Хүннүчүүд өнөөгийн Евразийн нутагт 20 гаруй хот, суурин байгуулан аж төрж байжээ. Үүнээс 17-гийнх нь туурь манай улсын нутаг дэвсгэрт бий бөгөөд тэдгээрийн олонх нь судалгааны эргэлтэд ороогүй, нууцаа хадгалсан хэвээр аж. Учир нь манай археологичид урьд нь хот, суурины дурсгалд төдийлөн анхаараагүй, булш, оршуулгыг голлон судалж иржээ. Орхигдоод байсан хотуудыг харин сүүлийн жилүүдэд нэлээд судлах болсон гэнэ.
Тухайлбал, Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олдсон эртний хотын туурийг өнгөрсөн сараас малтан, судалж эхэлсэн байна. Хүрээт дов хэмээх нэртэй энэхүү дурсгал Хүннү гүрний түүхийг хэрхэн “өгүүлсэн” талаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний түүхийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Г.Эрэгзэнтэй ярилцлаа.
-Хүннү гүрний үеийн хот, суурины дурсгалын дийлэнх нь, манай орны нутгаас олджээ. Хүрээт довын дурсгал тэдгээрийн дотор хэр томд тооцогдох вэ?
-Одоогоор Монголоос олдсон хамгийн том хэрэмтэй дурсгал бол Хүрээт дов. Гадуураа шороон хэрэмтэй л дээ. Манай орны нутгаас олдсон хот, суурины дурсгалын олонхыг нь маш бага судалсан учир тэдгээр нь нийгэмд ямар үүрэг гүйцэтгэсэн, эдийн засгийн ач холбогдол, иргэдийнх нь амьдралын хэв маяг зэрэг олон зүйл бүрхэг хэвээр байгаа юм. Он цагийн хувьд ч Хүрээт довыг хэзээ барьсан талаар одоохондоо ярихад эрт.
Сайн судлах шаардлагатай. Хүрээт довын талаар ярихын тулд Хэрлэн голын баруун эрэг дагуу цуварч байрласан таван дурсгалыг дурдалгүй өнгөрч болохгүй. Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээт дов, Өндөр дов, Гуа дов гэсэн таван дурсгалыг Монголын ахмад археологич Хөдөөгийн Пэрлээ 1950-иад онд илрүүлсэн. Сорил малтлага хийсний үндсэн дээр тэдгээр нь Хүннүгийн үеийнх болохыг тогтоосон.
Тухайн үед нарийвчилсан судалгаа хийж, хот гэдгийг нь тогтоож чадалгүй, тахилын газрууд байжээ гэсэн таамаглал дэвшүүлээд орхисон юм билээ. Түүнээс хойш 60 гаруй жилийн хугацаанд ч дорвитой судлаагүй.
-Дээр дурдсан таван дурсгалыг одоо л судалж эхэлсэн гэсэн үг үү. Эсвэл Хүрээт довын малтлага л энэ жилээс эхэлсэн юм уу?
-Тэрэлжийн дөрвөлжин, Гуа дов хоёрыг урьд нь судалсан. Тухайлбал, 2007 оноос Тэрэлжийн дөрвөлжинд Монгол, Оросын хамтарсан судалгааны анги малтлага хийж эхэлсэн. 2014-2016 онд дахин судалсан байдаг. Өмнөд үзүүрт нь орших Гуа довд Монгол, Солонгосын хамтарсан “Мон сол” төслийн судалгааны анги 2013-2016 онд гурван жил малтлага, нэг жил геофизикийн судалгаа хийсэн.
Уг ажлыг би удирдсан юм. Эл судалгааны үндсэн дээр бид Гуа довыг барилгын үлдэгдэл болохыг анх тогтоосон. Үүнээс өмнө хот, суурин бус, тахилын газар гэсэн таамаг байсан шүү дээ. Гуа дов нь гадна талдаа шороон хэрэмгүй, вааран дээвэр бүхий саравчит хашаатай, нэлээд том ордны үлдэгдэл болох нь судалгааны явцад илэрсэн. Мөн геофизикийн судалгааны үндсэн дээр дөрвөн талдаа ижил хэмжээ бүхий дөрвөлжин хэлбэрийн хаалгатай, нэлээд том барилгатай, түүнтэй залгаа бас нэг жижиг барилгатай, зүүн өмнөд өнцөгтөө хүний гараар бүтсэн цөөрөмтэй байсан юм билээ.
Уг дурсгал Хэрлэн голын салаа хэсэгт дэх Цагаан арал хэмээх газарт бий. Тэр газар их салхитай, сэрүүвтэр учраас нутгийнхны зуслан болдог юм билээ. Эл туурь бүтэц зохион байгуулалтын хувьд язгууртны ордон, тэр дундаа зуны орд байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлсэн.
-Таван дурсгал ямар холбоотой юм бэ?
