Аяны богц
Монголын 50 сэтгүүлч энэ сарын 8-14-нд БНХАУ-д аялж, орон нутгийн иргэд хэрхэн сурч, хөгжиж, хөлжиж буйтай танилцаад ирлээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монголд айлчлах үеэрээ манай 250 сэтгүүлчийг өөрийн орны хөгжил цэцэглэлттэй танилцахыг албан ёсоор урьсан. Үүний дагуу БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны зүгээс сэтгүүлчдийг тав дахь жилдээ хүлээн авлаа. Сэтгүүлчид эхний хоёр өдөр Бээжин хотод саатаж, зарим газрын үйл ажиллагаатай танилцсан. Цааш аялахдаа хоёр багт хуваагдаж өөр өөр муж, хот руу явсан. Нэгдүгээр багт хуваарилагдсан 25 хүн Юньнань мужаар аялав. Нөгөө багийнхан Гансү мужийг зорив.
Ганьсү мужийн төв Ланжоу хотын төлөвлөлт, газар тариалан, музей болон Жю Юйгуаний үзэсгэлэнт газар, Жю Чуань хот, Сү Жоу дүүргийн хөдөө аж ахуйн байдалтай газар дээр нь танилцсанаа уншигчидтайгаа хуваалцъя.
Ганьсү бол Торгоны замын чухал зангилаа болсон газар. Шар мөрний эхэнд байрладаг. Зүүн талаараа Шаньси, өмнө хэсгээрээ Сы чуань, Хөх нуур мужтай хиллэдэг. Баруун талаар нь Шинжаан Уйгар, умард хэсгээр ӨМӨЗО-той айлсдаг. 425 900 ам метр талбайтай, 26.3 сая гаруй хүн амтай тус мужид алдарт Мө Гао агуй, мөнх цаст уул, 5464 км буюу дэлхийд уртаараа зургаад ордог үзэсгэлэнт Шар мөрөн бий. Жилийн дундаж температур нь 15 градус, нутгийн 75 хувийг хуурай болон хагас хуурай газар эзэлдэг. Элсэн манхан байсан газарт бүтээн байгуулалт хийж, хөгжилд хүрснийг сурвалжлахад таатай байлаа.
Онгоцны буудлаас Ланжоу хот хүртэл нэг цаг орчим явсан. Төв рүү нь ойртох тусам уулс улам өндөр, сүрлэг болно. Уулс шаталсан хэлбэртэй нь анхаарал татав. Энэ бүгд хүний гараар бүтсэн ажээ. Шат бүрт алим болон жимсний моднууд тарьжээ. Модод жимсээ дааж ядна. Мөн амуу буудай халиураад даанч сайхан харагдах юм. Хотын захад хүрэхэд хийц, донж нь өвөрмөц сүрлэг орон сууцнууд эгнэжээ. Эдгээр байшингийн ихэнх нь 25 болон түүнээс дээш давхар өндөр гэдгийг нутгийнхан хэлсэн. Шаталсан уулсын аль нэгний орой дээр гарахад бартаа бага, явдалдаа ядрахгүй мэт санагдсан. Түүнчлэн эл уулс оройгоос Шар мөрнийг тольдож, их хотыг дурандахад таатай сайхан газар мэт.
Гудамж, талбайд өнгийн цэцэгс алаглаж, оршин суугчид нь үдэш оройдоо олон нийтийн талбайд гэр бүлээрээ цуглан, дуулж, хөгжимдөж, бүжиглэж, зурж, иогоор хичээллэнэ. Энэ хотын бэлгэдэл нь есөн өнгийн эвэртэй буга. Түүнийгээ энд тэнд ургамал, цэцгээр урлажээ. Үдэш эвэр нь гэрэлтээд сүрлэг, сайхан харагддаг юм билээ. Манай багийг ахалж явсан Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны Олон улсын харилцааны товчооны Ази, Африк, Латин Америкийг хариуцсан хэлтсийн дарга Дун Гүопин “Ганьсү бол хөгжлийн асар ирээдүйтэй муж. БНХАУ-ын эрчим хүчний түүхий эд материалын суурь бааз. Тариалан эрхлэх нөхцөл боломж жилээс жилд сайжирч байна. Тариалсан амуу тариагаар дотоодын хэрэгцээг хангаад, бусад муж, хотод түгээдэг. Боловсрол, шинжлэх ухааны салбар нь улсдаа тэргүүлдэг. Өнөөдрийн байдлаар тус мужид 34 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж буй. Их, дээд сургуулийн тоо, сургалтын чанараараа улсдаа тэргүүлэх байр суурь эзэлдэг” хэмээн товч танилцуулсан. Ланжоу харьцангуй өндөрлөг газарт байрладаг ажээ. Хоёр уулын дунд Шар мөрний эргээр аж төрдөг ланжоучууд үнэхээр хөдөлмөрч юм билээ. Үйлдвэрлэл хийгээд газар тариалангийн бүс нутаг тул импортын аливаа бараа материал оруулж ирэхийг чанд хориглоно. Үүнээс гадна тариалан эрхлэхдээ химийн бус, нутгийн эко бордоо ашигладаг. Тиймээс бусад муж нутгийнхан тэдний бүтээгдэхүүнийг авах дуртай байдаг гэсэн. Сүүлийн есөн жилд хураасан ургацынх нь хэмжээ тогтмол өсжээ. “Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах юм” хэмээн очсон газар бүртээ сэтгүүлчид хөөрөлдөж явсан. Онгоц буухтай зэрэгцэн, хотын удирдлага биднийг тоссон юм.
