Сурвалжилсан Р.Оюунжаргал, Б.Буяндалай, Ж.Уранмандал, Э.Харцага, В.Түмэнбаяр, Ж.Цогтбаяр
Монгол наадам сайхан боллоо. Морь хурдан, бөх хүчтэй, сум мэргэн байлаа. Наадмын эхний өдрөөс л олныг шуугиулсан дуулиан эхэлсэн. Хурдан үрээ нь барианы газар хармагцаа хазаар булаан хадуурах гэвч дороо бүдрэхэд унаж явсан хүүхэд нь үсэрчихсэн ч, цаг алдалгүй тусалсан албаны хүмүүсийн ачаар уралдаанч хүү дахин мордож, ташуурдсаар унасан хүлгээ айрагдуулсан нь энэ удаагийн наадмын тэргүүн сенсаац байлаа.
Бөхийн барилдаан үзүүштэй сайхан болов. Элдэв маргаан, будилаан гарсангүй. Настайчуудын яриаг сонсохноо “Сүүлийн үед харах, хүлээх бөх байхаа больсон. Дээхнэ хоёр Мөнхийн барилдааныг жил тойрон хүлээдэг байлаа. Дараа нь хоёр Эрдэнийн тухай мөн л он дамнуулан ярьсаар дараа жилийн наадамтай золгодог болсон. Гэтэл сүүлийн үеийн залуусын дундаас тэрийг нь гэх хархүү харагдахаа байж. Г.Өсөхбаяр аварга ганц удаа ч болов түрүүлж наадамчин олноо баясгахгүй юм байх даа” гэх зэргээр ярих нь чих дэлсэж байсан юм. Аль ч наадмын бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн хүчтэнүүдийн ноцолдоон харууштай байдаг. Дөнгөж өчигдөр нь гоочилж, голж байсан хөгшчүүд шөвгийн дөрвөн бөхийг бараг л чинийх, минийх гэж хувааж авах нь холгүй, цэнхэр дэлгэцээ цохиод авах нь уу гэлтэй гар, хөлөө савчин, суудал дээрээ өндөлзөх нь монгол наадмын бас л нэгэн гэгээн өнгө.
Тэгсээр эгээ л улсын арслан Э.Оюунболдыг өөрсдөө түрүүлүүлсэн мэт баярлан хөөрнө. Удалгүй араас нь “За, хүү минь аварга боллоо. Сайхан байна. Нас залуу, цус ч шингэн байна. Одоо бие хаагаа татаад авчихна шүү. Наад гэдэс гүзээгээ хар. Арьс “хөрсөө” хамгаал. Алдарт хүрэх гэдэг нь дааж явахын сацуу аминдаа арчаатай явахын нэр юм шүү” гэх зэргээр өөрсдийнхөө хүүхдүүдэд сургаал айлдаж буй мэт ам өрсөн зурагттай ярих нь монгол наадмын бас л нэгэн эерүү хөг юм даа.
Эрхий мэргэн харваачид энэ жил 540-үүл талбайд гарав. Энэ сарын 6-наас эхэлсэн харваа наадмын хоёр өдөр үндэсний сураар үргэлжилж, аймгийн мэргэн улсын мэргэн болсон амжилтаар өндөрлөсөн юм. Харваачид эгэл даруу улс. Элдэв дуулиан, шуугиангүй, ном, журмын дагуу цэц мэргээ сорин өрсөлдсөн.
НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН НАЙРУУЛГЫГ МЭРГЭЖЛИЙН ХҮНД ДААТГАЯ
Улсын баяр наадмын нээлтийн ёслол тухайн жилийн наадмын хамгийн анхаарал татсан хэсэг байдаг. Наадамчин бүр цэнгэлдэх хүрээлэнд орж, тухлан суугаад тэрхүү ёслолын нэгээхэн хэсэг нь байхыг хүсдэг. Гэсэн ч тасалбар олддоггүй. Өөрөөр хэлбэл, хүсэхэд хясдаг. Гадаадад амьдардаг монголчууд наадмаар эх орноо зорин тэмүүлэхдээ чухамхүү нээлтийн ажиллагаанд яардаг. Аялал жуулчлалын компаниуд гийчдэдээ үзүүлэх, гайхуулах хамгийн чухал арга хэмжээгээр үүнийг нэрлэж, тасалбарыг эртнээс захиалдаг ч, хоосон хоцрох нь олонтоо. Наадмын нээлтийн ёслол ийм л эрэлттэй, Монголоо гадаад ертөнцөд танилцуулах, таниулах соёлын томоохон арга хэмжээ болоод удаж буй билээ. Наадмын нээлтийг монгол үндэсний, соёлын брэнд ч гэх болсон.
Наадмыг Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам хэмээн дөрвөн ч чиглэлээр тодотгож буй. Баяр наадмын бүхий л баримт бичиг, хөтөлбөрт ингэж бичсэн байх аж. Тулгар төр үүссэн, Их Монгол Улс байгуулагдсан, Ардын хувьсгал ялсны хэмээн хавсруулан авч явах нь уламжлал болж. Тухайн үед төр, засгийн эрхийг улс төрийн ямар хүчин барьж байгаагаас хамаарч ардчилсан хувьсгалын ой гэж багтаах, эсэх нь бас хамаарах болсон. Энэ жил албаны зарим хүн үг хэлэхдээ ардчилсан хувьсгалын 30 жилийн ой гэж хэлж байсны нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа. Энэ нь авч үзэх, анхаарах, асуудал болгох “нюанс” мөн ч гэлээ энэ удаа алгасаж, улсын баяр наадмын нээлтийн ёслолын тухай ярилцъя.
