“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэмлэхүй олонх хүч түрэн батлах нь” хэмээн хэл амаа билүүдэж байсан хүмүүс хэлэлцэж, зөвшилцөхөөр нэг ширээний ард суух боллоо. Аливаа улсын хувьд “нийгмийн гэрээ” гэгддэг, зөвшилцлийн дээд хэлбэрийн илэрхийлэл болж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдав. 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа ард түмнээс асуух нь битгий хэл, хагас өдөр хуралдаад л алх цохисныг эс тооцвол Үндсэн хууль гэдэг үндсэндээ зөвшилцлийн илэрхийлэл байдаг.
Юутай ч эвтэй байхдаа хүчирхэгждэг Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч нь зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж байгаа нь лав л харахад, сонсоход сайхан юм. 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа ч төслийг нь боловсруулах, хэлэлцүүлэхэд анхны Ерөнхийлөгч ажлын хэсгийг нь ахалж байсан юм билээ. Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ эдэлж, саналаа хуулийн төсөл болгон боловсруулчихсан Ерөнхийлөгчийн үзэл бодлыг УИХ үл тоох мэт аашилсангүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах хуулийн шаардлага буюу нэр бүхий долоон байгууллагаас заавал авах ёстой саналын хүрээнд Засгийн газар, Цэц зэргээс Ерөнхийлөгчийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн ч УИХ-д ирсэн хойноо ийнхүү зөвшилцлийг эхлүүлэв.
Төрийн тэргүүн хийгээд түшээдийн төслийг хамтатган хэлэлцэх боломжийн эрэлд тэд хамтдаа гарлаа. Ер нь бол УИХ Ерөнхийлөгчийн төслийг гишүүдээс өргөн мэдүүлсэнтэй саналын түвшинд зэрэгцүүлж хэлэлцүүлэх боломжтой гэж үзээд буй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4 дэх хэсэгт “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасны дагуу ажлын хэсэг хуралдаж, тайлбар, үндэслэлээ боловсруулаад байгаа. Тэд цаашид ч ажиллана. УИХ дахь олонхын бүлгийн цөөнгүй гишүүн Ерөнхийлөгчийн төслийн зарим саналыг дэмжиж, тун нааштай хандаж буйгаа илэрхийлээд амжсан.
Мөн өмнөх хэлэлцүүлэгт огт оролцолгүй, хуралдаандаа суугаагүй АН-ынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцож, Ерөнхийлөгчийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэн, идэвхтэй ажиллахаа мэдэгдэв. Төрийн тэргүүний санаачилсан төслүүдээс тодорхой саналуудыг нь ч дэмжиж буй аж. Тус намынхныг ахалж буй гишүүн Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчийн саналыг авахгүй, бусад намтай зөвшилцөхгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчээр шийдэж болохгүй гэдэг үүднээс анхдугаар хэлэлцүүлэгт оролцоогүй. Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслийн олон саналтай АН-ын гишүүд санал нэгдэж байгаа учраас зөвшилцлийн ажлын хэсэгт орж байна” гэсэн юм.
...Сар гаруйн өмнө УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг даргадаа өргөн барьж байхад “Миний саналыг асуусангүй, төслөө ч илгээсэнгүй” хэмээн хатуухан үг чулуудаж байсан Төрийн тэргүүн өдгөө өнөөхөөс нь дутуугүй том төсөл боловсруулчихсан байгаа нь үүний баталгаа...
Зөвшилцлийн үр дүн чухам юугаар илрэхийг өнөөдөр хэлэхэд эрт байж мэдэх ч сайн, муугаа ярилцахаар ойлголцоно гэдэг муу зүйл биш. Зөвшилцлийг хангах, аль болохоор нэгдсэн ойлголт, нэгдмэл байр суурьт хүрэх үүднээс ийм ажлын хэсэг байгуулж, Төрийн тэргүүнээрээ ахлуулан ажиллах гэсэн чин эрмэлзэл аль аль талд нь байгаа бол бүр ч сайн хэрэг. Одоо л олон нийтийн оролцоог бодитой хангаж, Төрийн тэргүүн нь манлайллаа харуулан, ардчиллын үнэт зүйлсийг бататгах цаг. Тэгээд ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Эцэг хууль”-ийг хөндөх үйл ажиллагааны бүх үе шатанд УИХ, хууль санаачлагч нь Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах, ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх үндсэн зарчмыг баримтлахаар заасан.
Эдгээрийг баримтлахын тулд төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах, иргэдэд саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоо олгох, цаашлаад хэлэлцүүлгийн үе шат хооронд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, санаа бодлыг нь судалж, харгалзан үзэхээр хуульчилсан. Тэр ч бүү хэл төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоохоор хуульчилжээ.
