Улаанбаатар хотын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлын эхэнд хог хаягдал ордог. Тэр дундаа барилгын хог аюултай ангилалд багтдаг тул төвлөрсөн цэгт хаях нь зүйтэй. Гэвч сул талбай харвал барилга барьж, жалга тааралдвал хог хаядаг нь монголчуудын гэм биш зан. Нийслэлээс Төв аймаг руу явах зам дагуу барилгын хог хаягдал нэлээд харагдав. Ахуйн хог хаягдлыг ачаад авчихаж болох ч барилгынхыг зөөх амаргүй. Хэн нэгэн хариуцлагагүй этгээд эзгүй талбайд барилгын хог хаячихвал бусад нь нэмж аваачих нь ойлгомжтой. Барилгын хаягдалд будаг, цавуу, хар тугалга зэрэг химийн хорт бодис агуулагддаг тул аюултай гэсэн ангилалд багтдаг аж. Энэ хэвээр хэн хүссэн нь дуртай газраа хаяад байвал наанадаж байгаль орчинд, цаашлаад иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх эрсдэлтэйг судлаачид анхааруулдаг.
Тиймээс барилгын хог хаягдлыг цаашид хэдий хүртэл энэ хэвээр ил задгай асгасаар байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийнхнээс асуухад “Зөвхөн барилгын хог хаягдлыг төвлөрсөн нэг цэгт хаях зохицуулалттай журам гаргахаар хэлэлцэж байгаа. Барилга барих тусгай зөвшөөрлийг Зам, тээврийн хөгжлийн болон Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог. Яамныхан хог хаягдалд анхаарал хандуулахгүй нь ойлгомжтой. Харин энэ журмыг баталбал тусгай зөвшөөрөл авсан компанийн удирдлага барилга барих газар нь харьяалагдах дүүргийнхэнтэй гэрээ байгуулна. Барьж дууссаны дараа тухайн компани хог хаягдлаа төвлөрсөн цэгт хаясан гэсэн бичиг баримтаа дүүргийнхээ мэргэжлийн комисст үзүүлэх ёстой. Ингэснээр замбараагүй хаяж байгаа барилгын хогийг хянах боломж бүрдэнэ” гэлээ.
Яг энэ тухай тус хэлтсийн мэргэжилтэн Т.Энх-Амгалан 2012 онд мэдээлж байжээ. Тэрбээр “Жилд 46 мянган тн барилгын хогийг голын эрэг дагуу, эзэнгүй газруудаар хаядаг гэсэн судалгаа бий. Энэ асуудалд нийслэлээс анхаарч барилгын хур хогийг цэвэрлэхэд мөнгө төсөвлөж ирсэн. 2010 онд 100 гаруй, 2011 онд 200 орчим сая төгрөг зарцуулсан байна. Барилга байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүд хогоо хаядаг, түүнийг нь нийслэлээс мөнгө гаргаж цэвэрлэж ирлээ. Үүнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан өөрчлөх хэрэгтэй гэж үзэн Барилгын хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт хүргэх журам санаачлан боловсруулж, Засаг даргын зөвлөлийн хуралд өргөн барьсан. Ингэснээр аж ахуйн нэгж болон хувь хүн, дүүрэг, мэргэжлийн хяналтын газрынхны хүлээх үүрэг, хүлээлгэх хариуцлага нь тодорхой болох юм” хэмээж байв. Гэвч барилга барьж байгаа газрууд дүүрэгтэйгээ бус, яамныханд хандан зөвшөөрөл авдаг хэвээрээ. Хариуцлагын тогтолцоо ч боловсронгуй болсонгүй, бахь байдгаараа. Долоон жилийн өмнөхтэй адил хэвээр гэхэд хилсдэхгүй.
Тухайн үед барилгаас жилд 46 000 тн хог гардаг байсан бол өдгөө дунджаар 80 000 тн хог байгальд шууд хаягдаж байгааг БОАЖЯ-наас мэдээлсэн.
Жил ирэх тусам энэ тоо өсөх хандлагатай учраас зөвхөн төвлөрсөн цэгт аваачих бус, барилгын хогийг дахин ашиглах нь зүйтэйг мэргэжилтнүүд анхааруулав. ШУТИС-ийн хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш, доктор Б.Лхагвадулам “Нэгэнт бий болсон хогийг төвлөрсөн цэгт аваачих нь чухал ч хаягдал үүсэхээс өмнө эх үүсвэр дээр нь бууруулах нь илүү үр дүнтэй. Ямар ч барилгын ажил хийсэн дахин ашиглаж боломжтой болон боломжгүй олон материал гардаг. Тухайлбал, төрөл бүрийн хэмжээтэй бэлтгэсэн мод, асфальт, тусгаарлагч, будаг, халаалтын материал, агааржуулах хоолой, эвдэрсэн бетон, тоосго зэргийг дүүргэгч материал болгон ашиглах боломжтой. Гипсэн ханыг буталж, дахин ашиглаж болно” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд барилгын хог хаягдлын 40 хүртэлх хувийг тоосго болон цемент эзэлдэг аж. Үлдсэн нь мод, бетон, гипсэн хана зэрэг гэнэ. Модны үртсийг орчны тохижилтод ашиглах, бордоо болгох боломжтой. Мөн буталсан бетоныг замын хоёр дахь суурь дэвсгэр болгох, том материалуудыг нь замын нарийн хайрга, үерийн хамгаалалтад ашиглаж болохыг доктор Б.Лхагвадулам онцолсон.
Үйлдвэр нь байвал бусад хаягдлыг ч дахин ашиглах боломжтой. Уг нь ийм үйлдвэр барихаар 2014 онд барилгын шав тавьж байв. Хогийн цэгт ирж буй барилгын хогийг таван мм хүртэл буталж, шигшиж, угааж, хатаагаад 0.7 мм хүртэл тээрэмдэж, түүхий эдээ гарган авна хэмээн тухайн үед Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Бадрал ярьж байсныг өмнөх нийтлэлд дурдсан. Үйлдвэр нь жин хэмжих өрөө, хайрга чулуу бутлах зориулалттай тоног төхөөрөмж, түүний үйл ажиллагааг хянах өрөөтэй байхаар төлөвлөжээ. Харамсалтай нь, тэр мөрөөдөл өдий хүртэл ажил хэрэг болсонгүй. Дарга нар үйлдвэр барина гэж ярьсаар л байна. Энэ бүхнийг биелүүлэх боломжгүй юм гэхэд богино хугацаанд хэрэгжүүлж болох арга хэмжээ авах ёстойг судлаач нар өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, барилгын хог хаягдлыг төвлөрсөн цэгт аваачвал урамшуулал хүртэх, ил задгай хаявал торгууль ногдуулах зарчимд шилжих нь зөв аж.