Наадмын нээлт урьд урьдынхаас өөр, онцгой болох байх гэж хэн хүнгүй хүлээж байв. Он жил улирахад аливаа улс үндэстэн хүн төрөлхтний нийтлэг хөгжил дэвшилд тэр чинээгээр дөхөх нь зүй билээ. Тэр өнцгөөс авч үзсэн ч, найруулагч нь “шинэ” хүн гэж сонссон цагаас наадмын нээлтийг хүлээсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрт наадамчид сэтгэл зүрхнийхээ чанадад 11-ний өглөөний 11.00 цагт уламжлал ёсоор болзов. Есөн хөлт цагаан тугаа залж, Төрийн дууллаа эгшиглүүлэн, Ерөнхийлөгч үгээ хэлснээр монгол төрийн наадам эхэлсэн.
Саяхан цэлийж байсан Төв цэнгэлдэхийн ногоон талбайд төд удалгүй наадамчин олныг баясган цэнгүүлэхээр чуулуулсан уран бүтээлчид, жагсагчид, хүүхдүүд, цэргүүд, мал, машин техникийг ар араас нь гаргав. Нээлтийн ёслол, тоглолтын сэдэв нь өмнөх жилүүдийнхтэй адил Монголын түүхийн хураангуй бөгөөд хэд хэдэн дэд бүлэгтэй аж. Чингис болон бусад хаан, түүний дотор Богд болон Дондогдулам ч байсан. Нэг хэсгийг Халхын голын дайны ялалтын 80 жилд зориул жээ. Дараа нь атар газар эзэмшсэн тухай өгүүлж, Соёлын төв өргөөнд болсон Төрийн хүндэтгэлийн концертод дуулуулсан “Ургацын далай” дууг давтуулж, тариан түрүү найгуулав.
Цэргийн дуу бүжгийн чуулга, Үндэсний их найрал хөгжим гээд мэргэжлийн урлагийн томоохон байгууллагын дуучид, хөгжимчид бэлэн байдалд жагсжээ. Найрал хөгжим, найрал дууны сүр хүчийг бахдахаар сайхан байв. Ардын жүжигчин А.Долгор эрэгтэй дуучдын хүрээлэлд Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг, Хөдөлмөрийн баатар Б.Шаравын хөгжим “Монголын тал нутаг”-аа дууллаа. Эрчүүдийн дунд шинэхэн гавьяат Э.Анхбаяр ч байв. Поп дуучин С.Наран хошин шогийн жүжигчин
Т.Бархүүтэй хосолж, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах нар хамтарч, мөн дуучин, Гавьяат жүжигчин Х.Болормаа, соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа нар гуравлан цэрэг эрийн тухай хоолой нийлүүлэн дуулсан гээд дурдвал уран бүтээлчдээр, дуу хуураар баялаг байлаа, наадмын нээлт. Гэхдээ наадамчдын хүлээлтийг хангах үзүүлбэр нь энэ гээд нэрлэчих нь үгүй байв. Сэтгэлд тод ганц жишээ татъя. Тэр жил гавьяат Г.Ариунбаатар жанжин Д.Сүхбаатар болон дуулаад гараад ирэхэд л болоод явчихаж байсантай адил ямар нэг өлгөж авах, бахдаж ярих номер байсангүй.
Зүлэг ногоон дэвжээнээ бэлтгэсэн дэлгэсэн ширийн хэлбэртэй гэхээр даавуун “тайз”-ыг хараад нэлээд шинэлэг, орчин үеийн шийдэлтэй тоглолт болох нь гэж бодтол байдаг л цуваа байв. Даавуун “тайз”-ыг дэд бүлгүүдийн утга, агуулгад тохируулан өөрчилж байсан. Тайз тус бүр өөр өөр хээтэй. Хээ нь геометрийн хурц өнцгүүдээс бүрдэхийн зэрэгцээ өнгө их тод аж. Түүн дээр нь уран бүтээлчид олноор бүжиглэж, наадахаар талбар нэлэнхүйдээ алаглаж харагдаад байлаа. Зураач ийм байх нь гоё гэж бодсон уу, эсвэл ерөөс ийм, элдэв юмны цуглуулга мэт эрээн мяраан харагдах байх гэж тооцоолсонгүй юу. Юутай ч “Есөн зүйлийн өнгөөр халгилан, долгилох мэт тайз засах хэрэг байв уу. Эсвэл уран бүтээлчдээр давхар давхар үйлдэл хийлгэн бужигнуулах хэрэггүй ч байв уу” хэмээн наадамчид ярилцаж байлаа. “Нэгэнт тайзыг олон өнгийн байлгамаар байгаа юм бол уран бүтээлчдийн хувцасны өнгийг төв, нэгэн чигийн болгох байсан бус уу” гэх зэргээр санаа бодол уралдуулсаар байлаа. Шүүмжлэх амархан, хийх хэцүү. Гэхдээ л жилдээ нэг болдог монгол төрийн их баяр цэнгэл наадмаа, наадамчдынхаа сэтгэлд хүртэл зохион байгуулах нь төрийн, түүнээс томилсон улсын баяр наадам зохион байгуулах комиссын үүрэг юм.
Аварга бишгүүр хийх, талбайд гаргах нь сайхан санаа байсан ч, талбараа, цаг үеэ олов уу гэж бодогдсон. Ялангуяа тийм том бишгүүртэй бүжиг хийх мэтээр талбайн голд хөндөлсүүлэх хэрэг байсан уу. Гүйцэтгэл сайн бол бас өөр хэрэг байх. Гуалингаар наадагч хүчтэн мундаг байсан ч, алдчих вий, тэр том мод нисэж очоод наагуур цаагуур нь байгаа уран бүтээлчдийг, цаашлаад наадамчдыг ташраар нь нам цохих вий гэж бодохоос түгшүүртэй байв. Зохион байгуулагчид, найруулагчид нээлтийн ёслолыг өөрсдийнхөөрөө, гэхдээ сайжруулж хийе гэж зорьсон л байх. Мэдэх, чадахаа дайчилсан ч биз ээ. Гэхдээ тэдний хүсэл нь, төсөл нь орчин үеийн, шаардлага өндөртэй үзэгчид, наадамчдын таашаалд нийцсэнгүй ээ. Энэ тухайд наадамчид нийгмийн сүлжээнд санаа бодлоо илэрхийлсээр байна.
