Манай хамар хашаанд “луузан” хочтой Лхамжав гэдэг өвөө амьдардаг байлаа. Эхнэртэй байсан ч хүүхэдгүй хүн байсан юм. Хөгшин нь нилээд хэдэн жилийн өмнө бурханы оронд залраад Лхамжав гуай ганцаараа нилээд зутруухан л амьдардаг болов. Өөрийнх нь ах дүүгийн хүүхдүүд, эхнэрийнх нь ч хамаатнууд олон боловч өвгөн зожиг бас ааш муутай тул хөгшнөөс нь хойш тэднийхээр хүн амьтан ч орж гарахаа болив.
Өвгөний барьдаг хөөрөг, гаанс гээд ер нь нилээд үнэтэй эртний зүйл эдэлж хэрэглэнэ. Харин их харамч болохоор нь түүнийг “Өглөө” киноны хавчиг Луузангийн нэрээр хочилсон аж. Олон жил амьдарсан хөршүүддээ битгий хэл өвчин зовлон тохиолдсон, ядарч зүдэрсэн ах дүү хамаатан садандаа ч гар сунгадаггүй хахир хүн юмсанж. Он жил явсаар өвгөн ная хол гарч өөрөө явж ч чадахаа болив. Хамаатан садангаас нь ирж асрах хүн олдсонгүй. Гэтэл замын цаад талын хашаанд амьдардаг нэг авгай 300 мянган төгрөгөөр асрахаар болов. Ингээд тэр эмэгтэй өвгөний хоол ундыг хийж, гадаа салхилуулж, ус цасанд оруулан үнэхээр сайн асарч байлаа. Гэтэл хоёр сарын дараа аав өвгөний биеийг нь асуухаар орох гэтэл Лхамжав гуай байшингийнхаа довжоон дээр хэвтэж байхтай таарчээ.
Аав ч сандран хүн амьтан дуудаж эмнэлэг домлог болж. Харин асарч байсан эмэгтэй байшин дотор нь нас барсан байлаа. Өвгөн босож чадахгүй тул мөлхсөөр байгаад нэг өдрийг авсан байжээ. Эмчийн үзлэгээр эмэгтэй цус харвасан байв. За ингээд өвгөнийг харах хүнгүй болов. “Харсаар байгаад хүнийг үхүүлэлтэй биш миний хүүхдүүд орж хоол цайг нь дөхүүлж галыг нь түлж өг” гэж аав эхнэр бид хоёрыг явуулж бид ч чадах чинээгээрээ асарч тойлох болов. Өвгөн өдрөөс өдөрт дор орсоор. Эмнэлэг насны доройтол гээд авах ч үгүй болов. Нэг өдөр өвгөний галыг түлж, цай чанаад уулгах гэтэл Лхамжав гуай аягатай цайг цааш нь зөөлхөн түлхэснээ хэдийнээ гал нь бөхсөн нүдээр намайг удтал ширтэж байснаа “Чихэнд чинь юм хэлье” гэж аядуухан дуугарав.
Тэгээд “Урд хашааны Пагма авгай миний жоорыг олж харчихаад ухаан алдаад уначихсан. Шуналаа гэж айхтар юм даа. Доржпаламын хүүхдүүд (Дорждалай гэж манай аавыг хэлж байгаа нь) амны хишигтэй хүүхдүүд юм. Цаад шүүгээнийхээ доод шургуулгыг тат” гэлээ. Би гайхсаар өвгөний хэлснийг хийв. Тэгсэн өвгөн цааш нь “Шургуулаганы ёроолд нэг нарийхан утас бий” гэж байна. Олоод татлаа. Шургуулага давхар ёроолтой юмсанж. Тэр дотор мөнгөн дэвсгэр, алт үнэт эдлэл дүүрэн байх нь тэр. Өвгөн “Би ч одоо өнгөрлөө. Алт мөнгө хүний насыг уртасгадаггүй юм байна. Гэхдээ би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олсон хөрөнгө амттай байдаг юм шүү гэж хүмүүст, ах дүү нартаа ойлгуулах гээд чадаагүй юм. Одоо наадахыг чинь аваад авсанд оролтой биш” гэж хэлээд нүд аньсан юм. Би тэр хөрөнгийг аваагүй. Аав ч халгаасангүй. Хамаатнууд нь Лхамжав гуайг нас хальсан тухай дуулгасан ч ирэх хүн олдохгүй болохоор нь хөрөнгөний тухайд хэлтэл жар гаруй хүн тэр дороо цугларсан даа.