Сонгинохайрхан дүүргийн III хороонд байрлах айлын хашаанд буулгасан хар шороо
Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс 1998 оноос эхлэн жил бүр хар шороо олборлож иржээ. Энэ хугацаанд 100 000 гаруй шоо метр хар шороо ашигласан байна. Зөвхөн хотыг цэцэрлэгжүүлэх зорилгоор 2016 оноос хойш жил бүр 5000-8000 шоо метр хар шороо олборлосон гэсэн тоон мэдээлэл бий. Энэ онд 15 000 шоо метрийг олборлох хүсэлтээ аж ахуйн нэгжүүд нийслэлийн Байгаль орчны газрынханд тавьсан байна.
Энэ тоо цаашид өсөх нь дамжиггүй. Тэр хэрээр эвдрэлгүй, хөрс сайтай газрын талбай, хэмжээ буурч, тоосжилт, цөлжилт үүсэх магадлал өндөр. Учир нь хар шороо хязгаарлагдмал нөөцтэй.
Нэг шоо метр хар шороо олборлох бүрт 400 төгрөг авч, олборлох зөвшөөрлийг холбогдох газруудад өгөөд (нийт 8500 шоо метр олборлосон) 2011 онд 3.4 сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгажээ. Харин энэ онд 2000 шоо метр хар шороо олборлох эрхийг нийслэлийн Хот тохижилтын газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, дүүргийн Тохижилт үйлчилгээний зэрэг цөөн хэдэн газарт олгож, гурван сая төгрөг төсөвт төвлөрүүлсэн аж. Өдгөө нэг шоо метр хар шороог 1000 төгрөгөөр буюу хэтэрхий доогуур үнэлж байгааг эрдэмтэд хэлсэн.
ХААИС-ийн Агро экологийн сургуулийн Хөрс судлалын тэнхимийн багш, доктор Н.Дамбадаржаа “Хар шорооны нөөцийн талаар хийсэн судалгаа одоогоор алга. Түүний нөөцийг тодорхойлоход асар их цаг хугацаа шаардана. Бид өнгөрсөн онд Улаанбаатар хот орчмын хар хүрэн хөрсний тархалтын судалгаа хийсэн. Нөөцийн талаар ярьдаг боловч хийсэн ажил байдаггүй юм билээ. Нөөц нь шавхагдаад дуусаж байгаа гэхэд хилсдэхгүй. Уг нь хар шороон хөрсний нөөцийн талаарх судалгааг нарийвчилж гаргавал үр дүн, тоо баримт ихтэй чухал ажил болно. Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутагт орших Тахилт, Баруунтуруун, Зүүнтурууны амнаас сүүлийн 20-30 жилд хар шороо олборлосон. Газар ухаж хар шороо олборлох нь хөрсний доройтол үүсгэх нэг шалтгаан юм.
...Манай орон эрс тэс уур амьсгалтай учраас хөрс үүсэх явц маш удаан гэдгийг эрдэмтэд баталсан. Нэг см өнгөн хөрс бий болж, үржил шимтэй болтлоо 300, түүнээс ч олон жил шаардлагатай гэсэн. Харин сэндийлж, сүйтгэхэд хэдхэн минут л хангалттай. Тиймээс хар шороон хөрсийг олборлох нь сөрөг нөлөө ихтэйг судлаач нар өгүүлсэн..
Манай орны хөрс эмзэг. Нийт газар нутгийн 6.3 хувийг л хар шороон хөрс эзэлдэг. Хар шороо олборлосноор хөрс эвдэрч, цөлжилт үүсээд зогсохгүй тухайн газрын экосистем бүрэн устах эрсдэлтэй. Хүний буруутай энэ үйл ажиллагаа хөрс элэгдэх үйл явцыг 10-40 дахин нэмэгдүүлж байна. Хөрс доройтуулахгүйгээр хар шороо олборлоно гэсэн ойлголт огт байхгүй. Нөхөн сэргээлт хийсэн ч хуучин байсан экосистем бага зэрэг бүрдэж, шинэ хөрс бий болох үйл явц маш удаан үргэлжилдэг юм. Тиймээс ч дэлхийн 75 тэрбум тонн хөрс буюу 10 сая га газар эвдэрч, доройтжээ. Сүүлийн жилүүдэд манай улсад ч хөрсний эвдрэл нэмэгдэх хандлагатай байгаа. Гэтэл нэг шоо метр хар шороог 1000 төгрөгөөр үнэлж байгаа нь олон улсынхтай харьцуулахад бага үзүүлэлт” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 1998 оны 29 дүгээр тогтоолоор хар шороо ашигласны төлбөрийг 400 төгрөгөөр анх тогтоож байв. Хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар нийслэлийн Хот тохижилтын газар, хэлтсүүд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Цэцэрлэгжилт” ХХК зэрэг эрх бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжид 2011 он хүртэл жил бүр дээрх мөнгөн дүнг төлөхөөр тооцож, хар шороо олборлох эрх олгож байжээ.
