Халуун өдрүүдэд голын эрэг бараадах хүний тоо ихэсдэг. Амралт, зугаалгын үед иргэдийн анхаарал сулардаг учраас гол, усны үерт өртөх эрсдэлтэй. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс онцгой байдлын болон цагдаагийн алба хаагчид хамтран найм дахь жилдээ завьтай эргүүл хийж буй. Тэд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл өдөр бүр Туул голын эрэг дагуу 24 цаг ажиллаж байна. Аврагч нарын ажлыг сурвалж лахаар өнгөрсөн ням гарагт хамтдаа явлаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 105 дугаар ангийн алба хаагчид хоёр хуваагдан завьтай эргүүл хийж байна. Бидэнтэй хамт ажилласан аврагч нар Баянзүрхийн XX дугаар хорооны нутаг дахь ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урдаас тус дүүргийн гүүр хүртэл хяналт тавьсан. Харин нөгөө хэсгийнхэн Сонсголонгийн гүүрнээс Био комбинат хүртэл ажиллаж байна. Хөвсгөл аймагт ч ийм эргүүл ажиллуулахаар ОБЕГ-ынхан төлөвлөжээ.
Туул голын усны түвшин үерлээгүй байхдаа зарим газраараа 2-3 метр гаруй гүн байв. Аврагч нар сэлж, өөрсдийн биеэр усны түвшинг хэмждэг юм байна. Завь нь 4-6 хүний даацтай. Хувцас, хэрэглэл нь олон улсын стандартад нийцсэн гэнэ. Хувцсыг нь өмсөхөд бага зэрэг чийгтэй байсан ч хурдан хатдаг, хөвдөг мате риалтай аж. Хурц наранд ийм хувцастай өдөржин завь сэлүүрдэнэ гэдэг амаргүй ажил юм билээ. Тэд ийм маягтай өдөржин явна. Завинаасаа бууж, суун иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, тараах материал өгөх ёстой. Өнгөрсөн онд усанд осолдож, амиа алдсан хүмүүсийн 90 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг албаныхан тараах материалдаа онцолжээ. Зарим нь уншилгүй чулуудаж байхад хэсэг хүн анхааралтай гэгч нь аврагчийн яриаг сонсож байв.
Энэ жил өнгөрсөн оныг бодвол усархаг жил тохиож буй. Тэр хэрээр гол усны үерийн түвшин зарим газраар давсныг Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Гадаргын усны судалгааны хэлтсээс мэдээлсэн. Тодруулбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд зэрэг голын усны түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-85 см ахиу байна (зургадугаар сарын сүүлийн арав хоногийн байдлаар). Хүдэр, Хараа, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Шивэрт, Сөгнөгөр, Шарын зэрэг голын усны түвшин өнгөрсөн арав хоногт 5-20 см нэмэгдсэн байгаа юм. Хэт халалт, усархаг бороо зэрэг байгалийн үзэгдлийг урьдчилан мэдээлдэг болсон өнөө үед анхааруулсаар байхад иргэд усанд осолдож, амиа алддаг. Улсын хэмжээнд он гарснаас хойш 42 удаа дуудлага ирсэн байна. Нийт 30 хүн нас барсны 26 нь насанд хүрсэн, үлдсэн нь хүү хэд байжээ.
...Эрэг дагуу “Хуушуур” гэсэн хаягтай явуулын гуанз хоёроор нэмэгдсэнийг алба хаагчид хэлсэн. Энэ байдлаараа удвал Гачуурт, Хар усан тохой, Маршалын гүүр орчим хогийн цэг эсвэл, шорлог, хуушуур зардаг үйлчилгээний бүс болж мэдэх нь ээ...
Завьтай болон явган эргүүл хийсний үр дүнд үер, усны дуудлагын тоо сүүлийн жилүүдэд бага боловч буурсан нь энэ аж. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдал засрахгүй байгааг алба хаагчид онцолсон.