Ланжоу аж үйлдвэрийн суурь хот аж. Шинэ Хятад улсыг байгуулахад тэндхийн үйлдвэрүүдийн шавыг анх тавьсан. Хөдөө аж ахуйн танхим нь гурван асуудлыг чухалчилж хөгжүүлж буй. Сайтар төлөвлөж, зөв бодлого гаргах, үүнийгээ ягштал хэрэгжүүлэхийг чухалчилдаг. 2018 онд мужийн хуучин тэнхим, Орон нутгийн ажлын алба, Хөгжил шинэчлэлийн хороо, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын газар зэрэг олон байгууллагыг нэгтгэн уг танхимыг байгуулсан хэмээн тус танхимын дарга Лиан Жүнке хэлсэн юм. Энэ нутагт газар тариаланг зуун зуун дамнан эрхэлж иржээ.
Тухайлбал, хүнсний ногоо, эмийн ургамал, жимс жимсгэнэ голчлон тариалдаг. Зөвхөн төмс гэхэд 10 гаруй нэр, төрлийг тарьсан хэмээсэн. 2018 оны байдлаар 4.6 сая мү (1 мү нь 00.6 га газартай тэнцэнэ) талбайд эмийн ургамал тариалж, 1.2 сая орчим тонныг хурааж авчээ. Эмийн ургамлаа өндөр үнэтэй борлуулж, багагүй ашиг орлого олдог гэх мэдээлэл өгсөн. Мөн 10.5 сая мү талбайд төмс тариалж, 12.1 сая тонныг хураасан. Үүнээс гадна 8.8 мянган мү талбайд хүнсний бусад ногоо тариалсан байна. Энэ нутгийн эрдэнэшиш амттайгаараа алдартай. Өнгөрсөн жил ланжоучууд 1.2 мянган мү талбайд эрдэнэшиш тариалж, 453 сая кг ургац авсан нь улсдаа тэргүүлэх амжилт гэнэ. Зөвхөн алим гэхэд 8.8 сая мү-д тариалж, 40 сая тонныг хурааж авсан. Бүс нутгийн шинэ сортын алим нь алдартай аж. Үхэр 6.4, хонь 33.4, гахай 12.3, жигүүртэн 78 саяыг тэжээж иргэдийнхээ махны хэрэгцээг хангаж буй. 2018 онд хөдөө аж ахуйн толгойлох 2454 компани, 100 гаруй хоршоо тус танхимд нэгдсэн. 69 нэр, төрлийн хүнсний ногоо жимс жимсгэнэ, 15.9 сая мү талбайг даатгалд хамруулжээ. Мөн 973 мянган мал даатгасан. 820 мянган өрхийн тариачид хөдөө аж ахуйн даатгалд хамрагдан өдгөө ач тусыг нь хүртэж байна.
Өнгөрсөн жил гэхэд 2120 нэр төрлийн ургац хураан авчээ. Тариалангийн ихэнх талбайдаа эко бордоо ашигладаг. Нийт талбайн 36 хувьд хорхой шавьжнаас хамгаалах хор цацсан. Энэ нь бас химийн найрлагагүй гэнэ. Түүнчлэн усгүй технологи нэвтрүүлсэн гэдгээ хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, газар доогуур шугам татан тариа ногоог хөрснөөс нь дуслаар усалдаг технологи нэвтрүүлжээ. Энэ нь усыг 60 хувь хэмнэдэг аж. Ингэхдээ Шар мөрнөөс бага хэмжээгээр ус татдаг юм байна. Мөн гүний болон борооны, уулын шар усыг ихээр ашигладаг. Гантай жилүүд олон тохиолдох учир усыг ууршуулахгүйн тулд ногоо тариагаа гялгар уутаар битүүлж, чийгийг удаан барих арга хэрэглэдэг. Нийт талбайн 55.9 хувьд ногоо жимс, цэцэг тариалахдаа тоног төхөөрөмж ашиглажээ. Түүнчлэн хоршоололд нэгдсэн газар тариалан эрхлэгчдийн буудай, эрдэнэшиш, тутарга зэрэгт улсаас үнийн баталгаа өгдөг. Мөн компаниуд ногоо, тариа, жимсийг нь худалдан авдаг аж. Дээр нь тариаланчид даатгуулсан учир эрсдэл бараг гардаггүй гэнэ. Хятадад тариалж буй үр үрсэлгээний 60-70 хувийг Ганьсү мужийнхан хангадаг гэж тус мужийн Хөдөө аж ахуйн танхимаас мэдээлсэн.
Шинжлэх ухаан, технологийн инновацыг урд хөршид бий болгож буй хамгийн гол хүчин зүйл бол урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого аж. Хятад улс 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд гурван жилийн нүүр үзжээ. Энэ таван жилийн томоохон зорилт нь дундаж орлоготой айл өрхийн тоог нэмэгдүүлэх. Зорилгоо ч биелүүлсэн гэнэ. Өдгөө тэд өрх бүрийг баян чинээлэг болгохоор ханцуй шамлан хөдөлмөрлөж байна. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж буйг нь Ганьсү мужийн захын тариачны амьдралаас харж болохоор санагдсан. Тухайлбал, нэг тариачны жилийн дундаж орлого 250 сая төгрөг аж. Энэ зорилтыг биелүүлэхийн төлөө нэг тариачин, нэг өрх, нэг компаниас авхуулаад бүгд нэг санаа сэтгэлээр хөдөлмөрлөдөг юм билээ. Тус мужийнхан дарга Си Зиньпиний “Хамтдаа хөгжиж, хамтдаа урагшилъя” уриаг хэлж, шинэ инновац, хөгжлийн замд хүрсэн арга замаа зааж, манай улстай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дахин дахин илэрхийлсэн юм.