Хүннү гүрэн үүсгэн байгуулагдахаас ч өмнө өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт соёл иргэншил бүхий төр-улс оршин тогтнож байсныг манай археологичид сүүлийн 10 гаруй жилийн судалгааныхаа үр дүнд тогтоожээ. Үүнийг нотлох гол сурвалж нь Монгол орны нутгаар өргөн тархсан буган хөшөө аж.
Археологичид 14 аймгийн нутагт ажиллахдаа 1241 буган хөшөө илрүүлж, судалгааны эргэлтэд оруулсан байна. Энэ нь дэлхийн нийт буган хөшөөний 80 гаруй хувь гэнэ. Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, Төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбаттай энэ талаар ярилцлаа.
-Өнөөгийн Монгол орны нутаг дахь буган хөшөөнүүд хэдэн жилийн настай вэ. Хаагуур түгээмэл тархсан юм бол. Эртний монголчуудын түүхтэй хэрхэн холбогддог вэ?
-Буган хөшөөнүүдийг НТӨ XIII-VI зуунд бүтээжээ. Нийт 700 орчим жилийн түүх гэсэн үг. Үүнийг бүтээсэн хүмүүс НТӨ XIII зуун буюу Хүрэл зэвсгийн үеийн төгсгөл, одоогоос 3000 жилийн өмнө өнөөгийн Монголын нутгийн баруун хэсгээс зүүн рүү түрэн орж иржээ. Дараа нь НТӨ IX зуунд зүүн Монголоос буцаад баруун руу нүүсэн байна.
Ингээд НТӨ VI зууны орчимд Монголын нутгаас шахагдаж, Тэнгэр уулын орчимд хүрээд өөр соёл иргэншилд уусаж үгүй болсон бололтой. Тэндээс буган хөшөөнүүдийн сүүлч нь олдсон юм. Одоогийн БНХАУ-ын Шинжааны нутаг. Археологичдын сүүлийн үеийн судал гаагаар одоогоос 3000 жилийн өмнө буюу буган хөшөө бүтээх үед монгол угсаатны цөм бүрэлдсэнийг тогтоосон. Түүнээс хойш Хүннү, дундад зууны монголчуудын үе хүрч, бидний өвөг дээдсийн угсаа гарвалийн модны ноён нуруу нь бий болж.
-Буган хөшөө босгосон шалтгаан юу вэ. Ямар утга бэлгэдэлтэй юм бол?
-Буган хөшөөтэй зайлшгүй холбогдох дурсгал нь хиргисүүр. Хиргисүүр нь тухайн овог, аймгийн оршин суугчдын оршуулга, тахилгын байгууламж. Оршуулга, тахилга хоёр нь нэг байж л дээ. Нэр хүндтэй баатар, дайчин, овог, аймгийн ахлагчдаа оршуулаад, ихэвчлэн зүүн талд нь буган хөшөө босгосон. Хөшөө нь баатар дайчин эрийг дурсан санах, хүндэтгэл үзүүлэх, тахилга өргөх зориулалттай.
Манайхан Чингис хаан, Сүхбаатар жанжин нарын түүхэн хүмүүст зориулаад хөшөө босгодогтой адил. Харин буган хөшөөнд яг юу дүрсэлсэн талаарх маргаан нэлээд удаан үргэлжилсэн. Орой хэсэгт нь тойрог хэлбэрийн дүрснүүд бий. Үүнийг удаан хугацааны турш нар, сар гэж тайлбарлаж байлаа. Доохно талд нь хөшөөг хөндлөн огтолсон зураас юм уу, зарим тохиолдолд цуварсан цэгүүд байдаг. Доор нь дахиад хөндлөн зураас байна.