Аврагчид завиа голд тавихын өмнө автомашинтай эргүүл хийлээ. Хар усан тохойн шугуйд бөө бөөлж байв. Хэнгэрэг нүдэх тэд гал алдвал түймэр тавих эрсдэлтэй. Ямар нэг зан үйл хийх нь тэдний эрх ч гэлээ байгалиа бохирдуулахгүй, галаа унтраах нь хүн бүрийн үүрэг. Тиймээс алба хаагчид бөө болон сүсэглэгчдэд сануулга өгөв. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 105 дугаар ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч Б.Энхбаяраа “Модонд хадаг уядаг уламжлалаа хаа очиж больчихжээ. Энд бөө нар байсхийгээд л шавчихдаг” гэв.
Цааш явахад идэж, уусан, хэрэглэсэн зүйлсийнхээ хогийг иргэд мод, бутны завсарт орхисон байна. Уг нь хажууханд нь хогийн сав харагдсан. Ойрд ачаагүй юү, эсвэл хүмүүсийн хөлд дарагдсан уу зарим хогийн савны “хоол” нь хальжээ. Уг нь хогийн сав дүүрсэн ч хаягдлаа гадна нь орхилгүй аваад явж болно шүү дээ.
Том оврын гурван автобус гол руу явж байхад нь онцгой байдлын алба хаагчид түр саатуулсан. Тэнд 3-11 дүгээр ангийн 150 гаруй хүүхэд, багш нарын хамт байв. Аврагч нар тэдэнд сэрэмжлүүлэх материалаа танилцуулаад хараа, хяналтгүй гол, ус руу орохгүй байхыг зөвлөөд, багш нарт нь сайтар сануулав. Тэд Монголын скаутуудын холбооныхон гэсэн. Байгальтай танилцаж, ил задгай хаясан хог түүхээр иржээ. Томчуудыг бодвол идэж, уусан зүйлсийнхээ хогийг хаяхгүй, нэг удаагийн сав хэрэглэхгүй эко аялж байна лээ.
Автомашинтай хэсэг явсны дараа хүн их цугласан газарт завьт эргүүлүүд ажиллав. Хүмүүс согтууруулах ундаа хэрэглэж, бага насны хүүхэдтэйгээ гол дотор тоглох нь элбэг аж. Тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж, болзошгүй аюулаас сэргийлэхийг санууллаа.
“Playtime” олон улсын хөгжмийн наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн XX хороо буюу Гачуурт тосгонд байрлах “Монгол шилтгээн”-д болсон. Тус газар Туул голын эрэг дагуу байрладаг. Наадамд оролцож буй залуусын олонх нь согтуу гэхэд хилсдэхгүй. Тэдний зарим нь эрэг дагуу унтаж, уйлж, дуулж, бүжиглэж байлаа. Нүд нь улайсан, халамцуу залуус нэгнээ гол руу шидэж, тоглож байхтай таарав. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хоорондоо муудалцаж, санамсаргүй тохиолдлоор осол гарахыг үгүйсгэхгүй. Хөл алдаж, живээд 3-4 минут болоход л тухайн хүний уушгинд ус дүүрдэг тул амийг нь аврахад бэрх гэдгийг онцгой байдлынхан анхааруулав. Дэслэгч Д.Энхбаяраа “Иргэд живсэн, алга болсон хүнийг өөрсдөө хайж цаг алддаг. Хэн нэгэн алга болсон эсвэл, живсэн тохиолдолд 105 дугаарын утсанд яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Аврагч нар доод тал нь зургаан жил ажиллаж байгаа туршлагатай. Тиймээс хаагуур үертэй, хүн осолдож болзошгүйг сайн мэднэ. Нийслэлийн Засаг даргын захирамж 2011 онд гарсан боловч түүнээс өмнө буюу 1998 оноос хойш Онцгой байдлын ерөнхий газраас завьтай эргүүл явуулсан юм. Бид амьдралынхаа 20 гаруй жилийг Туулын хөвөөнд өнгөрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Харин энэ жил 24 цагийн турш ажиллаж байгаагаараа онцлог. Улсын хэмжээнд Аврах анги ганцхан бий. Гал түймэртэй тэмцэх ангийнхан ч нэмэлтээр эргүүл хийж байгаа. Өнөөдөр эргүүлд гарсан алба хаагчид маргааш өглөө нь дахин хагас өдөр ажилладаг” гэв.
