Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр гэр бүлийн харилцааны чиглэлээр сүүлийн 10 жил судалгаа хийж, сургалт зохион байгуулсан туршлагатай.
-Гэр бүлийн үнэ цэн гэж юу болох талаар ярилцлагаа эхэлье.
-Монголчууд гэр бүл төр улсыг адилтгаж үздэг байсан. Эр төвшин байж гэр төвшин, гэр төвшин байж төр төвшин байна гэдэг. Тиймээс гэр бүлийн ёс бол төртэй дүйцэх хэмжээний хүндэтгэл, заншил юм. Харьцуулж үзвэл өрхийн тэргүүний болон хүүхэд, эхнэрийн байр суурь, тэдний өдөр тутмын амьдралын бүхий л харилцаа хүндэтгэлд суурилдаг. Монгол гэр бүлийн үнэ цэн гурван зүйл дээр тогтнож иржээ.
Хүндэтгэх, хайрлах, хүнлэг харилцааг эрхэмлэх нь монгол гэр бүлийн үнэт зүйл байлаа. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхсэн, амьд байгаа цагтаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхсэн хэмээн аав, ээжүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахад гэр бүлийн үнэ цэн оршиж байж. Мөн өвөг дээдэс минь, үр хойч минь гэсэн гурван үеийн хэлхээнд удам угсаа гэр бүлийн нэр төрийг машид эрхэмлэдэг, сэвтээх ямар нэг бусармаг зүйл хийхгүйг хичээж иржээ.
-Энэ үнэт зүйл яагаад алдагдчихав?
-Монгол гэр бүлийн үнэт зүйл алдагдсан нь үнэхээр харамсалтай. Багш, судлаач хүний хувьд олон жил ард түмний амьдрал дунд орж, гэр бүлийн харилцааг судаллаа. Монгол гэр бүл үнэ цэнээ алдсан шалтгааныг гурван зүйлээр тодорхойлж хэлье. Нэгдүгээрт, гэр бүлийг эрхэмлэх үзэл хандлага суларсан. Залуус болохгүй бол салчихна, яасан ч яах вэ гэсэн сэтгэхүйтэй болж, гэр бүлийн харилцаанд хариуцлагагүй хандаж байна. Улмаар салалтын тоо өслөө. Салах, нийлэх нь одоогийн залуучуудын хувьд юу ч биш болж, сэтгэл нь өвдөхөө больчихож.
Хоёрдугаарт, ээж, аав нь үр хүүхдээ, үр хүүхэд нь ээж, аавыгаа гэх сэтгэл, удам угсаагаа эрхэмлэх нандин харилцаа алга. Нэр төр тийм ч чухал биш. Зөвхөн эдийн ашиг сонирхлоор харилцдаг болжээ. Гуравдугаарт, монгол ёс заншлаа дээдлэхгүй байгаа учраас гэр бүлийн үнэ цэн алдагдсан. Улс үндэстний оршин тогтнох үндэс, дархлаа нь соёл, ёс заншил. Монгол уламжлал үгүй болно гэдэг үндэстний тусгаар тогтнол алдагдаж эхэлсэн гэсэн үг. Гэр бүл бол соёл, ёс заншил уламжлагдаж байдаг бичил орчин.
Ард түмэн ахуйн хүрээндээ өдөр тутмын аж төрөх явцдаа соёл уламжлалаа үр хүүхдэдээ зааж сургаж өвлүүлдэг. Соёлыг аль нэг байгууллага, хэн нэгэн дарга түгээдэггүй. Дэлхий нийтэд техник, технологи эрчимтэй хөгжиж, хол тасарчихлаа. Робот хүртэл иргэний үнэмлэх аваад эхэлчихсэн. Нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, хүний хөгжил, ухамсар, соёлын түвшин дээшилсэн. Гэтэл бид уруудсаар байна.