Ийнхүү зөвшилцлийн хүрээнд “эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй”, хэн хэнийх нь саналыг тусгаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчихвал 64 гишүүнтэй МАН-ынхан хүч түрэн шийдсэн гэх шүүмжлэлийн эрч гарцаагүй саарна. Зөвшилцлийн ажлын хэсгийг ахлах саналыг тэд Төрийн тэргүүнд тавихдаа ч үүнийг бодолцсон нь гарцаагүй. Цаашлаад Ерөнхийлөгчийн зарим саналыг тусгачихвал заавал ард нийтийн санал асуулга явуулах хэрэг байна уу гэж асуух үндэслэл бүрдэж мэднэ. Нийт ард түмний элч, төлөөлөгч болсон УИХ, тэндээс байгуулсан Засгийн газар, басхүү ардчилсан, чөлөөт сонгуулийн үр дүнд олон нийтээс тодордог Ерөнхийлөгч нарын зөвшилцөл нь монгол хүн бүрийн оролцоог яагаад хангаагүй гэж.
Ард иргэд нарийн ширийн заалтууд руу айхтар өнгийхгүй л байгаа болохоос Үндсэн хуулийн өөрчлөлтийн эсрэг гар өргөхгүй байгаа шүү дээ. Үнэндээ ард нийтийн санал асуулга явуулбал сонгууль зохион байгуулахаас илүү юү гэхээс дутуугүй ажил ундарна л даа. Тэгээд ч парламентын түвшинд хоёр дахь хэлэлцүүлгийг хэдийн эхлүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эл төсөл өнөөдрийг хүртэл олон зүйл давж ирсэн учраас ингэсгээд хаягдаж болохгүй. Үгүй бол УИХ-ын гишүүдийн хийгээд Ерөнхийлөгчийн төслийн хүрээнд хөндөгдөөд буй бүх заалтыг дараагийн найман жилийн турш хөндөх нь хориотой. Гоё нэртэй ажлын хэсэг байгуулан, Ерөнхийлөгчөөр ахлуулан, санаа оноог нь авсан нэртэй, хөлд нь сууж батлуулчих зорилго ч байхыг үгүйсгэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрийн гараар хийхээ амласан Ардын намынханд бодол бий биз ээ.
Мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулгад ч бодол бий. Сар гаруйн өмнө УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг даргадаа өргөн барьж байхад “Миний саналыг асуусангүй, төслөө ч илгээсэнгүй” хэмээн хатуухан үг чулуудаж байсан Төрийн тэргүүн өдгөө өнөөхөөс нь дутуугүй том төсөл боловсруулчихсан байгаа нь үүний баталгаа. Хэдийн эхний хэлэлцүүлгээ давж, сая нэг амьсгаа авахтай хамт төслөө өргөн мэдүүлсэн нь магадгүй илүү холыг харсан нүүдэл байж ч мэднэ.
Харин УИХ дахь МАХН-ын ганц гишүүн О.Баасанхүү гомдлоо цахим хуудсаараа илэрхийлсэн байна лээ. Тэрбээр “Хуульч хүнийг Хууль зүйн байнгын хороонд оруулахгүй, намын төлөөллийг нь Үндсэн хуулийн ажлын хэсэгт багтаахгүй байна гэдэг доромжилж байгаа хэрэг. “Алж, устгаагүй нь их юм” гэж МАН-д баярлалаа гэх үү хаашаа юм” хэмээн тун чиг ёозгүй буйгаа илэрхийлсэн байна. Уг нь “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” хэмээх нам байгуулахаа зарлаад буй Л.Болд гишүүнийг ч зөвшилцлийн ажлын хэсэгт багтаасан байна лээ. Магадгүй түүнийг ардчилсан Үндсэн хууль баталж явсных нь төлөө багтаасан биз. Юутай ч О.Баасанхүү гишүүний гомдлоос харахад парламентад суудалтай намуудын төлөөллийг бүрэн хангасан гэж хэлэхэд бас учир дутагдалтай аж.
Ингэхэд ШИНЭ намынхан уг зөвшилцлийг дэмжиж байгаа юм билээ. Тэр ч бүү хэл ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг томилох саналыг тус намын зүгээс гаргаж байсан хэмээн Ж.Батзандан гишүүн онцолсон. 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхдээ парламентад суудалтай намуудын төлөөллийн байр суурийг бүрэн нэгтгэж, зөвшилцөн ажиллаж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт дарга онцолсон. Түүнчлэн улс төрийн намуудын саналыг төсөл боловсруулах үе шат бүрт авч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ч төсөлтэй холбоотой саналуудаа илэрхийлэх боломж нээлттэй гэдгийг ч хэлж байв.
Ташрамд дурдахад, гишүүн М.Билэгт зөвшилцлийн ажлын хэсэгт эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй талаар шүүмжлээд амжив. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын хэлсэнчлэн хүйсийн гэхээс илүү субъектийн төлөөллийг зөвшилцлийн ажлын хэсэгт багтаах зарчим барьсан аж.
Зөвшилцөл зөвд хүргэг.