Олны танил хүмүүстэй спортын тухай хөөрөлддөг “Зөвхөн спортын тухай” буландаа SBN телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяаг урилаа.
-Та багадаа спортод хэр хорхойтой байв. Ямар спортоор хичээллэдэг байсан бэ?
-Дунд сургуульд байхдаа спортод их дуртай байлаа. Байрныхаа гадаах сагсан бөмбөгийн талбайд л өнждөг сөн. Бас хөлбөмбөг, бөх, таеквондо гэх мэт спортод их хорхойссон. Эрдэнэтийн “Тас” таеквондогийн клубт хичээллэж ч явлаа. Хамгийн сонирхолтой нь, би америк бөх буюу нохой зодоонч болоод АНУ-д тулалдана гэж мөрөөддөг байлаа.
-Одоо ямар спортоор, хэчнээн жил хичээллэж байна вэ?
-Сүүлийн 3-4 жил ажил, хичээлийн хажуугаар фитнессээр хичээллэж, бие, эрүүл мэнддээ анхаарч байна. Хааяа сагсан бөмбөг, цаг агаар дулаан үед талбайд хөлбөмбөг тоглодог. “Найзууд” гэж хөлбөмбөгийн багтай, долоо хоног бүр бөмбөг хөөж, энэ тэнд зохион байгуулдаг тэмцээнүүдэд оролцож, хорхойгоо дардаг.
-Хичээллэдэг спортын тань ямар онцлог Танд таалагддаг вэ?
-Нэгдүгээрт, эрүүл мэндэд тустай. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, өв тэгш бие хаатай байхад минь тусалдаг Надад илүүдэл жин байхгүй. Фитнессээр хичээллэх нь сэтгэлийн, биеийн таашаал өгдөг. Ядарсан ч, бие буларсан ч сэтгэл ханамжтайгаар бэлтгэлээ хийдэг.
-Спорт хүнд ямар эeрэг өөрчлөлт, зөв дадал суулгадаг гэж боддог вэ. Биe хүн болж төлөвшихөд тань спорт хэрхэн нөлөөлөв?
-Асар их нөлөөтэй. Анх фитнессээр хичээллээд, үр дүнг нь нэлээд олон сарын дараа мэдэрсэн. Тэр үед эртхэн хичээллэх минь яав даа гэж бодсон шүү. Хүүхэд байхын л Сильвестер Сталлоне, Ван Дамм, Арнольд Шварценнегрээр “өвчилсөн” болохоор тэдэн шиг биетэй болохыг хүсдэг байлаа. Спорт хүнийг хөшүүлдэггүй, хөгжүүлдэг. Үүнийг спортоор тууштай хичээллэж байж л ойлгоно.
-Тэмцээнийг нь зурагтаар юм уу, очиж үзэх дуртай спорт бий юү?
-Мэдээж байлгүй яах вэ. Манайхан америк бөхийг муу хэлээд байдаг. Надад бол гайхалтай урлаг, спорт гэж санагддаг. Дэргэдээс нь үзэх мөрөөдөл бий. Мөн дэмждэг багуудынхаа тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд нь очиж үзэхийг хүсдэг.
-Ямар спортын аль багийн шүтэн бишрэгч вэ. Яагаад?
-Сагсан бөмбөгөөс “Нью-Йорк никс” багийг дэмждэг. Хөлбөмбөгөөс Английн “Челси” багийг дэмжээд арваад жил болж байна. Хачирхалтай нь, би цэнхэр өнгөнд дуртай л даа.
Эдгээр баг ч цэнхэр өмсгөлтэй.
-Спортынхноос дотно нөхөрлөдөг тамирчин бий юү?
-Олонхтой нь мэнд устай, сайн харилцаатай байдаг. Эрдэнэтээс гаралтай тамирчидтай их дотно.
-Долоо хоногийн болоод өдрийн хэдэн цагийг спортын танхимд өнгөрүүлдэг вэ?
-Долоо хоногийн 3-4 өдрийн хоёр цагийг фитнесс танхимд өнгөрүүлдэг. Гэртээ турниктэй, түүн дээрээ суниаж чилээгээ гаргадаг.
-Жүжигчин хүнд гадаад үзэмждээ анхаарч, биeийн галбираа хадгалахад спорт хамгийн чухал байх. Эрүүл мэнддээ анхаарч, биeэ чийрэгжүүлэх үүднээс өдөр тутамдаа ямар дасгал хийдэг вэ?
-Сүүлийн үед өдөрт 100 буюу нийт 10 000 суниах группэд нэгдээд, аль хэдийн 11 000 гаруй суниажээ. Үргэлжлүүлэн суниасаар л байгаа. Гар дээрээ суниах нь бага ч гэлтгүй зорилготой болгож, гар, цээжинд бяр суулган, өөртөө итгэх итгэл өгдөг юм билээ. Мөн гэдэсний таталт хийдэг. Унжсан харвинтай биш, гэдэсний зургаан булчинтай байхыг илүүд үздэг.