АНУ-аас урлаг судлаач, доктор Б.Батжаргал ийнхүү бичжээ. “Наадмын нээлтийг шууд дамжуулалтаар үзлээ. Ер нь урлагийн бүтээлийн найруулагч гэдэг ажил, мэргэжил анх үүссэн цагаасаа хөгжмийн, драмын, киноны гэж урлагийн ай бүрээр салж хөгжсөн байдаг. Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах олон нийтийн үзүүлбэр бол хөгжмийн ч биш, драмын ч биш, киноны ч биш тө рөл зүйл юм. Асуудал найруулсан хүндээ биш, харин төрөл зүйлдээ байна. Найруулагчийн нарийвчилсан дэд мэргэжилд ч байгаа юм биш.
Социализмын үед нийтийг хамарсан арга хэмжээний найруулагч гэсэн мэргэжлээр ихэнхдээ Зөвлөлтөд Соёлын дээд сургуульд хүн сургаж байсан. Лавтай “Монгол варьете”-г үндэслэсэн Донид гуай энэ сургуулийг төгссөн санагддаг. Энэхүү бие даасан энтертайнмент буюу уран сайхны төрөл зүйл болох нийтийг хамарсан өвөрмөц үзүүлбэр найруулдаг мэргэжлийн хүн энэ ажлыг хийдэггүйгээс олонд таатай бус сэтгэгдэл төрж байгаа гэж ойлгож байна. Цахим орчинд бид дэлхийг нэвт шувт тольдох болсноор тэрбумаар тоологдох, олныг хамарсан “цэнгэлдэх хүрээлэнт” үзүүлбэр нь сэдэв, агуулгын хувьд уран зөгнөлийн ирээдүй тийш мөрөөссөн, хүн төрөлхтний мөнхийн сэдэв, эсвэл домгийн өгүүлэмж байх нь зонхилдог.
Урлахуйн арга нь модернист, футурист, технократ бөгөөд бэлгэдэл зонхилох болсон. Түүнээс бус өнгөрсөн түүхийн сэдэвтэй, “социалист реалист”, примитив, натуралист арга нь хөгжин мандаж буй монгол түмний сэтгэл санааны илэрхийлэл болж үл чадах бөлгөө. Төрийн шагналтан эсвэл “истаа” драмын най руулагч байгаад ч энэ ажилд ямар ч нааштай үр дүн гарахгүй. Драмын найруулагчид наадмын нээлтийн үзүүлбэр найруулан буйг батлах тун энгийн жишээ нь цэнгэлдэх хүрээлэнгийн төвд жил дараалан байршуулж ирсэн театрын дугуй тайз болно. Ийм тайз, өндөрлөгөө стадионд огт шаардлагагүй. Амфитеатр хэмээх энэ байгууламжийн төв хэсэг нь тэр чигтээ хүрээлэн шаталж суугаа үзэгч бүрт дэлгэсэн мэт харагдахаар ил байх ба эртний грекчүүдийн хүн төрөлхтний соёлд оруулсан гэр мэт дугуй хэлбэртэй дээвэргүй, архитекторын сонгодог шийдэл, бэлэг билээ.
Харьцуулъя. Дуурийн найруулагч Л.Эрдэнэбулган, драмын найруулагч И.Нямгаваа нар кино найруулснаар Монголын кино хөгжсөн гэж бодохгүй байна. Дуурийн болон драмын урлагийг бол тэд шат ахиулсан. Харин Гэндэн, Жигжидсүрэн, Балжинням нар бол кино урлагийг хөгжүүлжээ. Учир нь киноны ажилд тэд мэргэжсэн. Дулааны инженер хүнээр механик инженерийн ажил хийлгээд үз л дээ. Энэ цагийн дарга нар дунд инженер л бол инженер гэж үзээд, найруу лагч л юм бол эм ч бай, дом ч бай, хамаагүй “Найруул” гэдэг нь байдаг байх нь” гэжээ.
Дараа жилийн наадмын нээлтийн ёслолыг мэргэжлийн хүнд даатгасугай. XXI зууны наадамчид амьдарч буй эрнийхээ хөгжил, өнгө аяс, сэтгэлгээнд нийцсэн сэдэв, дэглэлт, найруулгатай тоглолт үзэхийг шаардаж буйг дуулгая. Монголчууд чадна. Орчин үеийн зураачид маань Венецийн биеннальд толгой цохиж буй цаг үе шүү дээ. Урлаг, уран сайхны тухайд хэзээ, юуг яаж хийхээ нийгэм, цаг үеэс түрүүлж сэтгэдэг уран бүтээлчдийнхээ үгийг сонсож, харцыг тандаж шийдэж байна уу гэхээс, төсөв баталсан дарга нарын дохиурын үзүүр болж байдаг хоцрогдсон арга барилаа халъя.
“ХАР ЗАХ” ДЭЭР НААДАГСДАД ЖОРЛОН ДУТУУ
Үндэсний хувцсаараа гоёж, дэнж хотойтол наадамлах завшаан бидэнд жилд ганц л тохиодог. Бөх, сурын хорхойтнууд Төв цэнгэлдэх хүрээлэнг бүчиж, моринд дуртай нь Хүй мандлын дэнжид самсаа шархируулан өнждөг энэ цэнгэлийг гадаадынхан сонирхон зорьж ирдэг болоод удаж байна. Гэтэл жилийн жилд зохион байгуулагчдын чихнээс “хонх” уядаг өө сэв энэ удаад ч байсаар.
