Энэ дөрвөн жилд хууль тогтоох чиглэлээр эрх баригч хүчний хийх ёстой хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Учир нь тэд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төр бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж, шийдвэрлэнэ” хэмээн заасан. Үүнээс ч том шалтгаан бий. Шилжилтийн үеийн Үндсэн хуулиа сайжруулах, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийнхэн бүх түвшиндээ санал нэгдээд багагүй хугацаа өнгөрч байна.
Үндсэн хуулийг өөрчлөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн эрх баригч хүчин хэн нэгнээс санал гуйж, царай алдахгүйгээр баталчих тооны суудалтай, олон нийтэд ч “Хийгээд үзэх нь зөв” хэмээн хүлээн зөвшөөрөх хандлага давамгайлсан энэ үеийг “Эцэг хууль”-д засвар оруулах тохиромжтой хугацаа” хэмээж байгаа юм. Ийм нөхцөлд бид Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх тухайд бус, хэр оновчтой, нүдээ олсон өөрчлөлт хийх нь вэ гэдэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй болоод буй билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасан, эргэлзээ төрүүлж, шүүмжлэл дагуулсан заалтуудыг онцлон, олон талын мэдээлэл, байр суурийг хүргэхийг чухалчилж байгаа юм. Энэ удаа нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой, тэр дундаа сумын Засаг даргыг ИТХ-аас томилдог байсныг иргэдээс сонгодог болгон өөрчлөх заалтад анхаарлыг тань хандуулж байна.
Сумын Засаг дарга нартай уулзахад олон зовлон тоочдог. Тэдгээрийн хамгийн нийтлэг, бараг бүгдийнх нь амнаас гардаг нь “Эрх мэдэл бага. Хуулиар олгосон багахан эрх мэдлээ өөрийнхөөрөө хэрэгжүүлэх, ёс зүй, хууль дүрмээс гажсан нөхдөд хариуцлага тооцох, шударга ёсыг шаардах гэхээр өөрөө огцорчих гээд байдаг. Сумын Засаг дарга хэмээх албан тушаалын хувь заяа ИТХ-ын хэдхэн төлөөлөгчийн гарт байдаг учраас нэг бол тэдний атганд орох, эсвэл огцрох болдог” гэх яриа.
Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар сумын Засаг даргыг тухайн сумын ИТХ-аас томилдог, огцруулах эрх мэдэл нь ч ИТХ-д хадгалагддаг. Орон нутгийн удирдлага ажлаа хийж, чиг үүргээ хэн нэгнээс хараат бусаар хэрэгжүүлэх боломжийг хаадаг, асуудал үүсгэдэг томоохон шалтгаан нь хуулийн энэ заалт.
...“Энэ заалтыг оруулснаар төрийн нэгдмэл бодлого, нутгийн иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх тэнцвэр хангагдахаас гадна орон нутаг дахь улстөржилтөөс залхсан олон нийтийн хүлээлтэд нийцнэ” хэмээн тооцож буй юм билээ...
Сумын ИТХ хорь хүрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй. АН, МАН гэсэн улс төрийн хоёр хүчин төр, засаг, орон нутгийн удирдлагад ээлжилдэг. Ингэхдээ хоёр гол нам ИТХ-д хүчний харьцаа хол зөрүүгүй, тэнцүү шахам суудал авах нь олонтоо. Асуудал чухам эндээс л эхэлнэ. Нэгээр илүү бол мянгаар илүү гэдэгчлэн арай олон суудал авсан тал нь Засаг даргаа томилно. Тэгээд ИТХ-ын төлөөлөгчид, намын нөхөд нь “Бид сумдаа ялалт байгуулсан. Одоо ялалт авчирсан гишүүдээ харж үзэх ёстой. Сум хөгжүүлэх сан, энд тэндээс орж ирсэн мөнгөнөөсөө өг” гээд төсөл бариад орох, эсвэл “Намынхнаа ажилд оруул” хэмээн хамаатан садангаа хөтлөөд ирэх нь олон.
Энэ үед намын нөхдөдөө тал алдахгүйн тулд төрийн хүний ёс зүй, зарчмаас ухрах, эсвэл журмын нөхдөдөө муу хүн болж, орон нутгийн ажлыг дүрэм, журмаар нь явуулах гэсэн сонголтгүй сонголт сумын Засаг даргад тулж ирнэ. Тухайн Засаг дарга зарчим дагахаар шийдэж, “Орон нутгийн дансанд байгаа хэдэн төгрөгийг ИТХ-ын гишүүдэд биш, жинхэнээсээ тариа ногоо тарьдаг, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст өгөх ёстой юм. Таны хамаатнаа оруулах гээд буй орон тоон дээр ажлаа мэддэг, туршлагатай, сайн ажилтан байгаа” гэж хэлээд гаргавал намын нөхөр нь “хорхойтой араандаа зуучихна”.