...Та гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээхгүй бол нийгмийн, ард түмний өмнө хариуцлага хүлээж чадахгүй хэмээн улс төрд орох, төрд ажиллах эрхийг нь хасдаг. Товчхондоо, Монголын төрд ажиллаж буй хүмүүсийн буруу үлгэр дуурайл өнөөгийн залууст нөлөөлж байна..
-Гэр бүл хамгийн таатай орчин байх ёстой. Харамсалтай нь, хаалттай хаалганы цаана хүчирхийлэл гаарч байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл өссөн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж буй. Нийгмийн харилцаанд оролцож, ажиллахдаа хүмүүс шударга бус зүйлтэй алхам тутамдаа тулгарч, улмаар нийгмийн ялгааг маш их мэдэрдэг болсон. Хэчнээн хөдөлмөрлөсөн ч цалин хөлс нь амьдралд нь хүрэхгүй байгаа учраас бухимдаж, ахуйн хүрээнд зөрчил үүсдэг. Мөн багаасаа хайраар дутаж, гадуурхагдан, шоовдорлогдож, хүчирхийлэлд өртсөн хүүхэд том болоод харах, сонсох, мэдрэхүйгээрээ үзсэн зүйлээ үр хүүхдэдээ гаргадаг.
Бодит амьдралд энэ нь нотлогдож байна. Залууст гэр бүлийн боловсрол олгодог, амьдралд бэлддэг тогтолцоо манайд алга. Тийм учраас жижиг бэрхшээлийг ч даван туулж чадахгүй, гэр бүлийнхээ алсын хараа, зорилгыг зөв тодорхойлж, түүнийхээ төлөө хамтдаа хичээх зүтгэл алга. Багахан бэрхшээл тулгарахад нэгнийгээ буруутгаж эхэлдэг. Зөрчил нь хурцдаад хүчирхийллийн хэлбэрт шилждэг.
-Хаалганы цаана хүчирхийлэл өсөөд байгааг юу гэж тайлбарлах вэ?
-Дэлхий дахинд хамгийн харгис гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үздэг. Хамгийн ихээр хайрлаж хүндэтгэх ёстой, ойр дотнынхоо хүнийг хүчирхийлдэг учраас ингэж тодорхойлсон. Тухайн хүний итгэл үнэмшил, суурь хүмүүжил, төлөвшилтэй хүчирхийлэл холбоотой. Хүчирхийлэгч болох зан үйл хүүхэд насанд нь бий болдог. Монголчууд хүүхэд хүмүүжүүлэх тал дээр нэлээд дутагдалтай.
Захирч, зандарч, тушааж, өөрийн үгээр байлгадгаа хүүхдээ хүмүүжүүллээ хэмээн андуурч ирсэн нь өнөөдрийн хүчирхийллийг бий болгосон гэх үндэстэй. 1990-ээд онд зах зээлийн нийгэмд шилжих үед бүх хүн ганзагын наймаанд явж, хүүхдүүд эзэнгүйдсэн. Гэр бүлийн харилцаа нэг хэсэг орхигдсоны үр нөлөөг өнөөдөр бүхэл бүтэн үеэрээ амсаж байна. Сүүлийн үед мөн л олон залуу гадаадад ажиллах болсноос гэр бүл салах нь олширлоо.
Тэдний үр хүүхэд дараагийн 10 жилийн хохирогч. Хуучин нийгмийн үнэт зүйл утгаа алдаад, шинэ нийгмийн үнэт зүйл хэлбэршин тогтож чадахгүй хямарч байна. Энэ байдал Монголд дэндүү удаан үргэлжиллээ. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн хэрнээ ардчиллын үнэт зүйл алга. Хямралын үр дагавраар хүмүүс амьдралын баримжаагаа олж чадахгүй, үнэт зүйл, итгэл үнэмшлээ зөв тодорхойлохгүй, зүг чигээ алдсаны горыг өнөөгийн залуучууд амсаж байгаа.
-Гэр бүлийн боловсрол гэж юу вэ?
