлахааргүй олон зүйл бүтээсэн байсан. Хэдэн хэдэн иж бүрэн хороолол, эмнэлэг, сургууль, дөрвөн ч их сургууль, оюутны дотуур байр, худалдааны төв, банк байгуулаад амжжээ. Мөн энд Ази Номхон далайн эрчим хүчний машины үйлдвэрийг байгуулсан байв. Тиймээс эндхийн иргэд голдуу цахилгаан машин унадаг. Төрөөс цахилгаан машин хэрэглэхийг бодлогоор дэмжиж буй. Тухайлбал, цахилгаан машин авсан хүнд 80 000 юанийн татаас өгдөг аж. Түүнчлэн экологийн хүрээлэн, өрөмдлөгийн үйлдвэр эл дүүрэгт бий. Удахгүй таван одтой зочид буудал ашиглалтад оруулна. Хүүхэд залуучуудын усан парк, үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь ашиг орлого ихтэй байгаа гэнэ. Усанд парк өдөрт 20 000 орчим хүнд үйлчилдэг. Цагтаа дэлхийд тэргүүлж байсан Бээжингийн усан паркаас хэд дахин том гэдгийг нутгийнхан онцолсон. Мөн кино зураг авах тусгай хотхон байгуулсан нь анхаарал татахгүй байхын аргагүй.
Төрийн албан хаагч суурьшлын шинэ бүсэд байр авахад хөнгөлөлт үзүүлнэ. Орон сууцны үнийн ам метр тутамд 1000 юань хасдаг гэнэ. Эхний ээлжид төрийн албан хаагчдыг шинэ орон сууцанд оруулна. Байр үлдвэл бусад бизнесмен, хувийн хэвшлийн салбарын ажилтнууд авах боломжтой юм байна. Эндхийн байрны нэг ам метр талбайн өртөг 5600, өндөр зэрэглэлийнх бол 6400 юань аж. Мөн газрыг нь авсан тариаланчдаа орон сууцанд оруулсан гэв. Үүнээс гадна тэдэнд хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж олгосон байна. Тариачид нийтийн бус, амины орон сууц захиалдаг болжээ. Дүүргийн захаар сүндэрлэсэн ихэнх хаус тариачдынх гэдгийг тус дүүргийн албан хаагч хэлсэн юм. Хаусны үнэ нэг ам метр нь 9000 орчим юань аж. Шинээр сүндэрлүүлж буй хэд хэдэн хороолол зам зуур таарсан. Тэдгээр нь бүгд зарагдсан гэнэ. Барилгын компаниуд нь төрөөс ихээхэн дэмжлэг авдаг тул дампуурахгүй, найдвартай гэсэн.
Гудамж, талбайн хоёр зах, орон сууцнуудын дунд нарс, гацуур, уд мод олноор тарьжээ. Элсэн цөлд өдий төдий мод тарьж, үүнийгээ ургуулсныг харахад таатай байлаа. Өмнө нь энд орох хур тунадасын хэмжээ жилд 20 мм байсан бол өдгөө 400 болж өссөн гэв. Мөн шинэ дүүрэгт 300 мянган иргэн суурьшжээ. Дүүргийн хурдны зам найман эгнээтэй.
Дараа нь дүүргийн захад байрлах орчин үеийн, бас үлгэр жишээ хөдөө аж ахуйн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Эхний ээлжийн хүлэмжүүдэд 2.2 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. Паркийн нийт талбай 634 га. Тодорхой хураамж төлж, парк руу нэвтрээд жимс жимсгэнэ түүж, хэрэгцээт ногоогоо авдаг. Энд зөвхөн ногоо тарихгүй, аялал зугаалга, амралт, чөлөөт цаг өнгөрөөх хотхоныг цогцоор нь барьжээ. Бүр тодруулбал, худалдаа, шинжлэх ухааны туршилтын бүс, хүнсний ногоо, жимсний суурин, тариалангийн талбай, жуулчлалын болон амралт, торгоны замын бүс зэрэг газартай. Үүнээс гадна хүлэмжийн болон газар тариалангийн бүтээгдэхүүн хадгалах болон тоног төхөөрөмжийн төвтэй. Үлгэр жишээ хөдөө аж ахуйн паркт ухаалаг систем ашигладаг. Тариалсан ногоо, жимсээ услах, хорхой шавьжнаас сэргийлэхийн тулд ганц товчлуур дарахад л хангалттай. Тухайлбал, улаан лоолийн хүлэмжийг бүхэлд нь камераар хянана. Хүлэмж доторх температур 28 градус хүртэл халдаг ч өөрөө унтрах аж. Эл парк олон хүлэмжтэй. Нэг хүлэмж 10 метр урт 100 метр өргөн. Хүлэмжид анхнаас нь химийн бордоо ашиглахгүйгээр