Цахим хуудсанд “Хар шороо зарна” гэсэн зар цөөнгүй байна
Хөрс бол газрын гадаргын өнгөн, сэвсгэр үржил шимтэй хэсэг. Манай орон эрс тэс уур амьсгалтай учраас хөрс үүсэх явц маш удаан гэдгийг эрдэмтэд баталсан. Нэг см өнгөн хөрс бий болж, үржил шимтэй болтлоо 300, түүнээс ч олон жил шаардлагатай гэсэн. Харин сэндийлж, сүйтгэхэд хэдхэн минут л хангалттай. Тиймээс хар шороон хөрсийг олборлох нь сөрөг нөлөө ихтэйг судлаач нар өгүүлсэн. Дэлхийд нэг грамм хөрс үйлдвэрлэсэн орон байхгүй. Хөрсийг үйлдвэрлэх боломжгүй учраас нөөц дуусахаас өмнө сэндийчсэн газраа нөхөн сэргээх ёстой аж.
Гэтэл компаниас нэг га газрыг нөхөн сэргээхэд ойролцоогоор 12 сая төгрөг зарцуулдаг гэнэ. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага, хувийн компаниудын олдог орлогын ердөө 10 гаруй хувь нь гэхэд хилсдэхгүй. Хар шороо олборлогчид нэг га газар сэндийчээд хэдэн төгрөг олдгийг барагцаагаар тооцож үзье. Нэг га газар 10 000 ам метр талбайтай тэнцэнэ. Хөрсийг 20-25 см гүн ухаж байж хар шороо авна. Уг гүнийг 0.25 м гэж тооцъё. Хар шорооны нягт ойролцоогоор 1000-1200 кг шоо метр. Дээрх үзүүлэлтүүд буюу нүхний гүн, хар шорооны нягт, талбайн хэмжээг үржүүлбэл нэг га талбайгаас ойролцоогоо 2750 тн хар шороо олборлодог гэж болно.
Нэг тонн шороог зах зээлд 50 000 гаруй төгрөгөөр худалдаж байна. Тэгвэл нэг га талбайгаас дунджаар 137 сая 500 мянган төгрөг олдог гэсэн үг. Түүнээс ойролцоогоор 2 750 000 төгрөгийг хар шороо олборлосны төлбөрт тушаана. Тээврийн зардал, техник хэрэгсэл, ажилчдын цалин, татвар зэргээ төлсөн гэж тооцсон ч цаана нь сэндийчсэн газраа нөхөн сэргээхэд хангалттай мөнгө үлдэнэ.
Манай улсад хар шорооны нөөц байгаа, эсэхийг холбогдох албаныхнаас тодруулав. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “ХААИС-ийн эрдэмтэн, багш нартай хамтарч өнгөрсөн жил судалгаа хийлгэсэн юм. Нийслэлд хар шорооны нөөц гэхээр газар үлдээгүй. Олборлолт явуулсан газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэдэг ч унаган төрхөндөө эргэж орохгүй. Хар шороон хөрс бүрэлдэн тогтох хугацаа урт тул тоосжилт үүсэх нэг шалтгаан болсоор байгаа юм. Иймд хар шороо олборлох асуудлыг үе шаттай бууруулах шаардлагатай. Ногоон байгууламжийг заавал байгалийн хар шороо бус, түүнийг орлох бордоо болон эко бүтээгдэхүүн гарган авах боломжуудыг эрэлхийлэх нь чухал байна. Ингэх нь хөрсний доройтол үүсэхээс сэргийлэхэд ач холбогдолтой. Манайхаас зөвхөн нийслэлийн Хот тохижилтын газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудад хар шороо олборлох зөвшөөрөл олгож байгаа. Цаашид хар шороо олборлохыг хориглох захирамж гаргахад бэлэн болсон. Ирэх жилээс хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглох тухай асуудал. Харин алслагдсан дүүргүүдээс олборлохыг хориглохгүй байхаар зохицуулалт хийнэ” гэв.
