Зочин А.БЯМБАЖАРГАЛ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
Уншигч-сурвалжлагч Ж.ЭРХЭМБААТАР
Хуульч
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор А.Бямбажаргалтай манай уншигч-сурвалжлагчаар ажилласан, хуульч Ж.Эрхэмбаатар ярилцлаа. Шинэ үеийн залуу хуульчдын төлөөлөл болсон энэ хоёр хүн сүүлийн үед байнга яригдах болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Цэцийн гишүүдийг сонгон томилж буй асуудал, Захиргааны ерөнхий хуульд оруулсан өөрчлөлт зэрэг цаг үеийн сэдвийг голлон хөндсөн юм.
-Танд өдрийн мэнд хүргэе! Ярилцах цаг гаргасанд баярлалаа. Бид нөхөрлөөд 18 жил болж. Багагүй хугацаа өнгөрч. Тантай найз, хуульчийн хувьд бус, зочин сурвалжлагчийн хувиар ярилцлага авах амаргүй үүрэг “Өнөөдөр” сониноос надад ногдууллаа. Хичээж ажиллана аа.
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ 2000 онд өөрчлөлт оруулснаас хойш даруй 19 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс төр, нийгэм, хүний хөгжил, эдийн засгийн харилцаанд маш их өөрчлөлт орж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилга цөөнгүй гарч. Миний харж байгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд олон ажлын хэсэг “тасралтгүй” ажиллалаа. Гэвч өөрчлөлт оруулах зөвшилцөлд хараахан хүрэлгүй өдий хүрлээ.
Тухай бүртээ өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар өөр өөрийн үндэслэлээ танилцуулж ирсэн шүү дээ. Та Үндсэн хууль судлаач, эрдэмтэн хүн. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу. Өөрчлөлт оруулах шаардлага байгааг ямар үндэслэл, шалгуураар тогтоох ёстой вэ. Энэ өөрчлөлтийг хийх цаг үе мөн үү гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Үндсэн хууль бол аливаа улс орны түүхийн өнгөрснийг, оршин буй нийгмийн одоог, цаашид хэрхэн хөгжих баталгааны ирээдүйг нэгэн цэгт уулзуулан өөртөө тээж байдаг. Энэ ч үүднээсээ уг баримт бичиг нэг талаасаа хууль зүйн, нөгөө талаас улс төрийн гэх тодотголыг онолын хувьд өгч ирсэн. Иймд Үндсэн хууль огт өөрчлөгддөггүй гэж үзэх боломжгүй юм. Харин таны асуусан шиг Үндсэн хуулийн аль зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах ямар хэрэгцээ шаардлага буйг тодорхой шалгуурын дор бодитойгоор үнэлэх нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд нэр бүхий долоон зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Энэ цагаас хойш 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу бий болсон зарим тодорхойгүй байдал нь яах аргагүй өнөөгийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээг илүү бодитой болгож байгаа. Гэвч дордохын долоо нэрээр 2000 онд сонгодог парламентын засаглалд шилжих чиглэлд хийгдсэн парламентын олонх дангаараа Ерөнхий сайдаа тодруулах зэрэг өөрчлөлтийн ахиц дэвшлээ хүлээн зөвшөөрөх учиртай болов уу. Нөгөө талаасаа 2000 онд Үндсэн хуульд оруулсан зарим нэг алдаагаа засах шаардлага буйг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явц бидний өмнө бэлхнээ харуулж байна.
Тухайлбал, нэгдүгээрт, одоо бараг эрх зүйн нэр томьёо болсон “давхар дээл” буюу УИХ-ын гишүүн нэг талаасаа хууль тогтоох эрх мэдлийг, нөгөө талаас Засгийн газрын гишүүн, гүйцэтгэх эрх мэдлийг давхардуулан хаших улс төрийн боломжийг ямар нэг хязгаарлалтгүйгээр гаргасан явдлыг нэрлэж болохоор байна. Энэ бол практик биднээс шаардаж буй үндэслэл юм.
Хоёрдугаарт, судлаачид, тэр дундаа 1992 оны Үндсэн хуулийг баталж байсан Улсын бага хурлын гишүүд ч хэлж байдаг, “Манай улс бол парламентын бүгд найрамдах улс” гэдгийг Үндсэн хууль батал сан. Гэтэл парламентын бүгд найрамдах улсад гүйцэтгэх эрх мэдэл кабинет буюу хамтаар, энгийнээр бол багаар ажиллах явдал.
Гэтэл өнөөгийн Засгийн газрын гишүүнийг УИХ-аас нэгбүрчлэн хэлэлцэн томилж, чөлөөлдөг Үндсэн хуулийн заалт Засгийн газрыг бүлэглэлүүдийн барьцаанд оруулах, Монгол Улсын төрийн байгуулал, улс төрийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж буйг улстөрчид төдийгүй судлаач, эрдэмтэд эрс шүүмжилж ирсэн. Энэ бол шинжлэх ухааны шаардлага ч гэж үзэж болно. Үүнээс үзвэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн шаардлага нэг талаасаа академик, нөгөө талаасаа практикаас үүдсэн байж болох юм.