-Залуус, өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох, аав, ээж болоход бэлтгэх нь чухал. Гэр бүлээ тогтвортой авч явахад шаардлагатай, мэдлэг, чадвар олгохыг гэр бүлийн боловсрол гэдэг. Олон улсын жишгээр гэр бүлийн боловсролыг ерөнхий боловсролын сургууль, цаашлаад их, дээд сургууль төгсөх хүртэл нь олгодог.
Уламжлал, соёл, ёс заншилд суурилсан албан бус сургалтаар ч эзэмшүүлдэг. Монголд гэр бүлийн боловсрол олгох тогтолцоо алга. Уг нь тусгайлсан, бие даасан хичээл болгож ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулах нь үр дүнтэй.
-Хардалтын улмаас эхнэрээ, найз охиноо хөнөөсөн аймшигт мэдээлэл олноор гарах боллоо. Хардалт гэнэт эхлэх үү, эсвэл байдаг л зүйл үү?
-Хардалт хүн болгоны сэтгэл зүйд байдаг төрөлх мэдрэмж. Хүн бүр үнэ цэнтэй гэж бодсон зүйлээ хайрлах хамгаалах, харамлах мэдрэмж юм. Энэ нь хэвийн хэмжээнээс хэтрэхээр сэтгэцийн дон болно. Өөртөө сэтгэл дундуур, өөрийгөө доогуур үнэлдэг хүмүүс энэ донд өртдөг.
Жишээ нь, хань минь намайг байгаагаар минь хүлээн авч хайрладаг гэдэгт итгэхгүй, надаас илүү хэн нэгнийг хайдаг гэсэн сэтгэхүйгээр харддаг. Багаасаа хэт их хайр халамжид өссөн, бүх зүйлийг өөрийн эрхшээлд байлгах гэж боддог, дээрэнгүй, түрэмгий ааш араншинтай хүмүүс ч донтдог. Мөн хүнд итгэдэггүй, өөрөө хүний итгэлийг даадаггүй, байнгын айдас түгшүүртэй байдаг хүн хажуудахаа харддаг.
-Гэр бүлийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт Та багтсан. Энэ хууль өмнөхөөсөө дээрдэж чадсан уу?
-Гэр бүлийн тухай хуулийн төслийн талаар эрх баригчдад хандаж хэлэх зүйл байна. Гурван парламент дамжсан ч Гэр бүлийн тухай хууль батлагдаагүй. Хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлын хэсэгт багтсан өөрөөсөө ичиж байна. Үнэнийг хэлэхэд салбарын яам нь эл хуульд хариуцлагагүй хандсан. Эрх баригчид ч ялгаагүй. Судлаач хүний хувьд уг хуульд гурван зүйлийг чухалчилж оруулмаар байсан.
Гэр бүлийн өмнө хүлээх хувь хүний үүрэг хариуцлагыг маш хатуу зааж өгөх шаардлагатай. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд салбар байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоог маш нарийн тодорхойлох хэрэгтэй. Дэлхийн аль ч улс оронд төр бүх зүйлийг нуруундаа үүрээд шийдсэн жишиг байхгүй. Иргэний нийгмийн байгууллагаар дамжуулж, нийгмийн асуудлыг шийддэг. Жишээлбэл, Унгар улсад тавдугаар сарын 20 буюу татвар төлөгчдийн өдрөөр иргэд нь төлдөг татварынхаа хоёр хувийг төрийн бус аль нэг байгуулагад өгдөг.
Татвар төлөгчдийн мөнгөөр иргэний нийгмийн байгууллагууд тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд оролцдог. Манайд ийм тогтолцоо алга. Монгол Улс Гэр бүлийн яамтай болмоор байна.
-Гэр бүлийн яамгүй орон олон. Яам байгуулснаар хүчирхийлэл, салалт буурах уу?