Энэ хоёр зураасаар хөшөөг гурав хуваагаад, дээд хэсэг нь нар, сар буюу дээд тэнгэр, дундах нь хүний ертөнц, доод талынх нь нөгөө ертөнц, үхэгсдийн орон хэмээн орчлон ертөнцийн загвар хэлбэрээр тайлбарласан онол бий. Харин сүүлийн үед буган хөшөө бол хүн юм гэсэн онол гарлаа. Нар, сар гэж үзсэн цагариг нь ээмэг, дээд талын цуварсан цэгүүд нь хүзүүний зүүлт, доод талынх нь зураас бүс гэж дүгнэсэн.
-Ямар нотолгоо баримтаар ийм дүгнэлтэд хүрэв?
-Ийм дүгнэлт гаргахад чухал нөлөө үзүүлсэн дурсгал Хөвсгөл аймгийн Уушгийн өвөр гэх газраас олдсон. Уушгийн өвөрийн XIV буган хөшөөнд хүний нүүрийг товойлгон гаргажээ. Нар сар гэж үзсэн өнөөх цагаригийг чихний ээмэг маягаар дүрсэлсэн. Мөн бүсэнд нь зэр зэвсэг агсжээ.
Тиймээс энэ бол хүн, тэр дундаа зэр зэвсгээ агссан баатар дайчин гэж дүгнэсэн юм. Харин Чингис хаан шиг тодорхой хүн үү, эсвэл нэр нь үл мэдэгдэх баатруудын хөшөө гэдэг шиг нийтлэг дүр үү гэдэг нь тодорхойгүй. Хүний нүүрийг дүрсэлсэн 10 орчим буган хөшөө Монгол орны газар нутгаас одоогоор олдсон.
-Буган хөшөө заавал хиргисүүртэй хамт байдаг гэхээр тэнд оршуулсан хүнийг дүрсэлсэн гэж ойлгогдохгүй юу?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ хиргисүүр нь оршуулгаас гадна тахилын байгууламж. Адуугаар тахилга өргөсөн ул мөр эргэн тойрноос нь олддог. 4-5-аас авхуулаад 1000-2000 адуугаар тахилга өргөсөн тохиолдол ч бий. Тэгэхээр хувь хүн гэхээсээ илүү тухайн овог аймгийн нийтийн тахилгын газар байсан бололтой.
-Хүн юм бол яагаад дээр нь буга дүрсэлж, бас буган хөшөө хэмээн нэрлэсэн юм бэ?
-Нүүдэлчдийн ахуй амьдралд буга маш чухал үүрэгтэй байж. Эрт үед Монгол орон даяар буюу хээрийн бүс нутаг, Алтайн нүцгэн уулаар ч хүртэл буга өргөн тархсан нь хадны зургаас тодорхой харагддаг. Хүрлийн хөгжингүй дунд үеэс эхлэн бараг 1500 жилийн турш буга нүүдэлчдийн шүтлэг бишрэл, урлаг, домог зүйд хүндтэй байр эзэлсэн нь археологийн баримтаар нотлогдсон. Нүүдэлчдийн ахуй амьдрал зөвхөн мал аж ахуйд түшиглээгүй, өдөр тутмын хоол хүнсний системд нь агнуур чухал үүрэгтэй байж. Агнуурын хамгийн үнэтэй амьтан нь буга.
Нөгөөтээгүүр, шүтлэг бишрэл, домог зүйн талаас ч буга чухал байр суурьтай. “Монголын нууц товчоо”-нд Бөртэ Чоно, Гуамарал хоёроос монгол үндэстэн үүссэн гэдэг шүү дээ. Одоогийн Монгол орны баруун болон төв хэсэгт нутаглаж байсан буга шүтлэгтэн, зүүн болон өмнөд хэсэг дэх чоно шүтлэгтэн гэсэн хоёр том аймгаас монгол үндэстэн бий болсон гэсэн сонирхолтой таамаглалыг Буриадын судлаач П.Б.Коновалов гаргасан нь ч бий.
-Хөшөөнүүдэд бугыг нэлээд загварлаг, өвөрмөцөөр дүрсэлсэн харагддаг.