Харин түүнийг Үндсэн хуульдаа оруулах, эсэх гол шалгуур нь хүчин төгөлдөр үйлчилж буй эх хуулийн суурь зарчим, үзэл баримтлалтай зөрчилдөх үү л гэдэгт оршиж байдаг. Цаг хугацааны хувьд мөн л Үндсэн хууль дахь шалгуурт нийцэж байна уу гэсэн үг. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав буюу 57 нь нэгэн зэрэг зөвшөөрч байж оруулах тусгай шаардлагатай. Үүний дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн боломж бол нээлттэй байна.
-УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хууль судлаач, эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй төсөлд санал өгөх дэд ажлын хэсгийг байгуулж ажилласан. Дэд ажлын хэсгээс Үндсэн хуулиар зохицуулсан ямар харилцааг хөндсөн зохицуулалтыг өөрчлөх санал хүргүүлсэн бол?
-Энд зарим тодруулга өгөхгүй бол болохгүй болов уу. Юуны түрүүнд уг ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулаагүй, мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэгтэй шууд хамааралгүй гэдгийг онцлохыг хүсэж байна. Уг дэд ажлын хэсгийн хувьд 2017 оны тав, зургадугаар сард олон нийтэд танилцуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт төслийн хүрээнд санал, үндэслэлээ боловсруулж өгсөн юм.
Гэвч одоо хэр нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д албан ёсоор өргөн бариагүй байна. Тэр хүрээнд бол санал, үндэслэлээ хүн бүр гаргах эрх нээлттэй гэж ойлгож байгаа. Иймд бидний санал бол бүхэлдээ энэ төсөл гэж үзэж хэрхэвч болохгүй. Бидний саналын гол зарчим 1992 оны Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалын хүрээнд байх гол шалгуурыг барьсан.
Улмаар хэрэв нэн тэргүүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бол түүнийг нэгдүгээрт, өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн бүх л судлаачийн санал нэгдэж буй засаглалын хүрээн дэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг сайжруулах чиглэлд гүйцэтгэх эрх мэдлийг бүрдүүлэх, огцруулах асуудлыг боловронгуй болгох, хоёрдугаарт, Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд Цэцийн хараат бус байдлыг хангах, гуравдугаарт, УИХ-ын төсөв батлах болон томилгооны эрх хэмжээний эрх мэдлийн хяналт, тэнцэлд харшилж буй хэсгийг тодруулах, дөрөвдүгээрт, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг улам бэхжүүлэх, тавдугаарт, орон нутгийн хүрээн дэх нэмэлт, өөрчлөлт. Хэрэв онц шаардлагагүй бол уг асуудлыг энэ удаадаа хойшлуулах талаар үндэслэлээ гаргаж өгсөн. Мэдээж УИХ-ын ажлын хэсэг эдгээр саналыг авах, гээхийн ухаанаар хандаж буй хэмээн үзэж байгаа.
-Иргэд, судлаач, хуульчид засаглалын харилцан тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар санал бодлоо түлхүү илэрхийлж байна. Энэ нь Засгийн газрыг, төрийн бодлогыг тогтвортой байлгаж хэрэгжүүлэх, засаглал хоорондын хэт хамаарал, нөлөөллийг сулруулах, эрх мэдлээ булаацалдсан засаглал хоорондын тэмцэл ил задгай өрнөж байгааг нэг мөр шийдэх боломжийг эрэлхийлэх хүслээс үүдэлтэй болов уу. Үндсэн хуулийн төсөлд үүнийг шийдэх ямар зохицуулалт тусгав. Шийдвэрлэж чадах болов уу?
-Угаас Засгийн газар байгуулах, түүнийг огцруулах бол хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн тэмцэл өрнөх ёстой талбар. Харин энэ талбар хууль зүйн хувьд хэр оновчтой зохицуулагдсан бэ гэх асуудал илүүтэйгээр хууль зүйн асуудал болно. Өнгөрсөн хугацаанд П.Жасрайн Засгийн газрыг эс тооцвол бусад бүх л Засгийн газар Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй буюу дөрвөн жил хүрээгүй огцорч байсан нь засгийн тогтвортой байдал нэн тэргүүнд үгүйлэгдэх шалтгаан болсон.
Улмаар Засгийн газрын бүрэн эрхийн дундаж хугацаа 1.8 жил болсон нь судалгаанаас харагдаж байгаа. Үүнийг нь иргэд ч санал нэгтэйгээр хэлж, ойлгож байна. Иргэд болон зарим улстөрч, улстөрчдийн захиалгаар судлаач нар үүнээс үүдэн манай улсад хүчтэй удирдагч хэрэгтэй гэх мэтээр ухуулж буй нь үнэн хэрэгтээ тогтвортой бодлогыг л үгүйлж буйн илрэл юм. Энэ ч үүднээс бодлогоо хэрэгжүүлэх бололцоог хууль зүйн хувьд бий болгох нь зүй ёсны асуудал.