Хар шороо олборлох асуудлыг цэгцлэх санаачилга гаргаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ нийслэлийн хар шорооны нөөцийг ашиглаад дуусчихсан, дээрх захирамж гараад хэрэгжих хүртэл алслагдмал дүүргүүдийн нутаг дэвсгэрээс өмнөх шигээ замбараагүй ашиглаж болно гэсэн үг үү.
Нөхөн сэргээх ажлыг нийслэлийн Хот тохижилтын газрынхан хийх ёстой гэсэн. Гэвч өдгөө нөхөн сэргээчихсэн газар хэд байна вэ. Өвлөөс бусад улиралд тоосжилт нэмэгдэж, цаашлаад цөлжилт явагдаж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна. Лаг, үнс ашиглаж, доройтсон газрыг нөхөн сэргээнэ хэмээн нийслэлийн Байгаль орчны газрынхан ярьж байсан. Энэ ажил ямар шатанд байгааг тус газрынхнаас лавлахад “Олон салбарын мэргэжилтнүүдийг оролцуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард уулзалт зохион байгуулсан. Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон эрдэмтэд лаг болон үнснээс гарган авсан бордооны чанарыг тодорхойлох зэрэг ажил хийлээ. Энэ чиглэлийн нарийвчилсан судалгаа хийх зардлыг ирэх жилийн төсөвт суулгасан” гэв. Уг нь хөрс нөхөн сэргээх боломж бүрдсэн бололтой. Лаг боловсруулж, бордоо болгох ажлыг “Эко тайхи” компанийнхан эхлүүлсэн. Тэд Японы эрдэмтдийн гарган авсан ашигтай бактерийг үржүүлж, лагтай холин, боловсруулж, бордоо гарган авчээ. Түүнийгээ нөхөн сэргээлтэд ашиглах туршилт хийсэн байна. Туршилтаар лагт агуулагдах хүнд металлын хэмжээ заасан түвшнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан аж. Тиймээс шинжилгээ, судалгаа дахин хийх шаардлагатай болсон гэнэ.
Үүнтэй эсрэгцээд мөнгөний “амтанд” шунаж эх дэлхийгээ, өөрсдийгөө ч эрсдэлд оруулж буй хүн олон. Цахим орчинд “Хар шороо зарна” гэсэн зар цөөнгүй байна. Зарын дагуу нэгтэй нь холбогдоход “Хотын баруун бүсээс авчирсан ямар ч чулуу, үндэсгүй, шигшсэн сайхан хар шороо байна” гэв. Нэлээд зайтай газраас авчирсан “Портер” шороог 100 мянга, “ЗиЛ-130” автомашинаар авах бол 600 мянгаас ярина гэж байв. Тэдэнтэй уулзлаа. Олборлосон хар шороог Сонгинохайрхан дүүргийн III хороо, Баганарангийн VI гудамжинд орших айлын хашаанд буулгажээ. Олборлох зөвшөөрөлтэй, эсэхийг нь асуухад тодорхой хариу хэлсэнгүй. Хашаанд нь “Портер” хоёр, “ЗиЛ-130” автомашин нэг байв. Буулгасан шороонд нь ургамал, модны үндэснүүд байна лээ.
Энэ мэт аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмэр оруулж байгаа ч хэдэн жилийн дараа байдал хэцүүдэхгүй гэх баталгаа байна уу. Хар шорооныхоо нөөцийг бараг дуусгачихсан учраас цаашид алслагдсан дүүргийнхээ нутаг дэвсгэрээс олборлолт хийх болж байна. Энэ хэвээр нөхөн сэргээлт хийлгүй ухаад байвал алслагдсан дүүргүүдийн нутаг дэвсгэрт ч хар шорооны нөөц шавхагдах нь ойлгомжтой.
Улаанбаатар хотод хар хүрэн, уулын сайр чулуурхаг, уулын хар шороон, ойн хар шороон гэсэн дөрвөн хэв шинжийн хөрс бий гэсэн. Богдхан уулын ар бэлээр Зүүн богинын амны баруун талаас Яармагийн гүүр лүү түрж тогтсон 10 гаруй км газарт хар шороотой ч нөөц нь бараг дууссан гэх. Түүн дээр нэмээд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн хүчин зүйл зэргээс тоосжилт, цөлжилт эрчимжиж, хөрсний эвдрэл үүссэнийг судлаач нар онцоллоо.