Баяр наадам зохион байгуулах комиссоос иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад жил бүр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодог. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх 400 зөвшөөрөл олгосон нь хэтийдсэн олон гэлтэй. 120 мянгатын автобусны буудлаас үргэлжлэх наймаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайг битүү бүрхжээ. Тэнд баярлаж цэнгэх гэхээс илүүтэй наймаачдын дундуур эв зүйгээ олж нааш, цааш явах гэсэн хүн олон байв. Наймаачид гутал, хувцас, хүүхдийн тоглоом зэрэг төрөл бүрийн бараа худалдана. Ёстой л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг тэндээс олж болохоор санагдсаныг нуугаад яах вэ. Үүний зэрэгцээ 1990-ээд оноос түгэн дэлгэрсэн гэх цагариг шидэх тоглоом ч байлаа. Хоёр хуушуур “олж” идээд, түрүү бөхөө холоос ч болтугай харчихвал сэтгэл нь ханадаг наадамчид тэнд наймаачдын олон асар дунд төөрч, будилан, бага насны хүүхдээ дагуулсан зарим нь наймаачдын худалдаж буй тоглоомоос авах хатуу “шийтгэлтэй” нүүр тулж байсан юм.
Асрын олонход хуушуур худалдах бөгөөд хорхог, хонь, адууны чанасан мах, цувдай ч байлаа. Хуушуурын ханш наадмын эхний өдөр 1500 төгрөг байсан бол, маргааш нь “Хуушуур 1000 төгрөг” хэмээн орилох хүн олшров. Харин тэр дундаас амт, чанартайг нь олж авах өвсөн дундаас зүү хайх мэт хэцүү. Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх тасалбараас хоцорсон наадамчид асруудад орж хоол зооглох бус, хөлөө амраах нь элбэг байсныг харахад худалдаа эрхлэгчдэд зөвшөөрөл олгохоос илүүтэй наадамчдадаа хөлөө амраах талбай засах нь илүү хэрэгтэйг сануулах мэт.
Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрч яваа хүмүүст хамгийн хэрэгтэй нь жорлон байв. Хэдэн зуугаараа зэрэгцэн, хоол, ундаар үйлчлэх боломж олгодог ч жорлон хүрэлцээтэй байлгах тухай тооцдоггүй нь харамсалтай. Цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах модон жорлонд иргэд дугаарлан зогсдог үзэгдэл мөн л хэвээр. Жорлонгийн үнэрийг хлораминаар дарах гэж оролдсон нь нэмэр болсонгүй, харин ч улам өмхий болгожээ. Хажууханд нь байрлах хуушуурын асарт иргэд хэнэг ч үгүй хоол идэж л сууна. Харин өмнөх жилүүдийг бодвол зүүн талд нь зөөврийн таван жорлон суурилуулсан нь сайшаалтай. Гэсэн ч хажуугаар нь өнгөрөх хүмүүс өөрийн эрхгүй хамраа чимхсээр, алхаагаа түргэсгэж байсан юм.
Манай Үндэсний их баяр наадмыг үзэхээр зорьж ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа нь статистик мэдээллээс харагддаг. Энэ жил ч жуулчид олон харагдаж байлаа. АНУ-аас манай наадмыг зорьж ирсэн Жорж Карл “Танай улсад наадам гэж маш сонирхолтой зүйл болдог тухай найзаасаа сонсоод ирсэн. Наадмын нээлт маш их таалагдлаа. Өмнө нь ийм зүйл огт үзсэнгүй. Найзынхаа зөвлөгөөг дагасандаа баяртай байна. Хуушуурыг заавал идэх ёстой гэсэн учраас нэг ширхгийг идлээ, таалагдсан шүү” гэсэн юм. Харин Ховд аймгаас улсын наадмаа үзэхээр ирсэн Б.Гантогтох “Улсын баяр үзнэ гэж олон жил бодсоор энэ удаад нутгийнхаа наадмыг орхиод наашаа зүглэлээ. Даанч тасалбар нь олддоггүй юм байна. Гадна дэлгэцээр л бөхөө үзэж сууна. Одоо ч соёолонгийн бараа харчихвал Улаанбаатарыг зорьж ирсний хэрэг бүтэх гээд байна” гэсэн юм.
ХЭНТИЙ НУТГААС 30 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ
Энэ жилийн улсын наадамд хэн түрүүлэх бол... Монголчууд биднийг хариулт нь үл олдох оньсого мэт энэ л асуулт бүтэн жилийн турш ээрч, догдлуулан, амьсгаа даран хүлээлгэсэн. 512 бөх зодоглосон өнөө жилийн наадамд иртэй яваа аварга, арслангуудын нэг нь түрүүлж, шинэ аварга юм уу даян аварга цолтон төрөх болов уу хэмээн олонх бөхийн хорхойтон таамаглаж байсан гэхэд хилсдэхгүй. Наадмын өмнөхөн бөхийн галуудаар сурвалжилга бэлтгэж явахдаа цөөнгүй хүчтэнтэй уулзахад ч бас тийм таамаглал дэвшүүлж байгаа нь анзаарагдсан. Сүүлийн 12 жилийн 11-т нь өөр бөх (Д.Сумъяабазар, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Г.Өсөхбаяр, Б.Ганбат, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, Э.Оюунболд, Н.Санжаадамба) түрүүлсэн жишгийг Н.Батсуурь 2018 онд эвдэж, улсын аварга болсон. Түүний амжилт булган сүүлтэй байж, монгол түмэн дахин шинэ аварга өлгийдөв. Гарын арван хуруунд тоологдохоо байсан телевизүүд улсын наадмыг шууд дамжуулан, өдгөө тойм нэвтрүүлгүүдээрээ бөхийн хорхойтнуудын нүдийг хужирласаар байгаа тул ерөнхийд нь тоймлон хүргэе.
