Гурван жил шахам үргэлжилсэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажил сая нэг цэгцэрч, УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа билээ. Төсөл санаачлагч, хууль тогтоогчид энэ сарын 24-нд төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, УИХ-аар батлах уу, ард нийтийн санал асуулгаар батлах уу гэдгээ эцэслэн шийднэ хэмээн төлөвлөж байв. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэг байр суурь илэрхийлж, саналаа өгөөгүй өнөөг хүрсэн Төрийн тэргүүн уржигдар 50 шахам заалт бүхий нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д хүргүүлсэн нь байдлыг тун ч ээдрээтэй болгож орхилоо. Үндсэн хууль бол ард түмний зөвшилцөл, ойлголцлын баримт бичиг гэвэл түүний саналыг харгалзан үзэж, зөвшилцөн, ойлголцохоос аргагүй. Ингэхийн тулд багагүй хугацаа зарцуулж, өмнөх төлөвлөгөө талаар болох нь. Хэрэв ойлголцож, зөвшилцөж чадахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдах, эсэх нь ч эргэлзээтэй болж мэдэх юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг хэдийн дуусаж, хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлсэн энэ үед ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэрхэн эвтэйхэн шийдэх вэ гэдэг нь эрх баригчдын толгойны өвчин болох шинжтэй. Хуульчид “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т “Урьдчилан тогтсон зөвхөн нэг төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Өөр, өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” хэмээн хуульчилсан.
УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхний боловсруулж, өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийчихсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн “Санал” гэсэн толгойтойгоор оруулж ирсэн төслийг УИХ тусад нь хэлэлцэхгүй. УИХ-аар хэлэлцээд эхэлсэн төслийн хүрээнд, энд байгаа зүйл, заалтуудтай холбоотой санал Ерөнхийлөгчөөс ирсэн бол түүнийг зарчмын зөрүүтэй санал гэж тооцон хэлэлцэх боломжтой” гэж байгаа.
Сонгуулийн холимог тогтолцоог “Эцэг хууль”-д зааж өгөх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, хугацааг таван жил болгох зэрэг дэмжиж болохоор заалт Ерөнхийлөгчийн ирүүлсэн төсөлд байгаа талаар хуульчид хэлж буй. Монгол Улсад сонгуулийн холимог тогтолцоо тохиромжтой, үүнийг сонгох нь зөв гэдэгт эрдэм тэн судлаач, улстөрчид санал нэгдээд байгаа бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ч энэ тухай заалт бий. Харин Ерөнхийлөгч үүнийг илүү тодорхой, шууд тусгаж өгөх хэрэгтэй хэмээн үзэж, “УИХ нэг танхим тай, 108 гишүүнээс бүрдэх бөгөөд 54 гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, 54 гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно” гэсэн заалт оруулахаар санал болгожээ.
Тэрбээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналаа “Парламент төлөөллийн байгууллага учраас хүн амын тоотойгоо уялдуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тоог 76 хэмээн тогтоож байхад Монгол Улс хоёр сая орчим хүн амтай байсан бол өдгөө гурван саяд хүрсэн. Энэ нь ийм өөрчлөлт хийх шалтгаан мөн” хэмээн тайлбарлаж буй.
Мөн УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг нэг жилээр нэмж, тав болгох нь дэвшүүлсэн бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа алдаа оноо, үр дүнг үзэх боломж олгож буй хэрэг гэсэн. Судлаач, эрдэмтэд, УИХ-ын гишүүдээс дээрх заалтуудыг дэмжиж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгахад буруудах юмгүй гэсэн байр суурь мэр сэр сонсогдож байна.
Харин бусад зүйл заалтыг “Маш будилаантай, хууль зүйн техник, онолын боловсруулалт гээд хаанаас нь ч харсан тун муу төсөл” хэмээн хуульч, судлаачид тодорхойлж буй. Дээр дурдсан, олон нийтийн анхаарлыг онц ихээр татаж буй, бас дэмжлэг авч мэдэхээр байгаа заалтуудын цаана өөхөнд боосон чулуу шиг эвгүй санаанууд бий талаар ч хуульчид анхааруулж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй биз.
Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн саналыг “Үндсэн хуульт байгууллыг аюулд оруулж мэдэх төсөл. 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах, парламeнтын тогтолцоонд “Баяртай” гэж хэлээд, Eрөнхийлөгчөөр удирдуулсан дарангуйллын дэглэм рүү шилжих төсөл байна” хэмээн тодорхойлсон. Үүнийгээ тайлбарлахдаа тэрбээр “Ерөнхийлөгч хэд хэдэн байгууллагаар дамжуулан Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга энэ төсөлд байна.
Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон нөлөөн дороо байгуулах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газрын хөтөлбөрийг хянуулж, шийдвэрлүүлэхээр заажээ. (39.5. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй, эсэхийг ҮАБЗ хэлэлцэн шийдвэрлэнэ. 39.6. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй, эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлнэ) Мөн шударга бусын хонгилын түлхүүрийг өгөхгүй
ЗААЛТУУД гэдгээ Eрөнхийлөгч мэдэгдэв. Ерөнхийлөгч шударга бусын хонгилын түлхүүр (шүүх, ШEЗ, УEП, АТГ-ыг хурууны үзүүрээрээ хөдөлгөх төвлөрсөн эрх мэдэл)-ээрээ үгийг нь сөрсөн бүх нийг нам дарна” хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
УИХ-ын даргад хүргүүлээд буй, дуулиан дагуулсан төслөөс гадна санал өргөн мэдүүлэх тухай албан бичигтээ Ерөнхийлөгч “УИХ-аар хэлэлцэж буй төслөөс 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь заалтыг хасах санал гаргаж байна” гэсэн ганц өгүүлбэр шигтгэсэн нь хүмүүсийн анхаарлын гадна үлдээд буй. Энэ талаар доктор О.Мөнхсайхан “Эдгээр заалтыг хасах гэж буй нь хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэхийг эсэргүүцсэн хэрэг” хэмээгээд “Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээн авбал Үндсэн хуульд оруулах бусад нэмэлт, өөрчлөлтийн үр дүн огт гарахгүй.
Учир нь “шударга бусын хонгил”-ын түлхүүр гарт нь байхад Ерөнхийлөгч УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Eрөнхий сайд, намуудын нөлөө бүхий хүмүүсийг өөрийн дураар хөдөлгөнө. ҮАБЗ дээр Eрөнхий сайд, УИХ-ын дарга нар Eрөнхийлөгчийн өөдөөс юу ч хэлж чадахгүй, үгээр нь байдаг болно. Тэгээд өөрийн биeэр болон ҮАБЗ-өөр дамжуулан бүхнийг хянаж, удирдана” хэмээн Төрийн тэргүүний саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.
Анхаарлаас гадуур үлдээд буй дээрх ганц өгүүлбэрт Ерөнхийлөгчийн саналын гол зангилаа оршиж байгаа гэвэл “нохой шуугиулаад” буй 50 шахам заалттай төслийг өнгөлөн далдлалт гэж болох нь. Биднийг 108 гишүүний тоо ярьж байх хооронд Ерөнхийлөгч хууль, шүүхтэй холбоотой эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд “шударга бусын хонгил”-ын түлхүүрээ “хулгайлах” гэж байгаа юм биш үү.