-Хотууд Хэрлэн голын баруун эрэг дагуу цувран байрласан. Эл онцлог нь ихэд сонирхол татаж байгаа юм. Хоорондоо 20-40 км зайтай. Хархорин хотын ойролцоох газруудаас хаадын зуны болон өвлийн ордны хэд хэдэн дурсгалыг манай археологичид илрүүлж, судалсан байдаг. “Монголын их хаад Хархоринд хот байгуулсан ч тэндээ суудаггүй, харин ойролцоох улирлын ордуудад амьдардаг” гэсэн сурвалжийн мэдээнүүд ч бий. Энэ зохион байгуулалт Хүннүгийн хот, суурины дурсгалаас ч харагдаж буй юм.
Гуа дов зуны ордон байх магадлалтайг дээр дурдсан. Харин Тэрэлжийн дөрвөлжин өвлийн ордон байх боломжтой. Бүрхийн дөрвөлжин, Өндөр дов нь хавар, намрын ордон байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүллээ. Эдгээр хот хаадын ордон байсныг батлах бас нэг баримт байгаа нь вааран дээвэр бүхий барилгууд. Тухайн үед вааран дээвэртэй барилга байгууламжийг хамгийн дээд зиндааны ноёд, язгууртнууд л бариулдаг байж. Яагаад гэвэл вааран дээвэр маш хүнд.
Олон баганатай, нүсэр барилгууд л вааран дээвэр даана гэсэн үг. Тиймээс Хэрлэн голыг даган байрласан таван дурсгал Монголоос олдсон бусад хот, сууриас харьцангуй өндөр зэрэг зиндаатай хүмүүсийн амьдарч байсан ордны үлдэгдэл байх өндөр магадлалтай.
-Харин Хүрээт дов ямар үүрэгтэй юм бол?
-Хүрээт дов хамгийн том нь. Цувран байрласан таван дурсгалын голд нь оршдог. Тэгэхээр Хархоринтой адил тухайн үед эзэнт гүрний нийслэл байж магадгүй хэмээн таамагласан. Үүний ойролцоо орших Хустын булагт үйлдвэр лэлийн газрууд болохыг гэрчлэх, төмөрлөг хайлуулсан зуухнууд байна.
Барилгын дээврийн болон ахуйн хэрэглээний ваар сав шатаасан олон төрлийн зуух, ажилчид амьдарч байсан сууцны үлдэгдлүүд ч бий. Монгол, Японы хамтарсан судалгааны багийнхан тэдгээрийг илрүүлж, 2011 оноос хойш судалж байгаа. Хүрээт дов нэлээд томоохон, төвлөрсөн хотын үүрэгтэй байсныг илтгэх нэг баримт нь энэ.
420 метр урт, дөрвөлжин хэлбэртэй Хүрээт довын дурсгал шороон хэрэмтэй. Хэрмийн дотор талд нэлээд олон барилгын ором бий. Гадна талд нь ч хэд хэдэн барилгын үлдэгдэл байна. Шороо дагтаршуулаад, түүнийхээ гадна талаар түүхий тоосго өрж, дөрвөлжин хүрээ үүсгээд, өндөрлөг тавцан байгуулсан барилгын үлдцийг судалгааны үндсэн дээр илрүүлсэн. Гол барилгынхаа гадна талаар олон баганатай, вааран дээвэртэй саравч байгуулсныг олсон.
1970-аад оноос хойш энд орос цэргийн хээрийн сургуулилалтын талбай байгуулж, хаалттай бүс болгосон юм билээ. Тиймээс уг дурсгалыг дорвитой судалж чадалгүй өнөөг хүрсэн. Цэргийн хээрийн сургуулилалтын талбай байсан учраас нэлээд эвдэрсэн, олон газарт шуудуу ухсан, зарим хэсэгт нь шороо овоолж, өндөрлөг байгуулжээ. Бүрхийн дөрвөлжин, Өндөр довын дурсгал ч нэлээд эвдэрч гэмтсэн. Бүрхийн дөрвөлжин дэх хэрмийн тал нь голд урссан байна. Багануурын нүүрсний уурхайг байгуулахад Өндөр довын хэрмэн дундуур төмөр зам тавьсан байх жишээтэй.
-Хүрээт довын дурсгал хэр том газар нутгийг хамарсан юм бол?
-Хэрэм нь 420 ам метрийн хэмжээтэй. Гэхдээ хэрмийн гадна талын барилга байгууламжийг нь тооцвол хамгийн багадаа гурван ам км талбайг хамарна гэж үзэж байгаа. Энэ дурсгал Багануур дүүргийн төвөөс 10 км зайтай.
-Байгуулсан он цагийг нь тогтоосон уу?
-Эхний ээлжид барилгуудын дээврийн ваарны үлдэгдлийг гаргаж, цэвэрлэсэн. Ваарнууд дээр Хүннүгийн үеийнх гэж алдаршсан долгион хээ дүрсэлсэн байна. Тэрэлжийн дөрвөлжин болон Гуа дов, Хустын булагт хийсэн судалгааны үндсэн дээр эдгээр хот НТӨ II зууны төгсгөл, НТӨ I зууны эхэн үеийнх гэж таа магласан. Зарим барилгын баганын модны үлдцүүдийг илрүүлж, дээж авлаа.