-Буга гэж танихад хэцүү, нэлээд загварчилсан дүрслэл анх давамгайлжээ. Хошуу нь шувууных шиг, эвэр нь маш сүрлэг, бие нь нэлээд урт байх жишээтэй. Ялангуяа хүзүүг нь уртаар дүрсэлсэн. Дараа үеийнх нь дүрслэл бодит байдалд арай ойр ч 100 хувь буга гэхэд хэцүү. Хөшөөнд зөвхөн буга биш, адуу, загас, бодон гахай, чоно, янгир зэрэг амьтны дүр ч байдаг. Гэхдээ бугатай харьцуулахад цөөн.
-Монгол орны нутгаас олдсон буган хөшөөнүүд хэдий үед хамаарахыг хэрхэн тогтоосон юм бэ?
-Бидний судалсан 1241 буган хөшөөний бараг гуравны хоёрт нь байлдааны зэр зэвсэг дүрсэлсэн. 232 нум, саадаг, байлдааны 312 зээтүү, 286 бамбай, 144 хутга, 15 илд байх жишээтэй. Эдгээр нь хөшөөний он цагийг тогтооход чухал ач холбогдолтой. Буган хөшөөнд дүрсэлсэн зэр зэвсэгтэй адил олдвор ОХУ-ын Хакасын Бүгд Найрамдах Улсын Минусын хотгор гэдэг газраас олноор олдсон.
Тэдгээрийн он цагийг тогтооход НТӨ XIII-VIII зуунд холбогдох нь нотлогдсон. Хөшөөнд дүрслэгдсэн зэр зэвсгийг бодит олдвортой харьцуулаад, он цагийг нь тогтоож буй юм. Энэ бол харьцангуй он цаг. Үүний зэрэгцээ байгалийн ухааны аргуудаар тогтоодог үнэмлэхүй он цаг гэж бий. Хамгийн түгээмэл нь цацраг идэвхт нүүрстөрөгчийн арга. Цацраг идэвхт нүүрстөрөгчийн 14 атомт нэгдэл агаар мандалд тогтмол байдаг бөгөөд хур тунадас хэлбэрээр газарт бууж, ус, ургамалд шингэнэ.
Тэр усыг уусан, ургамлыг идсэн амьтны биед ч орно. Ургамал, эсвэл хүн, амьтан үхэнгүүт өнөөх нэгдэл задарч, 5650 жилийн дараа тал хувь нь алга болдог. Энэ аргаар хөшөөнүүдийн он цагийг 20-30 жилийн хэлбэлзэлтэйгээр тогтоодог. Хиргисүүрийн эргэн тойрон дахь тахилгын адууны яс юм уу, толгой, шийрээс авч, цацраг идэвхт нүүрстөрөгчийн 14 атомт нэгдлийг задлах аргаар судлахад НТӨ XIV-VIII зуун буюу 1300-700 онд хамаарах нь нотлогдсон.
-Уг судалгааны гол ач холбогдол юу вэ?
-Хүрэл зэвсгийн үед өнөөгийн Монгол орны газар нутагт ямар хүмүүс хэрхэн амьдарч байсан талаар бичгийн мэдээлэл огт байдаггүй. Биднээс алдагдсан, сурвалжийн мэдээ огт байхгүй тэр үеийн түүхийг археологийн судалгаанд тулгуурлан бичнэ гэсэн үг. Монголын түүхтэй холбоотой бичгийн сурвалжийн хамгийн эртнийх нь Хүннүгийн үеийнх. 2000 жилийн өмнөх гэсэн үг. Түүнээс өмнө юу болсон, хэн амьдарч байсан талаар бичгийн сурвалж огт байхгүй. Тэгэхээр Хүннү гүрнээс өмнөх 1000 гаруй жилийн түүхийг буган хөшөө, хиргисүүрийн судалгаанд тулгуурлан бичнэ гэсэн үг.