ногоо ургуулж буй. Бидний орсон эхний хүлэмжид улаан лооль тарьсан харагдав. Нийт 200 мү талбайд улаан, хар, ногоон лооль тариалжээ. Хамгийн амттай, аминдэмээр баялаг нь хар лооль. Улаан лоолийн нэг бут 5-6 метр өндөр. Нэг бутнаас жилд хэдэн ч удаа ургац авч болно. Тодруулбал, хагас сард нэг хурааж авдаг. Нэг мү талбайгаас жилд 5000 кг ургац хураадаг. Нэг кг улаан лоолийг 30 юаниар худалддаг аж. Тариалсан ногоогоо цахим сүлжээгээр борлуулахаас гадна хөрш зэргэлдээ мужийн супермаркетуудаар тараадаг. Орчин үеийн хөдөө аж ахуйн паркийн хүлэмжийн ногоонууд эрэлт хэрэгцээ ихтэй тул хурааснаас хойш 48 цагийн дотор дуусчихдаг гэсэн. Мөн бусад хүлэмжид шийгуа, хурган гуа, гүзээлзгэнэ, тоор, луугийн нүд зэрэг 30 нэр, төрлийн жимс, сараана, сарнай цэцэг тарьж ургуулсан харагдав. Цэцгүүдээ улс орон даяар борлуулдаг. Энэ жил эрвээхий цэцгийн шинэ төрөл гарган худалдаанд нэвтрүүлжээ. Бохирдолгүй хөрсийг чухалчилж буй тул наргил модны самарын хальс, шувууны сангас ашиглан хөрсийг орлуулж, ногоогоо тарьжээ. Зарим ногоо усанд ургаж байв. Дэлхийн чиг хандлага ч хар шороонд бус, хиймэл хөрсөнд тариалалт хийхийг чухалчилж эхэлснийг тус паркийн дарга онцолсон. Ухаалаг технологитой тул цаг хугацаа, мөнгө хэмнэдэг. Мөн тариалж буй бүтээгдэхүүнийхээ чанарт 100 хувийн баталгаа өгдөг аж. Тиймээс эл паркийнхан бүтээн байгуулсан зардлаа богино хугацаанд нөхөж, хэдийн ашиг хүртэж эхэлжээ. Бүтээн байгуулалтын ажил бүхэлдээ дуусвал жилдээ 310 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллах тооцоо гаргажээ. Цаашдаа паркийн барилгын ажил бүрэн дуусгахад жил гаруйн хугацаа шаардлагатай.
Үдээс хойш бид Ганьсү мужийн төв музейг сонирхлоо. Шар мөрний эрэгт байрладаг музей нэн эртний үзмэртэйгээрээ дэлхийд алдартай. 18 танхимтай, тэдгээр нь өнгө үзэмж төгөлдөр, гоёмсог загвартай байв. Үүнээс гадна дурсгалт зүйлс, сан хөмрөгийн өргөө, хамгаалалтын газартай. Өдгөө музейд 100 орчим мянган үзмэр бий. Нэгдүгээр зэргийн төрийн эрдэнэд тооцогдох 686, хоёрдугаар зэргийн түүхэн эх сурвалжийг харуулсан 2606, гуравдугаар зэргийн 48 164 үзмэр бий. Эдгээрээс гойд анхаарал татсан нь 99 ширхэг тэнгэрийн морь хэмээх үзмэр. 2000 жилийн өмнө Ганьсүд урласан гэх ул мөр үзмэрээс олджээ. Түүнчлэн монгол язгууртны бунхан байсан. Энэ хүнийг долоон хаалга бүхий өөрийнх нь амьдарч байсан ордны дүрстэй авсанд хийж оршуулжээ. Тухайн үед хаан хүнийг есөн хаалгатай байшин бүхий авсанд хийдэг байсан гэж музейн тайлбарлагч хэлсэн. Түүнчлэн Хан улсын үед нэг метр торгыг 297 гр алтаар арилждаг, тухайн үеийн нэрийн хуудас ямар байсан зэрэг сонирхолтой зүйл олныг ярьсан. Өдрийн төгсгөлд Ланжоу хотын удирлага биднийг тусгайлан хүлээн авлаа. Хүлээн авалт Шар мөрний эрэг дэх 25 давхар шилэн цамхагт болсон. Энэ үдэш дэлхийд алдартай үзүүлбэрүүдийг толилуулав. Тухайлбал “Торгоны замын цэцгэн бороо”, “Дүн Хуангийн мөрөөдөл” зэрэг жүжгийг үзэж, нүд сэтгэлээ баясгасан билээ. 25 давхраас гадагш ширтэн сууж байхад Шар мөрний хөвөөнөө энд тэндгүй жижиг усан онгоц хөвнө.
Гадаад, дотоодын жуулчид усны мандалд үдшийн зоог барьж буй ажээ. Өнөөдрийн сонин хачин энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн удаа Жю Чуань хотын газар тариалан хийгээд Цагаан хэрмийн баруун захад очсон тухайгаа хуваалцах болно оо.