-Гэр бүл гэдэг нийгмийн асуудлын суурь үндэс. Монгол Улс нийгмийн олон асуудлаа шийдвэрлэж, хөгжье гэвэл гэр бүл, хосуудыг анхаарах ёстой. Хүний хөгжил бол улс орны хөгжил. Хүний хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл. Тийм учраас гэр бүл, хүүхдийн асуудал бол хөгжлийн үндсэн чиглэл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2017 онд баталсан.
Энэ гурван хуулиас өмнө Гэр бүлийн тухай хууль батлагдах ёстой байсан. Суурь хууль батлагдаагүй байхад дагалдах хуулиуд гарсан нь учир дутагдалтай. Энэ гурван хууль өөр олон хуультай уялдахгүй байна. Дэлхийд Гэр бүлийн яамтай 10 гаруй орон бий. Жишээ нь, БНСУ Гэр бүл, эмэгтэйчүүдийн яамтай. Эл яамны харьяа, эрүүл гэр бүлийг дэмжих 182 төв ажилладаг. Гэр бүлд чиглэсэн үйлчилгээг Солонгос хөгжүүлж чадсан.
Тэнд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхэд улсаас асрагчийг зургаан сарын турш ажиллуулдаг. Асрагчийн цалингийн 80 хувийг төр, үлдсэнийг нь хосууд төлдөг. Эх болон нярайг тэнхэртэл асрагч гэрт нь ажиллана. Аав нь ар гэртээ санаа зовохгүйгээр ажлаа хийж, улсынхаа бүтээн байгуулалтад оролцдог. Гэр бүлийн яамтай байгаагийн бас нэг давуу тал нь гэр бүлийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулиас эхлээд их сургууль төгстөл олгоно. Манайд гэр бүлийг ухааруулдаг, сэнхрүүлдэг, тусалдаг дэмждэг, үйлчилгээ алга. Харин шийтгэдэг үйлчилгээ бий.
-Гэр бүлийн тухай хуулийн төслөөс Тэтгэмжийн сан байгуулах заалтыг хассан байсан. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?
-Монгол Улсад гэр бүл цуцлахад хүүхдээ авч үлдсэн нь хохирдог. Шүүхийн шийдвэрээр тэтгэмжийн хэмжээ тогтоодог ч аавууд төлдөггүй. Хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн хохирдог. Иймээс Тэтгэмжийн сан байгуулж, эмэгтэйчүүд, хүүхдэд мөнгийг нь олгон, дараа нь ааваас улс мөнгөө нөхөж авах заалт оруулсан ч Сангийн яам зөвшөөрөөгүй. Хэрвээ энэ санг байгуулсан бол хариуцлагатай болох байсан. Мөн өрх толгойлсон олон ээж, хүүхдийн асуудал шийдэгдэх байв.
Мөн эл хуулийн төсөлд хамтран амьдрагчдын эрх зүйн зохицуулалт, гэр бүлээс гадуур харилцаатай хүмүүст хариуцлага тооцох заалт оруулсан ч хассан. Хувь хүн гэр бүлдээ үнэнч бус, амьдралаа үнэ цэнтэй байлгаж чадахгүй бол хэн тэдний гэр бүлд үнэнч байх юм бэ. Олон улсад та гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээхгүй бол нийгмийн, ард түмний өмнө хариуцлага хүлээж чадахгүй хэмээн улс төрд орох, төрд ажиллах эрхийг нь хасдаг. Товчхондоо, Монголын төрд ажиллаж буй хүмүүсийн буруу үлгэр дуурайл өнөөгийн залууст нөлөөлж байна.
-Монгол Улс хүүхдээ шийтгэдэг. Энэ зөв үү?
-Монгол Улс цаазын ялгүй болоход би баярлаагүй. Монгол Улс насанд хүрээгүй хүүхдийг хорьдоггүй орон болсон бол баярлах байлаа. Хүүхдийг нийгмээс тусгаарлаж хориод засрахгүй. Улам эвдэрнэ. Тиймээс хүүхдийг аль болох хорихгүй, гэр бүл, хамт олны дунд хүмүүжүүлэх, засах, ойлгуулах, нийгмийн харилцаанд оролцуулах ажлыг хийдэг тогтолцоонд шилжих ёстой.