Завьт эргүүлийг харсан хүмүүс “Ямар гоё юм бэ, амархан ажил байна” гэж дуу алдаж байв. Уучлаарай, хамгийн хүнд үүрэгтэй аврагчдыг тийм хуумгай дүгнэж болохгүй. Тэд заасан чиглэлийн дагуу өдөрт гурван удаа “урсаж”, 24 цагийн турш сэлүүрдэж, үргэлж сонор сэрэмжтэй явж, тархи сэтгэлээ бидний төлөө “шатаадаг” юм билээ. Завины сэлүүр хүнд биш ч гэлээ богино учир гар нь их чилдэг бололтой. Тэд үргэлж нар, салхинд “алгадуулсаар” нүүр, гар нь харлаж, арьс нь хуурчихжээ. Тус ангийн аврагч М.Оюунбаатар “Хүний амь аварч байвал арьс хуурах зэрэг ч яамай” гээд тоосон шинжгүй байна лээ. Мөн тэрбээр “Иргэд гайгүй байна гэж ганц, хоёр алхам урагшилсаар хөл алддаг. Гол, нуурын эрэгт ууж, идчихээд усанд сэрүүцэх гэж ороод живдэг. Энэ бол маш түгээмэл тохиолддог, дэндүү хариуцлагагүй үйлдэл. Сэлж чаддаг байсан ч сэрэмж илүүдэхгүй. Хөзөр тоглох зэрэгт анхаарлаа сатааруулан бага насны хүүхдээ голын эрэгт хайхрамжгүй орхидог нь хамгийн хариуцлагагүй явдал” гэж ярьсан.
“Монгол шилтгээн” амралтын бааз өнгөрмөгц аврах ажиллагааны зааварлагчид дуудлага ирэв. Био комбинатын үйлдвэрийн ойролцоо орших “Урсгал” (нэрийг өөрчлөв) сувилалд амарч байсан 68 настай, эрэгтэй Б алга болсон дуудлага өнгөрсөн сарын 26-нд тэдэнд ирсэн аж. Тус иргэн усанд осолдсон, эсэх нь тодорхойгүй тул дотоод журмын дагуу 7-8 хоног хайгаад аврагч нар ар гэрийнхнийх нь хүсэлтээр хайгуулаа зогсоосон юм байна. Өнгөрсөн ням гарагт талийгаачийн цогцсыг Аврах 105 дугаар ангийнхан олов. Усанд удсан цогцос хөөж, арьс нь зумардаг аж. Цогцос “зараа” буюу унасан модны ёроолд тогтсоныг аврагч нар эргүүл хийх явцдаа илрүүлжээ.
Өнгөрсөн бямба гарагт гэхэд стандартын бус, урд хөршөөс оруулж ирсэн завин дээр тоглож байсан зургаан настай хүүхэд Туул голд живсэн байна. Аврагч нар ойрхон байсан тулдаа амжиж амийг нь аварчээ.
Завьт эргүүлээс гадна дөрвөлжин урсгал буюу дөрвөн дугуйт автомашинтай хүмүүс ажиллаж байв. Тэдэнтэй хамт явлаа. Автомашинаа голд угааж, тэр ч бүү хэл Туул “ээж” рүүгээ шээж байсан хүнтэй таарсан. Уг нь иргэд машинаа гол, нуураас 25-50 м зайтай байрлуулах ёстой. Гол, усны ойролцоо автомашинаа угаасан иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгох ёстой ч онцгой байдлынхан тийм эрхгүй аж.
Эрэг дагуу “Хуушуур” гэсэн хаягтай явуулын гуанз хоёроор нэмэгдсэнийг алба хаагчид хэлсэн. Энэ байдлаараа удвал Гачуурт, Хар усан тохой, Маршалын гүүр орчим хогийн цэг эсвэл, шорлог, хуушуур зардаг үйлчилгээний бүс болж мэдэх нь ээ.
Туул гол ширүүн урсгалтай аж. “Эргүүлэг”, “Хясаат” зэргээр нэрлэсэн газраар урсгал нь илүү ширүүн. Тиймээс аль ч тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байхыг албаныхан ахин, дахин сануулж байна. Иргэдийг хянахын тулд нэгдсэн журмаар орж, гардаг тодорхой цэг байгуулж, тухайн газруудад хяналт тавибал зөрчил, осол гарахгүй байхад нэмэртэй гэж албаныхан хэллээ.