Монголын өв соёлыг хайрлан, хамгаалж, дэлгэрүүлэн уламжлуулах чиглэлд анхаардаг “Таван нүдэн” компанийнхан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын II симфонийг монголчуудын үнэт өв хэмээн үзсэнээр уг бүтээлийг алтан пянзанд бичүүлжээ.
Монголын радиогийн “Цагаан лавай” студид симфони оркестр, найрал дуучид, Морин хуурын чуулга, ҮУИТ-ын үндэсний найрал зэрэг симфонийг дуугаргахад шаардагдах бүхий л уран бүтээлчийг тоглуулан бичүүлснээ Лондонд “цэвэрлүүлж”, АНУ-д 300 хувь хэвлүүлснээ хэдхэн хоногийн өмнө авчирсан билээ. Алтан пянзны баярыг “Он энд офф”-ын концертын танхимд уран бүтээлийн үдэшлэг хэлбэрээр зохион байгуулав.
“Таван нүдэн”-гийнхэн уг пянзыг бүтээхэд онцгой үүрэгтэй оролцсон нөхдийг хүндэтгэн урьсан бөгөөд тэр үеэр нэг ширхэг алтан пянзыг 5.1 саяас эхлэн дуудлагаар худалдахад “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл 11 сая төгрөгөөр худалдан авчээ. Хөгжимчин ээжийн охин тэрбээр сэтгэл догдлон үг хэлэхдээ цаашид “Шарав” сангаар дамжуулан хийлчид, удирдаачдыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.