Манай улсын эмч нар эх орондоо элэг, бөөр, ясны чөмөг, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгаж буй. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн бөөр шилжүүлэн суулгах 180, 181 дэх хагал гааг энэ сарын 28, 29-нд амжилттай хийлээ. Монголын эрхтэн шилжүүлэн суулгах холбооны тэргүүн, Гавьяат эмч Д.Нямсүрэнгээс энэ талаар тодруулсан юм.
-181 хүнд бөөр шилжүүлэн суулгана гэдэг том амжилт. Мэс засал хийлгэсэн хоёр хүний бие ямархуу байна?
-Хоёулангийнх нь бие сайн байгаа. 33, 42 настай өвчтөнд үеэл болон төрсөн ах нар нь донор болсон. Өмнө нь жилд дунджаар 15-16 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байлаа. Харин одоо эмч нарын маань ур чадвар сайжирч, мэргэжилдээ дадсаны хүчинд жилд 24-25 хүнд эл хагалгааг хийж байна.
-Нас, хүйсийн харьцаа ямар байгаа вэ. Эмчилгээний үр дүнг хэрхэн тооцдог юм бол?
-Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн өндөр байгаа. Саяхан 75 дахь хүндээ элэг шилжүүлэн суулгалаа. Эл технологийг нэвтрүүлсэн 46 дахь орон бол Монгол. Энэ онд 24 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр төлөвлөсөн. Уг эмчилгээний үр дүн одоогоор 89 хувьтай буюу дэлхийд өндөр үзүүлэлттэйд тооцогдож байна.
Бөөр мөн адил. Эрхтэн суулгуулсан хүмүүс тодорхой дэглэм барьснаар жирийн иргэдийн адил ажиллаж, амьдрах бүрэн боломжтой. 30-50 насны эрчүүд голдуу бөөрний түүдгэнцрийн гаралтай өвчинд өртөж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж байна. Хүнд хүчир ажил эрхлэх, шээс ялгаруулах болон бэлгийн замын өвчин олон удаа тусвал бөөргүй болох эрсдэлтэй гэсэн үг.
-Эрхтэн шилжүүлэх эмчилгээний зардлын дийлэнхийг улсаас санхүүжүүлэх болсон. Бөөр суулгуулахад тухайн иргэн хэчнээн төгрөг зарцуулж байна вэ?
-Энэхүү нарийн төвөгтэй мэс засал нь өндөр технологи, үнэтэй эм, тариа, ороох боох материал шаарддаг. Тиймээс мэс заслын зардал өндөр. 2017 оны сүүлчээс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны нийт өртгийн 80 хувийг улсын төсвөөс, 10 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.
Ингэснээр иргэн эмчилгээнийхээ зардлын 10 хувийг л гаргаж байгаа гэсэн үг. Тодруул бал, элэг шилжүүлэх хагалгааны зардалд 8-10, бөөрнийхөд дөрөв орчим сая төгрөг төлдөг болсон. 2019 онд 34 хүнд элэг, 23 өвчтөнд бөөр, зургаан хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгахад улсын төсвөөс гурван тэрбум төгрөг төсөвлөсөн юм билээ.