-Буган хөшөөг бүтээсэн хүмүүс монголчуудын өвөг дээдэс юм уу?
-Антропологийн судалгаа хийж буй. Одоохондоо хэрэглэгдэхүүн цөөхөн байгаа. Буган хөшөөг бүтээсэн хүмүүс европжуу байснаа аажимдаа монголжиж, төгсгөл үедээ монгол төрхтэй болсон гэсэн төсөөлөл бий. Гэхдээ үүнийг бид их хэмжээний хэрэглэгдэхүүнд тулгуурлаж нотлох ёстой. Хиргисүүрээс гарсан хүний яснуудыг хоёр төрлийн аргаар шинжилж, тухайн хүний гаднах төрхийг тодорхойлох боломжтой.
Эхнийх нь антропологийн арга. Хүний гавлын ясыг хэмжиж, монголжуу төрхтэй, эсэхийг тогтоож болно. Монголчууд өргөн нүүртэй бөөрөнхий толгойтой. Харин европчуудын толгой хавчиг. Хоёр дахь арга нь палеогенетик. Ямар арьстай, тэр байтугай ямар үндэстэн угсаатантай төстэйг тодорхойлно. Юутай ч тэд өндөр ур чадвартай, урлагийн бүтээл туурвисан хүмүүс болохыг одоогоор тогтоогоод байна.
Монгол болон хил залгаа нутгууд дахь 1.8 сая ам км нутагт буган хөшөө бий. Хаа сайгүй яг адилхан буган хөшөөнүүд байна. Хэнтий аймаг, Шинжаан, Тува дахь буган хөшөөнүүдийг бүтээсэн арга яг адилхан. Орон нутгийн ялгаанаас үл хамааран соёлын нийтлэг бий болжээ гэсэн үг. Соёлын нийтлэг гэдэг нь үндэстэн бий болсон, нийгмийн зохион байгуулалт өндөр түвшинд хүрснийг илтгэнэ. Нэгдсэн төр-улстай болж, соёлоороо ижилсэж байж л адил зүйлсийг хаа сайгүй бүтээнэ.
Түүнчлэн буган хөшөөний ойролцоо 5-10 метр голчтой жижгээс эхлээд аварга том, 80 метрийн голчтой хиргисүүр ч бий. Оршуулгын байгууламжийн энэ зөрүү нь нийгмийн зэрэг дэвийн ялгаа үүссэнийг илтгэнэ. 10 метр голчтой хиргисүүр нь хэнийх вэ, 80 метр голчтой нь хаад, ноёдынх уу гэх асуулт тулгарч байгаа биз. Хиргисүүрийн томоохон байгууламжийг бүтээхэд хэдэн зуун хүн оролцож, асар их зардал гарч таарна.
Мөн хиргисүүрийг дагалдуулаад маш олон адуугаар тахилга өргөсөн. Зөвхөн адуугаар шүү. Нэг хүн, нэг дурсгалд зориулж хэдэн зуу, мянган адуугаар тахилга өргөсөн нь мал аж ахуй өндөр хөгжсөнийг илтгэнэ. Архангай аймгийн Ихтамир сумын Баянцагааны хөндий дэх томоохон хиргисүүр гэхэд тахилын 1000 орчим байгууламжтай. 1000 орчим адуугаар тахилга өргөсөн гэсэн үг.
Нэг хүн нас барснаас хойш 1000 орчим адуугаар тахилга өргөсөн үндэстэн ямар баян бэ. Хүчирхэг эдийн засаг, мал аж ахуйтай нь нотлогдож байгаа биз. Аварга том хиргисүүр, буган хөшөөний дэргэд байгаа хэдэн зуун тахилын байгууламж дуу алдмаар том. Ийм дурсгал дэлхийн өөр хаана ч байхгүй.
-Тэгэхээр нүүдэлчдийн төр-улсын үүслийг одоогийнхоос огт өөрөөр ярих цаг болсон гэсэн үг үү?