Энэ мэтээр гуйлт, хүсэлтийг нь биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгөх тоолонд “өөрийнхөн” дунд зөрчил үүсэж, нам дотроо 4-5 хүнд тал алдахад л сумын Засаг дарга огцрох нөхцөл бүрддэг. Засаг даргаар хүссэн шийдвэрээ гаргуулж чадаагүй, ямар нэг байдлаар зөрчилдсөн хэд нэгдэж, сөрөг хүчнийхнээс тусламж хүснэ. Ийм үед сөрөг хүчнийхэн инээж байгаад Засаг даргыг огцруулах нь тодорхой. Тэр бүр хэвлэл мэдээллээр гараад байдаггүй л болохоос ийм явдал нийтлэг үзэгдэл болчихоод буй, сумын Засаг дарга ИТХ-ын хэдхэн төлөөлөгчийн “атганд” байдаг талаар олон удаа сонсож байв.
Буруу зүйлээс зөв үр дүн гарах нь ховор. Сумд бий болсон энэ байдал орон нутгийн ажил, иргэдийн ахуй амьдрал, хөгжил дэвшилд ч тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэх нь мэдээж. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ханцуй шамласан дээр нь энэ асуудлаа ч засаж, залруулаад авъя гэсэн санааг иргэд уулзалт, хэлэлцүүлгийн үеэр олонтоо хэлж, орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд ч үүнийг нь дэмжин, санал нэгдсэн байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан “Сумын Засаг даргыг иргэд сонгодог болох” санал, үүнийг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд дэмжсэн байдал, судлаачдын хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, гадаад орнуудын туршлагад тулгуурлан “Сумын ИТХ-ыг нутгийн өөрөө удирдлагын үндсэн нэгж гэж үзвэл Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчдийг аль алийг нь бүх нийтийн сонгуулиар сонгож болно” хэмээн үзжээ. Ингээд төсөлд “Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт оруулаад буй.
Сумын Засаг даргыг иргэд сонгодог болбол ИТХ-ын цөөхөн төлөөлөгч үгсэн хуйвалдаж, огцруулдаг байдал үгүй болно, ИТХ-ын төлөөлөгчид дур зоргоороо авирлах гэвэл Засаг дарга нь “Барагтайхан байгаарай” гээд зандарчих хэмжээний зангарагтай болно гэж олон нийт хүлээж буй учраас уг заалтыг нийтээрээ дэмжиж байгаа аж. Харин төсөл санаачлагчид “Энэ заалтыг оруулснаар төрийн нэгдмэл бодлого, нутгийн иргэдийн нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх тэнцвэр хангагдахаас гадна орон нутаг дахь улстөржилтөөс залхсан олон нийтийн хүлээлтэд нийцнэ” хэмээн тооцож буй юм билээ. Одоогийн байдлаар орон нутагт хийсэн уулзалт, хэлэлцүүлгээс “Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт хамгийн өндөр буюу 80-90 хувийн дэмжлэг аваад байгаа гэсэн.
Дээрх заалттай хамт нийслэлийн дүүргүүдийн Засаг даргыг мөн ИТХ-аас томилдог бус, иргэдээс сонгогддог байхаар төсөлд тусгасан юм. Гурван жил гаруйн хугацаа зарцуулан боловсруулсан, УИХ-ын эхний хэлэлцүүлгээр дэмжигдсэн уг зохицуулалтаас дүүргийн Засаг даргатай холбоотой хэсгийг хасаж, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгох бус, ИТХ-аас томилогддог хэвээр нь үлдээх зарчмын зөрүүтэй санал өнгөрсөн хэд хоногийн олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр гараад байна. Санал гаргасан хүмүүс нь “3000 хүн амтай сум, 300 мянган хүн амтай дүүргийн асуудлыг адилтгаж болохгүй, ялгамжтай харах хэрэгтэй” хэмээн үндэслэлээ тайлбарлаж буй уг зарчмын зөрүүтэй саналыг УИХ-аар хэлэлцэж, төсөлд тусгах, эсэхийг шийдэх юм.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь сумд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гээд заачихсан, аймаг-нийслэл, сум-дүүрэг, баг-хороог ижилсүүлэн дүйцүүлэх хандлага олон жилийн турш оршиж ирсэн билээ. Хэрэв дээрх зарчмын зөрүүтэй санал дэмжигдвэл сум, дүүргийг адилтгадаг хандлага, ойлголтод ч томоохон өөрчлөлт орох юм.