“Hi-Fi” рекордсын захирал Ц.Нацагдорж 2002 онд санаачлан, зохион байгуулсан “Play¬time” хөгжмийн наадам 18 нас хүрлээ. Орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг, дуучдыг танилцуулах зорилготой тус наадам энэ сарын 5-7-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт болсон.
Эл наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед дэлгэрсэн хөгжмийн шинэ урсгал, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдний уран бүтээлийг олонд хүргэх боломж олгосноороо онцлог юм. “The lemons”, “A sound”, “The colors”, “Моханик” гэхчлэн олон хамтлаг энэхүү наадмаас уран бүтээлийн гараагаа эхэлж, сонсогчдод танигдсан. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин тус наадамд оролцон, уран бүтээлээ хүргэсний дотор АНУ, Британи, ОХУ, Япон, БНСУ, ӨМӨЗО-ы уран бүтээлчид урилгаар оролцсон байдаг. Түүнчлэн Шведийн “The radio dept”, ОХУ-ын “Муммий тролль”, Британийн “Peter hook and the lights”, АНУ-ын “The pains of being pure at heart”, Японы “Mono”, “The fin”, “Envy” зэрэг дэлхийд алдартай хамтлаг тус наадмын тайзан дээрээс уран бүтээлээ хүргэж байв.
Энэ жилийн наадамд Монголын хамтлаг, уран бүтээлчдээс гадна Тайванийн “Sunset rollercoaster”, Францын “Onra”, Германы “Tolouse low trax”, Өмнөд Солонгосын “Dabda”, “Kingston rudieska”, Японы “Omni sight”, “People jam”, АНУ-ын “Yo la tengo”, Польшийн “Blazej Malinowski”, Британийн “The wedding present”, Австралийн “Rhyme”, Мексикийн “Elis paprika and the black pilgrims” зэрэг олон урсгал, чиглэлээр туурвидаг хамтлаг, шилдэг дижей, реппер, дуучин, уран бүтээлч гурав хоногийн турш “Play¬time”, “Нааглихац”, “La vie en rose” тайзан дээр тоглосон юм.
Гадаадын болон монгол уран бүтээлчдийн тоглолтуудаас бүрдсэн үндсэн хөтөлбөрөөс гадна энэ жил “La vie en rose”, “Waldo”, “Lendmn” асарт гурван хоногийн турш арга хэмжээнүүд зохион байгуулснаараа онцлог. Тодруулбал, “La vie en rose” асарт “Ногоон амьдралын хэв маяг”, “Бүтээлч сэтгэлгээ ба инновац”, “Монголын ирээдүйн хөгжлийн дүр зураг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн “UB comedy”, “Comedy lab” клубийн хамтарсан үзүүлбэр, жааз тоглолт, иогийн хичээл зохион байгуулсан юм. “Waldo” асарт “Тайвшралын хөндий” сэдэвт “Чимээгүй үдэшлэг”, түргэн болзоо, илбийн үзүүлбэртэй байлаа. “Lendmn” асарт дижей нарын үзүүлбэр, “Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулав. Түүнчлэн “Тагтаа” хэвлэлийн газрын зохион байгуулсан яруу найргийн уншлагад оролцож, “Алтан хальс” кино наадмын шилдэг бүтээлүүдийг үзэх боломж бүрдүүлсэн.
Дуу чимээнээс түр ч болов холдож, тайван орчинд байхыг хүссэн хэн бүхэнд “Waldo” асар нээлттэй байв. Энд “UB passport”-ын чихэвчтэй, чимээгүй үдэшлэгт оролцож, эсвэл кофе уух зууртаа хөгжмийн намуухан хэмнэлд амрах боломжийг нээжээ. Түүнээс гадна Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам энэ жил дахин “Playtime”-тай нэгдсэн нь сонирхол татсан. Ингэснээр “Урлагтай яриа” уулзалт ярилцлага зохион байгуулж, Франц, Герман, Хятад зэрэг улсын уран бүтээлчдийн шинжлэх ухаан, технологи, урлагт хил хязгаар, орон зай, ялгаа үгүй гэдгийг харуулсан медиа бүтээлүүд, инстоляцыг сонирхох боломж олдсон.