Улсын наадамд хамгийн олон түрүүлсэн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн амжилтыг үргэлжлүүлж яваа нутгийнх нь хүчтэн бол Энхтөгсийн Оюунболд. Тэд Өмнөдэлгэр сумын харьяат нь ховор тохиолдол. 22-хон насандаа улсын наадамд түрүүлж, арслан цол хүртсэн Э.Оюунболдыг хэзээ нэгэн цагт аварга болно гэсэн бөхийн хорхойтнуудын таамаг, хүлээлт энэ жил биеллээ олов. Аймгийн начин Энхтөг сийн хүү, 19 насандаа аймгийн арслан, дараа жил нь улсын харцага цол хүртсэн тэрбээр улсын арслан болсноосоо хойш Төрийн наадамд гавьтай амжилт гаргалгүй явсаар өдий хүрээд байв. Бор дарсанд хөлчүүрхэн, эхнэрээсээ салж, бэлтгэлээ цалгардуулж гурван жил алдаж, гундуухан явсан гашуун түүх түүнд бий. Түүгээр ч үл барам 2017 онд улсын наадамд зодоглохдоо ам авах үеэрээ гурван хуруугаа гозойлгон, олныг бухимдуулж, найраа хийлээ гэх хардлага төрүүлсэн.
Тэгвэл Э.Оюунболд өнгөрсөн жил архины эмчилгээнд орж, үндэсний бөхөөс гадна Дагестанд очиж чөлөөт бөхийн бэлтгэл хийжээ. Энэ бүхэн түүний амжилтад их нөлөөлсөн нь мэдээж. Э.Оюунболд өнөө жил түрүүлэхдээ есийн даваанд улсын аварга Н.Батсуурьтай барилдсан. Хэрвээ тэрбээр давбал улсын аварга, Н.Батсуурь өвдөг шороодуулбал даян аварга болох байв. Ингэснээр 26 настай Э.Оюунболд Монгол Улсын 24 дэх аварга болж, Хэнтий нутгаас 30 жилийн дараа шинэ аварга төрлөө. Хамгийн залуудаа улсын аварга болсон амжилтыг Б.Бат-Эрдэнэ эзэмшдэг.
Хөдөлмөрийн баатар тэрбээр 1989 оны улсын наадамд хоёр дахиа түрүүлж, улсын аварга болохдоо 25 настай байсан юм. Сонирхуулахад, улсын аварга С.Мөнхбат 27, дархан аварга Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар 30, улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба 31, Д.Сумъяабазар 32, Д.Хадбаатар, О.Балжинням, Г.Эрхэмбаяр нар 35 насандаа улсын аварга хэмээх эрхэм цолны эзэн болсон юм. Ерөнхийлөгч Э.Оюунболдод шагнал гардуулахдаа медалийг нь нутгийн нь эрхэм, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр өгүүлсэн нь олны талархлыг ихэд хүлээв.
Улсын наадамд хоёр түрүүлсэн Н.Батсуурь аварга цолдоо эзэн болох хүчтэн гэдгээ баталж, гурав дахиа түрүү булаалдав. Их шөвөгт улсын гарди Б.Гончигдамбыг өвдөг шороодуулсан тэрбээр долоогийн даваанд нутгийнхаа аварга С.Мөнхбатыг амласан нь олны анхаарлыг их татлаа. Ер нь тэгнэ гэж таамагласан хүн хо вор болов уу. Түрүү бөхийнхөө амжилтыг хэрхэн шагнан, урамшуулж байгаа нь олны анхаарлыг татдаг. Тэгвэл одоогоор Э.Оюунболд аваргыг “Nissan patrol Y62” маркийн автомашин, цутгамал мөнгөөр урлаж, цэвэр алтаар бүрсэн цом, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс таван өрөө байраар шагнан, амжилтыг нь мялаагаад байна.
Наадамчин олон цолоо ахиулна, түрүү, үзүүр булаалдана гэж таамагласан хүчтэнүүдээс дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Ц.Сандагдоржид, улсын заан Н.Түвшинбаяр аймгийн арслан Б.Бат-Амгаланд, дараагийнхад нь улсын харцага О.Хангай улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодов. Үүний сацуу цөөнгүй бөх өрсөлдөгчдөө бус, мөнгөнд дийлдсэн байх талтай. Үнэндээ тэгж хардах хэд хэдэн барилдаан бий. Нас нь ахи сан, улсын наадмаар хэдэн төгрөг халаасалдгаа зүй бус үйлдэл биш хэмээн бодох болсон бөхчүүдийг энд дурдахаа хойш нь тавья. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, арслан Д.Ганхуяг, гарди Ж.Бат-Эрдэнээс авхуулаад уртаас урт жагсаалт гарах нь тодорхой.
Тэднийг наадамчин олон ч андахаа байсан, тэд ч жил жилийн наадмаар нутгийнхаа бөх, эсвэл ирээдүйтэй хүчтэнийг дэмжиж байгаа нэртэй унадаг. Яг үнэндээ цаана нь юу болдгийг хэн ч мэдэхгүй. Лав зүгээр буугаад өгчихдөггүй байх. Спортод найраа, авлигыг зохицуулах, хариуцлага тогтоох хууль, дүрэм байхгүйгээс хойш яалтай билээ. Чадаж байгаагийнх нь зол гэсээр, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлсаар өдий хүрсэн. Цаашид ч энэ зураглал олон жил давтагдах нь баараггүй. Харин ид ирэн дээрээ, амжилтын төлөө зүтгэж яваа улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү нар Увсын бөх Ж.Ням-Эрдэнэд, улсын харцага Х.Гантулга нутгийнхаа бөх Б.Цэдэнсодномд унаж, улсын начин болгосон нь яавч зохистой үйлдэл биш байлтай.
Өнөө жил өнгөтэй, наадамчин олны хүлээлтэд байсан бөхчүүдийн нэг нь яах аргагүй Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Доржийн Анар. 2014 оноос үндэсний бөхөөр тууштай барилдаж буй тэрбээр тухайн жилээ Дорнодын наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Төрийн наадамд хоёр дахь удаагаа зодоглоод л улсын начин болсон бахдам амжилт түүнийх. Д.Анар 2015 онд улсын наадамд анх зодоглохдоо улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулсан ч тавын даваанд улсын гарди Н.Ганбаатарт унасан. Дараа жил нь дөрвийн даваанд улсын начин Б.Сугаржаргалыг, тавын даваанд тухайн үед аймгийн хурц арслан байсан, өнөөгийн улсын харцага Ш.Мөнгөнбаатартай тунан барилдаж, даваад улсын начин болсон юм. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр өнөө жил цолоо ахиулж, улсын харцага боллоо. Түүнийг тавын даваанд тунах байх гэж бодож суув.