-Хүрлийн төгсгөл буюу буган хөшөө бүтээх үед нүүдэлчдийн анхны төр-улсууд бий болсон гэж таамаглаж байгаа. Тодруулбал, археологийн судалгаанд үндэслэн буган хөшөөг бүтээсэн ард түмний нийгмийн зохион байгуулалт нь давхраажсан, соёлын нийтлэг үүссэн нь нотлогдсон тул тухайн үед төр-улс байжээ гэж таамаглаж буй юм.
-Хөшөөн дээрх ан амьтдын дүрс нэлээд загварлаг болохыг та дурдсан. Тэдгээрийг урлагийн талаас нь судалж байгаа юу?
-Модернист, сонгодог зэрэг урлагийн олон төрөл, хэлбэрийг хүн төрөлхтөн бүтээсэн. Тэдгээртэй эн зэрэгцэх чухал төрөл нь амьтны загварт урлаг. Нүүдэлчдийн бүтээсэн бие даасан урлагийн төрөл гэхээр хамгийн түрүүнд амьтны загварт урлагийг нэрлэдэг. Амьтны загварт урлагт зэрлэг махчин, туурайтан, домгийн гэсэн гурван гурван төрлийн амьтныг дүрсэлдэг. Ингэхдээ тухайн амьтныхаа хамгийн өвөрмөц шинжийг товойлгодог.
Жишээ нь, бугын хамгийн өвөрмөц шинж нь эвэр. Чоныг дүрслэхдээ арзайсан шүдийг нь голчилдог. Ирвэсийн урт гоолиг бие, сүүлийг нь тодруулан гаргасан байна. Бодит байдлыг нэг их харгалзахгүй. Харахад ерөнхийдөө танигдах ч бодит байдлаас нь нэлээд өөрөөр дүрсэлдэг. Энэ төрлийн урлагийн оргил үе нь НТӨ VII-II зуунд хамаарна. Тухайн үед Еврази даяар, одоогийн Өвөрмонголын нутгаас авхуулан Хар далайг дамнаад, Унгар хүртэлх тал нутаг даяар нэг ижилхэн соёл бий болсон.
Хэдэн мянган км зайтай, оршуулгын зан үйл нь ялгаатай хэрнээ урлаг нь ижил. Энэ урлагийн үүслийг Зүүн Европын скиф үндэстэнтэй холбож, Скифийн амьтны загварт урлаг гэж олон жил ярьсан. Харин сүүлийн үеийн судалгаагаар амьтны загварт урлаг нь Скифийн соёлоос ч өмнө буюу Монголын буган хөшөөнд анх дүрслэгдсэнийг тогтоогоод буй.
-Буган хөшөө бүхий газруудад ил музей байгуулах талаар бид өмнө нь мэдээлсэн. Ил музейг дотоод, гадаадын жуулчид үзэж байгаа юу?
-Монгол орны нутагт 1200 гаруй буган хөшөө байна шүү дээ. Олон жилийн турш газрын хөрсөн доор дарагдаж байгаад ил гарсан, маш сайн хадгалагдсан, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломжтой дурсгал олон бий. 3000 жил нар салхинд байсны улмаас элэгдэж муудсан нь ч бий. Эд бүгд үнэ цэнтэй, маш их мэдээллийг агуулдаг, манай эртний соёлын түлхүүр учир цаашид Монголын соёлын аялал жуулчлалын бэлгэдэлт дүр болгох ёстой.
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох хэд хэдэн дурсгалыг манай археологичид бэлдэн, сэргээн босгож, судалгаа хийн, англи, монгол хэлээр 2-3 каталог хэвлүүлсэн. Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу буюу Архангайн Ихтамир сумын Цацын эрэгт 40 буган хөшөө, томоохон хиргисүүрүүд байгаа. Цаашлаад Жаргалантын аманд нэг доор 25 буган хөшөө бүхий ил музей бий.