Хүүхэд бурууг бусдаас л сурдаг. Хүүхэд буруутай үйлдэл хийсэн бол үүнд томчууд бид, цаашлаад төр буруутай. Монгол Улсын буруугаас болж хүүхэд гэмт хэрэг хийсэн байхад хүүхдийг шийтгэх нь байж болохгүй зүйл.
-ХНХЯ-ны салбарын хэмжээнд гэр бүл судлалаар мэргэшсэн ажилтан дутмаг гэх юм билээ. Гэтэл танай сургуулийг цөөнгүй хүн төгссөн. Төгсөгчид хаачихав аа?
-Монгол Улсад гэр бүлийн мэргэжилтэн байх хэрэгтэй гэж үзээд Олон улсын “Улаанбаатар” их сургууль Гэр бүл судлалын тэнхим байгуулж, гэр бүл судлаач, гэр бүлийн сэтгэлзүйч, гэр бүлийн социологич, зөвлөгч бэлтгэж байна. 2007 онд баклаврын, 2011 онд магистрын анхны төгсөлтөө хийж 300 гаруй хүнийг гэр бүл судлаачаар бэлтгэсэн. Салбарын яамны дэмжлэггүйгээр 10 гаруй жил боловсон хүчин бэлдэж ирлээ.
Төгсөгчдөөс бодлогын яам, мэргэжлийн агентлагт ажиллаж буй хүн алга. Бидний бэлтгэсэн боловсон хүчин 21 аймаг, есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт олноор ажилаасай гэж хүсдэг. Харамсалтай нь, тун цөөхөн нь мэргэжлээрээ ажиллаж байна. Улс төр, намын үзэмжээр ажилд томилдог учраас төгсөгчид Монголд мэргэжлээрээ ажиллахад хүндрэлтэй.
Тиймээс гэр бүл судлаачдыг төрийн албан хаагчийн шалгалт өгдөг болгооч гэх санал тавсан. Монгол Улс дахь ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтод гэр бүл судлаач, социологич мэргэжил бий хэрнээ төрийн албан хаагчийн шалгалт өгөх мэргэжлийн жагсаалтад байдаггүй. Тиймээс энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нарт албан бичиг илгээсэн. 14 хоноход нэг ч даргаас хариу ирсэнгүй. Саяхан Төрийн ордонд “Гэр бүлийн эерэг уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” зөвлөгөөн болсон. Ямар зорилготой, ямар үр дүнтэй зөвлөгөөн гэдгийг нь ойлгоогүй. Асуудлыг ойлгож, шийдэлд хүрэхгүй юм бол зөвлөгөөн хийж яах юм бэ. Үүнд шүүмжлэлтэй хандахаас өөр арга алга.
-Та олон жил монгол гэр бүлийг судалсан гэлээ. Бодитой ямар ажил хийв?
-Их, дээд сургуулийн оюутнуудад заах гэр бүлийн боловсрол хичээлийн стандарт хөтөлбөр боловсруулж, батлуулсан. Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн 29 мэргэжлээр суралцаж буй бүх оюутанд 30 цагийн хичээлийг тав дахь жилдээ зааж байна. Энэ хөтөлбөрийг бусад их, дээд сургуульд заагаасай гэж хүсдэг. Гурван жилийн өмнөөс их, дээд сургуулиудын Сургалтын албаны дарга, захирлуудыг урьж хичээлийн хөтөлбөрөө танилцуулж эхэлсэн.
Мөн “Гэр бүлийн боловсрол” сэтгүүлийг гурав дахь жилдээ гаргаж байна. Гэр бүлд хэрэгтэй мэдээлэл өгөх, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв судалгаа хийх байгууллага алга. Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв ажиллуулж иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ирлээ. Монгол Улсын хилийг бүтэн тойрч сургалт хийсэн.