Начин ч бас тэгж бодсон байх. Гэтэл улсын начин Э.Энхбат улсын начин Б.Амарзаяаг амласан тул ам авах боломж Д.Анарт бүрдэв. Улсын начин Д.Амарсайхан, Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан Ц.Сандагдорж, өнөө жил аймгийнхаа наадамд түрүүлж, хурц арслан болсон, 21 настай Б.Орхонбаяр нарын нэгийг нь амлах боломж түүнд байлаа. Д.Анар төд удалгүй “Хоёр арслангийн хэн баяртай, одтой нь даваг, начин болог” гээд Амарсайханыг амласан нь олны талархлыг их хүлээсэн. Улмаар зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж, олны итгэлийг амжилтаар хариулав. Олон жил шударга барилдаж, үлгэрлэж явааг нь монгол бөхийн босоо цагаан хийморь ивээсэн биз ээ.
Дөрвийн давааг аймгийн цолтой 12 бөх гэтэлснээс тав нь улсын начин цолны босго алхав. Тавын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар улсын аварга Г.Эрхэмбаярыг, Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ улсын заан Н.Жаргалбаярыг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодном улсын харцага Х.Гантулгыг, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан А.Давааням улсын харцага Т.Бадарчийг, өнөө жил аймгийнхаа наадамд түрүүлж, хурц арслан болсон Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, 21 настай Б.Орхонбаяр аймгийн арслан Ц.Сандагдоржийг өвдөг шороодуулан, улсын цолтны гэр бүлд багтав.
Тэднээс төрийн наадамд анх зодоглоод л улсын начин болсон Б.Орхонбаярыг онцолъё. “Аварга” дээд сургуульд сурдаг, ирэх жил төгсөх тэрбээр энэ жил улсын начин болсон хамгийн залуу бөхөөр тодорч, даага хөтөлсөн. 21 настай, 95 кг жинтэй, 180 см өндөр Б.Орхонбаяр энэ жил аймгийнхаа наадамд түрүүлж, өмнөх оны амжилтаа баталсан. Сэлэнгэ аймгийн наадамд жил дараалан түрүүлсэн хүчтэн хуруу дарам. Б.Орхонбаярын амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргасан түүхтэй. Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Цагааннуур сумд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн Б.Орхонбаяр гурван жилийн өмнө сумын заан цол хүртсэн, өдгөө бэлтгэлээ улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийдэг.
Сүүлийн жилүүдэд наадмын сайхан өнгийг гундаадаг маргаан, будилаан цөөнгүй гардаг болоод буй. Улсын гарди Ш.Жаргалсайхан дөрвийн даваанд аймгийн арслан А.Мөнхбатад унасан. Гэвч тахимаа өгөхдөө түүний толгой руу дэлссэн нь олныг бухимдуулан, өдгөө ч шүүмжлүүлж байна. Ер нь иймэрхүү муухай үйлдлээс болж бөхчүүдийн нэр хүнд унасаар. МҮБХ-ноос тухай бүрт нь шийтгэл ногдуулж байхгүй бол алсдаа бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээр, наадамчин олны өмнө зодолддог, бие биеэсээ өшөө авдаг болох нь.
ТӨВ, БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМГИЙН УЯАЧИД ОДТОЙ НААДЛАА
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худгийн хөндийд гурван өдөр боллоо. Энэ жил Монгол орны ихэнх нутгаар хур бороо ихтэй, зуншлага сайхан байгаа тул морьд тамир тэнхээ сайтай байв. Хурдан морины уралдаан хязаалан насны шандсыг сорьсноор эхэлж, газар газраас цугларсан 288 ажнай бүртгүүлснээс 184 нь гарааны зурхайгаас эргэв. Тэдгээрийн дунд тод манлай уяач Т.Батцоожийн хээр халзан, О.Батбилэгийн цолмон халтар, түүний дүү О.Батболдын хул тэргүүтэй улс, бүсийн наадамд айрагдсан олон цуутай хүлэг хурд сорьсон. Өнөө жилийн улсын наадмын анхны түрүүг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Ажнай” галын уяач Д.Даяндэмид хүртэв.
Түүнийг тод манлай уяач Д.Дагвадоржийн хүү гэдгээр нь морины хорхойтнууд сайн мэднэ. Улсын наадамд ес дэх жилээ морь уяж буй Д.Даяндэмидийн сартай хонгор хязаалан магнайдаа тоосгүй хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан юм. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Мөнхбатын зээрд, айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хүрэн, дөрөвт Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар, тавд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ хурдлав. Улсын наадмаас анхны түрүүгээ хүртсэн Д.Даяндэмид “Улсын наадамд морио анх удаа айрагдуулсан нь түрүү байлаа.
Өмнө нь хамгийн урдуур ирлээ л гэхэд 10 гаргадаг байсан юм. Энэ жил төрийн наадамд 10 гаруй хүлгээ сойсон ч шигшиж байгаад гурвыг нь уралдууллаа. Хонгор хязаалан минь улсын наадамд түрүүлсэн наран хэмээх хонгор азарганы төл. Эх нь тод манлай уяач Дугараа (Б.Бат-Өлзий) ахын хүрэн гүү. Өмнө нь ямар нэгэн наадамд сойгоогүй битүү үрээ. Намайг уяач болоход, адуу малтай ойр явахад аав их нөлөөлсөн” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцав.