Хамгийн гол нь аялал жуулчлалын салбарынхан санаачилгатай ажиллаж, эдгээрийг соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ болгох хэрэгтэй. Буган хөшөө зөвхөн судалгааны объект биш, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой шүү дээ.
-Монголын буган хөшөөг дэлхийн өвд бүртгүүлэхээр судалж байгаа гэж сонссон. Уг ажил ямар шатанд яваа бол?
-Манай хүрээлэнгийн судлаач, доктор Н.Батболд, Ж.Гантулга бид гурав суурь судалгааг нь хоёр жилийн турш хийсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Уртнасан гуайн удирддаг “Байгаль, соёлын өвийг хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагынхан уг ажлыг санаачлан зохион байгуулсан юм. Дэлхийн өвийн хороо материалыг хүлээн авснаар эхний шалгуурыг давлаа. Дахиад хэд хэдэн даваа бий.
Тэдгээрийг амжилттай давбал ойрын хоёр жилийн дотор Монгол Улс дэлхийд соёлын дөрөв дэх биет өвөө бүртгүүлнэ гэж найдаж байна. Нүүдлийн соёл иргэншлийг төлөөлөх гол өвүүдийг Монголынхоо нэрээр данслуулах зайлшгүй шаардлагатай. Хилийн чанадад буган хөшөө байгаа ч бид бусад улстай хамтрахгүй, дан Монгол Улсынхаа нэрээр бүртгүүлэх хүсэлтэй. Яагаад гэвэл буган хөшөөний 80 гаруй хувь нь, тэр дундаа хамгийн том цогцолборууд, ур хийц сайтай нь бүгд Монголд байна шүү дээ. Тиймээс бусад улс манайхтай булаацалдахгүй байх.
-Монгол орны нутгаас олж илрүүлсэн 1241 буган хөшөөг багтаасан хоёр боть каталог гаргажээ. Ийм бүтээл өмнө нь гарсан уу. Монгол орны нутаг дахь буган хөшөөнүүдийг хэзээнээс анх судалсан юм бэ?
-XIX зууны төгсгөлд судалж эхэлсэн. Оросын судлаачид анх баруун Монголоос буган хөшөө олж илрүүлсэн байдаг юм. Тува, Саян Алтайн өндөрлөг, Өвөр Байгал, Европт хүртэл буган хөшөө бий. Евразид нийт 1500 буган хөшөө байгаагийн 80 гаруй хувь нь Монголынх.
“Монголын буган хөшөө” каталогийг ЗХУ-ын археологич В.В.Волковын судалгаанд үндэслэн 1980 онд Улаанбаатар хотод хэвлүүлсэн. 334 буган хөшөөний тодорхойлолт, эрдэм шинжилгээний холбогдох хэрэглэгдэхүүн, гар болон гэрэл зураг багтсан энэ бүтээл 39 жилийн турш манай судлаачдын ширээний ном байлаа. Бидний саяхан гаргасан хоёр боть каталогт 1241 буган хөшөөний мэдээллийг багтаасан нь өмнөхөөс дөрөв дахин баяжсан гэсэн үг. Уг нь Монголд 900 гаруй буган хөшөө бий гэсэн таамаг байсан юм.
-Бүх хөшөөг газар дээр нь судалсан уу. Уг ажил хэзээнээс эхлэв?
-Хоёр боть номд 10 археологичийн хөдөлмөр шингэсэн. Бид нийт буган хөшөөний 75 хувь буюу 900 гаруйг газар дээр нь очиж судалсан. 14 аймгийн нутаг, нийт 600 гаруй дурсгалт газарт хүрлээ. Монголынхоо буган хөшөөг эзний ёсоор бүртгэн баримтжуулах, шинжлэх ухааны системтэй тодорхойлолт гаргах зорилгоор 2005 оноос төсөл хэрэгжүүлсэн гэхээр 13 жил зарцуулжээ.