Уг дээжээ шинжлүүлээд, нарийвчилсан он цагийг нь тогтооно. Бид гол ордны барилгаас гадна хэрмийн гадна талаас тусгай хэрэмтэй жижиг барилгын ором олж, сорьц малтлага хийсэн. Энэ ажил нь тусгай хэрэмтэй жижиг барилгууд Хүрээт довын том хэрэм хоёр нэг үеийнх, эсэхийг тогтоох зорилготой байлаа. Жижиг барилгаас Хүннүгийн үеийн барилгын үлдэц илэрсэн учир нэг цаг үеийнх гэдэг нь тодорхой юм.
-Түүх, археологийн хүрээлэнгийнхэн дангаараа малтлага хийж байгаа юм уу, өөр улсын эрдэмтэдтэй хамтарсан уу?
-Манай эртний түүхийн салбарынхан Хүннүгийн хот суурин, үйлдвэрлэлийн түүх гэсэн суурь судалгааны төсөл хэрэгжүүлж байгаа юм. БНСУ-ын Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэнгийнхэнтэй хамтран Хүрээт довын дурсгалыг малтан судалж эхэлсэн. Бид өмнө нь Төв аймгийн Баянцагаан сумын нутагт тус хүрээлэнгийнхэнтэй хамтарсан судалгаа хийсэн байлаа.
Энэ удаад гурван жилийн хугацаанд хамтран ажиллана. Өнгөрсөн сард дууссан малтлагын үр дүнд гол ордны барилгынх нь урд талын нэг булангийн хэсгийг л цэвэрлэж амжлаа. Гадна талаар нь тойруулж барьсан вааран дээвэртэй саравчит хашааны зарим хэсгийг ил гаргасан.
-Энэ оны малтлага, судалгаа ингээд дуусаж байгаа хэрэг үү?
-Бидний судалгааны ажил хугацаатай, энэ жил 30 хоног ажиллахаар төлөвлөсөн. Үүний дагуу эхний ээлжийн ажил дуусах шатандаа орсон. Малтлага хийсэн талбайгаа булж, хам гаалснаар ажил шувтарна.
-Санхүүжилтийг нь хаанаас гаргасан бэ?
-БНСУ-ын талаас судалгааны хөрөнгийг гаргасан. Гадаадын улс оронд хот, суурины су далгаа жилийн турш үргэлжлэх боломжтой. Манай нөхцөлд бол удаан хугацаагаар ажиллах боломж хязгаарлагдмал. Суурин судалгаа хийх хөрөнгө санхүүгийн нөөц бага. Судалгааны нэг ангийн нэг удаагийн малтлагын хугацаа 30-45 хоног байдаг.
-Хэдэн жилийн дараа хотын дүр зургийг харах боломжтой вэ?
-Хот, суурины судалгаа багагүй хугацаа шаарддаг, маш том талбайг малтаж байж үр дүнд хүрдэг онцлогтой. Тиймээс Хүрээт довын дурсгалыг гуравхан жил судлаад дуусна гэж бодохгүй байна. Цаашид өчнөөн олон жил үр гэлжилнэ. Хамгийн багадаа 10 жил судалсны дараа хотын ерөнхий бүтэц зохион байгуулалт, он цаг, үүрэг зориулалт гээд олон зүйлийг тодруулна гэж бодож байгаа.
-Манай улсаас гадна аль орноос Хүннүгийн үеийн хот, суурины туурь олдсон юм бэ?
-ОХУ-ын Буриад, Хакасын Бүгд Найрамдах Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шаньси мужийн нутгаас Хүннүгийн үед холбогдох хот, суурины үлдэгдэл болох 20 гаруй дурсгалт газар илэрсэн. Хүннүчүүдийн үлдээсэн археологийн дурсгал Евразийн нутагт олон бий. Тухайлбал, булш оршуулгын дурсгал Евразийн нутагт 13-14 мянга илэрсэн. Үүний 12 мянга гаруй нь манай улсын нутагт байна.
Хот, суурины тухайд гэвэл Өвөр Байгалд Иволгийн суурин, Дурени, Мангиртай, Хакаст Абакан, ӨМӨЗО-ы Ордост Тунванчен, Шаньси мужийн Дабаодун зэрэг алдартай дурсгал бий. Мэдээж дийлэнх нь манай улсад байна. Цаашид Хүннүгийн үеийн хот, суурины үлдэгдлийг анхаарч судлах шаардлагатай. Үүнээс гадна хамгаалалтад авах, аялал жуучлалын бүтээгдэхүүн болгох гэх мэтээр соёлын үйлдвэрлэлийн хэмжээнд аваачих ёстой юм.
Жишээ нь, Хүрээт довын дурсгал Багануур дүүргийн төвөөс холгүй, төв замтай ойр оршдог. Тиймээс судалгаа хийгээд дууссаны дараа Монголын зүүн бүсийн аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох боломжтой.