Шүдлэн насны уралдааны төдийгүй өнөө жилийн наадмын чимэг нь Ц.Баярбат хүү байлаа. 13 настай түүний унасан, Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан шүдлэн хол тасархай түрүүлж байсан ч барианд орохын өмнө хадуурч яваад бүдэрч унав. Ц.Баярбат ч мориныхоо хүзүүн дээгүүр давж унана лээ. Хэдийгээр энэ бүхэн агшин зуур болсон ч цовоо хүү жолоогоо алдаагүй, чанга зуурсаар босоод ирэв. Яах аргагүй хөдөө өссөн, монгол хүүхдээс л гарах үйлдэл. Ойролцоо нь байсан цагдаагийн офицер Н.Батнасан, нэгэн сонсогчийн хамт хүүг моринд нь мордуулав. Энэ хооронд араас нь нэхэж явсан морьд аль хэдийн гүйцчихлээ.
Зээрд шүдлэн жирийлгэсээр, Ц.Баярбат хүү мэрийсээр араас нь нэхсээр гуравт орсон нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, аньсагыг нь чийгтүүлэв. Эл уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Г.Ганбаярын хар үрээ түрүүлж, Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хар аман хүзүүдэв. Айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, улсын манлай уяач Б.Баярдоржийн хар халзан, тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач О.Амгаланбаатарын хээр алаг шүдлэн орлоо. Уралдааны дараа Ц.Баярбат “Бариа руу дөхөх үед үрээ маань уяа руу ханарсан юм. Тэгэхээр нь амыг нь татсан чинь бүдэрчихлээ. Үрээгээ жил гаруй унаж байна. Дандаа ингэж хадуурдаг юм. Уг нь баараггүй түрүүллээ гэж бодсон юм сан” хэмээн сэтгэл дундуур өгүүлэв. Харин зээрд үрээний эзэн Баттулгын аав, аймгийн алдарт уяач Б.Гончиг “Халзан үрээ минь хадуурдаг муу зантай. Энэ удаа ч бас тэгж яваад бүдэрчихлээ.
Бүх юм талаар боллоо гээд харамсаж суутал унаач хүү минь айрагдууллаа. Хүүхэд нь цовоо, авхаалжтай тулдаа л гуравт оруулсан юм шүү. Би Завхан аймгийн Отгон сумын хүн. Аймаг, бүсийн наадмаас гурван түрүү, 12 айраг хүртсэн. Улсын наадамд морио анх удаа айрагдууллаа. Сэтгэл их хөдөлж байна. Халзан үрээ өнгөрсөн жил Булган аймгийн 80 жилийн ойд шар үстэйгээ уралдаад зургаад давхисан. Энэ жил нэлээд горьдлоготой ирсэн минь талаар болсонгүй” гэв. Ц.Баярбат хүү хязаалангийн уралдаанд мөн унасан хүлгээ айрагдуулсан. Улсын наадмаас түрүү, айраг хүртсэн уяачдад шагнал гардуулахад тэрбээр Төв цэнгэлдэхэд халзан шүдлэнгээ бус, айрагдуулсан хязаалангаа унаж орсон юм билээ. Гэтэл наадамчин олон уяач Г.Баттулгыг шагнал авахдаа халзан үрээгээ Ц.Баярбатаар бус, өөрийнхөө хүүхдээр унуулсан хэмээн андуурна лээ.
Адуун сүргийн манлай азарганы уралдаанд улсын наадамд түрүүлсэн магнай халиун, наран хонгор, дүү хээр, монгол хээр тэргүүтэй Монголд цуутай 228 ажнайг бүртгэснээс 163 нь хурд сорьсон. Газар газраас цугласан олон буянаас хамгийн хурдан нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, тод манлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга байлаа. Монгол түмэн “Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай” хэмээн бэлгэшээдэг. Тэгвэл энэ ажнай 2015 онд улсын наадмын баян ходоод болж байсан юм. Шүдлэн насандаа улсын наадамд 20-д давхин, Баянчандмань сумын наадам, Ч.Санжаадамбын аварга цолны мялаалгад түрүүлжээ. Дараа жил нь төвийн бүсийн уралдаанд айрагдан, 2018 онд соёолон насандаа улсын наадамд аман хүзүүдсэн хүлэг.
Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэг гурван жилийн өмнө улсын наадамд зээрд азаргаа гуравт давхиулсан. Тэр жил түүний дүү, улсын манлай уяач О.Батболдын хээр азарга аман хүзүүдсэн билээ. Өнөө жил улсын наадмын азарганы уралдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Н.Баттөмөрийн сартай хонгор аман хүзүүдсэн бол айргийн гуравт Хан-Уул дүүргийн уяач П.Мөнтулгын бор, дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн алдарт уяач А.Эрдэнэбатын хул, тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хар азарга давхин, торгон жолоо өргүүлэв. Морины хорхойтнуудад харамсалтай мэдээ дуулгахад, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, улсын алдарт уяач Т.Болдбаатарын, улсын наадамд хоёр түрүүлсэн магнай хэмээх халиун азарга наадмын дараа энджээ.
Их насны морины уралдаанд 271 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, тод манлай уяач Т.Галбадрахын бор морь түрүүлж, тод магнай болов. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Мөнххуягийн цавьдар давхив. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уяач Х.Бадамсүрэнгийн хээр, дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хар, тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь тус тус давхилаа.
Наадамчин олны хамгийн их хүсэн хүлээдэг үйл явдлын нэг бол соёолонгийн тоосонд дарагдах. Энэ жил соёолонгийн тоосонд дарагдаж, хөлснөөс нь адис авах гэсэн хүмүүс морь гарааны зурхайгаас эргээгүй байхад барианы газар хуран цугларч, цахилан цахилсаар барианы зурхайд орж ирэх мөчийг нь сэтгэл догдлон хүлээж байлаа. Энэ жилийн наадамд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы халиун хурдалсан бол гуравт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Ч.Махбалын хүрэн, дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уяач С.Нямжавын сартай хээр, тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор давхилаа.
Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдааныг хүн бүхэн үзэх дуртай. Даага ижил сүрэгтээ яаран яаран, эхийнхээ сүүг санан санан давхидаг гэлцдэг. Нийт 177 хурдан даага уралдсанаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Ч.Ганзоригийн халтар түрүүлж, аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Д.Лхагвасүрэнгийн халиун давхив. Айргийн гуравт Дорнод аймгийн Сүмбэр сумын уяач С.Батмөнхийн хээр, дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Ж.Эрдэнэбатын хүрэн халзан, тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хул даага орж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулав.
Жилийн жилд хурдан морьдыг эрлийз, монгол гэж ялгахад хүндрэл гардаг. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт сэрвээний өндрийг нь хэмжиж, үүлдэрлэг байдлыг нь нүдэн баримжаагаар хардаг нь дэндүү болхи арга. Үүнээс болж том биетэй монгол морьтой уяачид эрлийз гэсэн шалтгаанаар хасуулж, бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирч байна. Монгол морь болгон жижигхэн биетэй биш. Ялангуяа зүүн аймгийн адуу том биетэй, өндөр чацтай. Ийм морьдыг Хурдан морины комиссынхон таньж, ялгаж чадахгүй байна гэж зарим уяач, наадамчид шүүмжилж, бухимдаж байлаа.
ШИНЭ МЭРГЭН ХАРВААЧДААР ЦУС СЭЛБЭВ
Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халх сурын харваа уламжлал ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар сурын талбай, шагайн асраар зочилж, сум тавьж, хурсан олонд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.
540 харваач цэц сорьсноос 180 нь эмэгтэй харваач байсан юм. Энэ жилийн сурын харваа нь өмнөх жилүүдийнхээс онцлогтой болсон нь үндэсний сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн Э.Цогбаяр 40 сумнаас 39 онож цэц мэргэнээ гайхууллаа. Төв аймгийн Зуунмод сумын уугуул тэрбээр “Зуун мэргэн” холбооны харваач юм. Түүний энэ амжилт нь 1995 оны үндэсний их баяр наадамд даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүүгийн 40 сумнаас 40 нь байгаа онож байсан түүхэн үеийг эргэн сануулж, энэ жилийн баярын өдрүүдийн нэгэн чимэг болов.
Тэрбээр энэ жил аймаг, улсын наадамд түрүүлсэн давхар баярын эзэн болж, улсын мэргэн цол хүртлээ. Удаах байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Хангарди” спорт клубийн харваач Э.Ганчулууны тавьсан 40 сумны 38 нь байгаа оносноор аймгийн мэргэнээс улсын гарамгай харваач болсон. Тэрбээр 2007 онд сурын харваанд хөл тавьж байжээ. Харин нэгхэн сумаар дутсан Д.Чулуунбат улсын гоц харваач цол хүртлээ.
Энэ жилийн үндэсний их баяр наадмаар эмэгтэй харваачдаас мөн л улсын мэргэн төрөв. 40 сумных нь 37 нь байгаа оносон Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, аймгийн мэргэн Ө.Хатанболор энэ жилийн сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд өнгөлсөн юм. Тэрбээр 2013 оноос сур харваагаар хичээллэж эхэлсэн аж. Ө.Хатанболор “Улсын мэргэн цол хүртсэндээ баяртай байна. Хамгийн түрүүнд ээждээ, тэнгэрт байгаа аавдаа баярлалаа гэж хэлье. Аав минь тэнгэрийн орноос охиноо хараад бахархаж байгаа байх” гэсэн юм. Улсын мэргэн Б.Пунсалдулам баяр дээр чимэг нэмж, хоёрдугаар байрт орсон бол гуравдугаар байрын төлөө спортын мастер Х.Даваацэцэг, Б.Баярцэцэг нар товх харвав. Товх харваанд Булган аймгийн уугуул, “Петровис” багийн харваач Б.Баярцэцэг ялж, улсын гоц мэргэн цол хүртлээ.
Сурын харваа нь бөхийн барилдаан, хурдан морины уралдаанаас гадаадын иргэн оролцож болдгоороо давуу талтай. Энэ жилийн наадмаар Австрали улсын иргэн Роберт оролцсон юм. Сурын харваагаар гурван жил хичээллэж буй тэрбээр “Засагт хан” клубт харьяалагддаг аж. Роберт өмнө нь нэг удаа үндэсний их баяр наадамд нумаа эвшээлгэж байсан бөгөөд 40 сумнаас 20 нь байгаа оносон амжилтаар энэ жилийн баяр наадмыг өндөрлүүлжээ.
ЗАЛУУ ХАРВААЧИД ХҮЧ ТҮРЛЭЭ
1998 оноос улсын их баяр наадамд дөрөв дэх төрөл болгон багтаасан шагайн харваа энэ жил өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Шагай харваанд 84 багийн тамирчид цэц мэргэнээ сорьсон нь өмнөх жилүүдийнхээс хамгийн олон харваач оролцсон наадам болсныг онцлох нь зүйтэй болов уу. Шагайн харвааны түрүүг 2007-2009 онд дараалан гурван жил аваргалсан Төмөр замын баг авсан юм. Тэдэнтэй эн тэнцүүхэн өрсөлдсөн баг бол АПУ компанийн залуу харваачид байлаа. Тус багт 20-35 насны залуу харваачид багтсан нь онцлог байв. Түүнчлэн гуравдугаар байр эзэлсэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг ч идэр залуучуудаар багаа бүрдүүлсэн нь энэ жил залуу харваачид хүч түрэн гарч ирж буйг баталлаа.
Энэ нь тус спортоор хичээллэгчид олширч буйн илрэл гэдгийг сонирхогчид, ахмад харваачид хэлж байсан. Шагайн харваа үндэсний их баяр наадмын нэг төрөл болсноос хойш нас насны харваачдыг оролцуулан байр эзлүүлдэг байсан бол энэ жил шинэчлэл хийсэн байв. Учир нь 60 хүртэлх насныхан, 60-аас дээш насныхан хэмээн ангилж, ахмадын харваа зохион байгуулсан нь энэ жилийн наадмын бас нэгэн онцлог болсон юм.