2005-2007 онд Баян-Өлгий аймагт ажиллаад 100 орчим, 2008-2010 онд Ховдоос 120 гаруй буган хөшөө олж, бүртгэсэн. 2014-2018 онд үлдсэн аймгуудын нутагт ажиллалаа. Олон жил үргэлжилсэн судалгаа учраас мөнгөн дүнг нэгтгэхэд төвөгтэй. Засгийн газраас санхүүжүүлсэн, суурь судалгааны сэдэвт ажлууд, шинжлэх ухаан, технологийн төслүүд, Түүх, археологийн хүрээлэнгийн дотоод санхүүжилт зэрэг олон эх үүсвэртэй.
Археологи бол хамтын хөдөлмөр, нэг хүний хийдэг ажил биш. Байгалийн ухааны, он цаг тогтоох судалгаа хийдэг хүмүүстэй хамтран ажилладаг. Тухайлбал, археологичдын эрдэм шинжилгээний бүтээл дандаа олон зохиогчтой. Сүүлийн үед олон улсын сэтгүүлүүдэд гарч байгаа өгүүллийн зарим нь 60-70 зохиогчтой байна.
-Манай археологийн салбарт тулгамдсан гол асуудал юу вэ?
-Түүхийг бүтээдгээрээ археологи түүхийн шинжлэх ухаантай төстэй боловч сурвалж нь өөр. Бид бичгийн бус, биет сурвалжтай ажилладаг. Судалгааны арга нь ч өөр. Тиймээс археологи нь түүхээс бие дааж хөгжсөн шинжлэх ухаан. Сүүлийн үед судалгааны зардал улам өсөж байгаа. Малтлагын төслүүдээ гадаадынхантай хамтран хэрэгжүүлдэг. Ингэснээрээ бид шинжлэх ухааны сүүлийн үеийн арга зүйг маш хурдан хүлээн авдаг.
Бүгдийг бие даан хийнэ гэвэл дэлхий дахины мэдээллээс тасарч, хоцорно. Гэхдээ дутагдалтай тал ч бий. Шинжлэх ухааны гол өрсөлдөөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр л өрнөдөг. Сэтгүүлүүдэд судлаач өөрийн болон байгууллага, улсынхаа нэрийг гаргах нь чухал. Харамсалтай нь, Монголын эрдэмтдийн эзлэх байр суурь одоогоор нэлээд хойгуур байна. Олон судлаач дотроос эхний болон сүүлийнх нь, бас холбоо барих зохиогч нь л өндрөөр үнэлэгддэг. Дунд нь бичигдэх хүмүүс нэр төдий.
Хамтын бүтээлд судалгаа хийсэн лабораторийн, байгалийн ухааны анализ хийсэн эрдэмтэд голлон үнэлэгддэг. Уг нь манай археологичдын хээрийн судалгааны арга зүй, боловсруулалтын түвшин дэлхийн хэмжээнд хүрсэн. Бидний дутагдалтай тал нь нарийн мэргэшсэн лаборатори, мэргэжилтэн байхгүй. Мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, залуусаа байгалийн ухааны чиглэлээр гадаадад магистрантур, докторантурт сургаж эхэлсэн.
Харамсалтай нь, лабораториуд сураггүй хэвээрээ. Хэдэн жилийн дараа тэд сургуулиа төгсөөд ирэхэд бид яаж лабораторитой болгож, эртний соёлынхоо түүхийг өөрсдөө хэрхэн бичих вэ гэдэг асуудал тулгарна. Монголын археологийн салбарт мэргэшсэн 70 гаруй судлаач ажилладаг. Манай хүрээлэнгийн дэргэд лаборатори байгуулж өгвөл бид богино хугацаанд олон улсын түвшинд хүрч, бүс нутагтаа тэргүүлэх боломжтой. Манайхан гадаадын судлаачидтай олон жил ажиллаж, ямар технологийг хэрхэн ашиглахаа хэдийн мэддэг болсон.