Парламентын бүгд найрамдах улсад нийтлэг хэрэглэсэн конструктив санал хураалт буюу Засгийн газрыг огцруулах саналаа түүний оронд Ерөнхий сайд болох хүний хамт өргөн барьж хэлэлцүүлдэг, өөрийн багаа буюу кабинетаа өөрөө мэдэх эрхтэй байдаг онолын шаардлага нь яг энэ асуудал дээр манайд аль аль нь зэрэгцэж буйгаас харж болно. Харин үүнтэй зэрэгцэн хэт хүчтэй Ерөнхий сайд бий болоод түүнийг хэрхэн хянах вэ гэдэг асуудал гарна.
Дэлхий дахинд Ерөнхий сайд буюу Засгийн газрыг хянах хяналтыг нэгдүгээрт, парламентын өөрийн, хоёрт, шүүхийн хяналтад л найдаж байна. Парламентын өөрийн хяналт нь хууль биелүүлэх үүргийг Ерөнхий сайд парламентын өмнө хариуцдаг гэдэг утгаар хянан шалгах түр хороо байгуулах замаар хэрэгжүүлдэг. Шүүхийн хяналт бол Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааг нь Үндсэн хуульд нийцсэн, эсэхийг Үндсэн хуулийн хяналтын байгууллага буюу Үндсэн хуулийн шүүх, харин ердийн хууль зөрчсөн захиргааны байгууллага болох талаас нь Захиргааны хэргийн шүүх хянах байдлаар хэрэгжүүлдэг.
-Хянан шалгах түр хороо гэх дэд институц өнөөгийн УИХ-аас байгуулах дэд хороодоос чиг үүргийн хувьд ялгаатай байх уу?
-Юуны түрүүнд парламентын хянан шалгах түр хорооны гол үүрэг бол хуулийн биелэлтийг хангах чиг үүргээ Засгийн газар хэрхэн хэрэгжүүлсэн гэдэг хүрээнд л дэлхий дахинд хязгаарлагдаж байна. Үүнээс үзвэл хянан шалгах гэх нэрээр бусад эрх мэдэлд нөлөөлөх ямар нэг шийдвэр гаргадаггүй гэдгийг онцгой анхаарах учиртай. Өөрөөр хэлбэл, түр хорооноос гарах шийдвэр шүүх болон гүйцэтгэх эрх мэдэлд үүрэг хүлээлгэх бүрэн эрхгүй.
Гагцхүү Засгийн газар хуулийн дагуу буюу хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн, эсэхийг Герман зэрэг оронд шүүхэд хэрэглэдэг нотлох баримт цуглуулах, шалгах, бэхжүүлж авах процессын хуулиудад заасан арга замаар хийж, шаардлагатай бол цаашид уг нотлох баримтыг шүүх шийдвэр гаргахдаа ашиглах байдлаар зохицуулсан байдаг.
Иймд бид Ерөнхий сайдад бодлогоо, танхимаа мэдэх эрх хэмжээг олгож буй бол уг хяналтыг заавал оруулах шаардлагатай. Энэ нь эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах чухал арга зам юм. Мэдээж хэрэг манай улсад тогтсон УИХ-аас байгуулдаг түр хороотой шууд адилтгаж хэрхэвч болохгүйг бид хүлээн зөвшөөрөх учиртай.
-Шүүх эрх мэдэлтэй холбоотойгоор орох өөрчлөлтийг тодруулж болох уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд олон арван харилцан адилгүй саналыг иргэд, судлаачид, улстөрчид гаргаж ирсэн. Энэ ч үүднээсээ төсөлд тусгасан санал бүр шинжлэх ухааны хувьд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлж болохгүй болов уу. Тухайлбал, өнөөгийн олон нийтэд дэлгэгдээд буй төсөлд шүүгчээр томилогдож болох насыг дээшлүүлэх санал тусгаад байгаа. Энэ бол цэвэр эрх зүйн гэхээс илүүтэй улс төрийн, боловсноор хэлбэл бодлогын гэх саналуудын нэг юм. Үүнээс гадна шинжлэх ухаанч саналууд ч бий.
Тухайлбал, төслийн хүрээнд өнөөгийн Үндсэн хуульд ч буй Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдын дундаас шүүгчийг шилж болох ажлыг хараат бусаар хэрэгжүүлэх зарчмыг илүү тодруулах санал “явж” байна гэж ойлгож байгаа. Түүнчлэн шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлд шүүхийн хариуцлагын зөвлөлөөр дамжуулан чиг үүргийг хуваарилах санал тусгасан гэж үзэж болно. Уг зөвлөлүүдийг бүрдүүлэхдээ шүүх болон нийт ард түмний төлөөллийн дээд байгууллага болох парламентын оролцоог хангахаар тусгасан нь тохиолдлын зүйл биш болов уу.
-1992 оны Үндсэн хуулийг эрдэмтэн, судлаачид “сайн хууль” гэж дүгнэхтэй цөөнгүй таарсан. Би ч хувьдаа нийгэм, тогтолцооны өөрчлөлтийг шийдвэрлэх зорилгоо биелүүлсэн гэдэг дүгнэлттэй санал нийлдэг.
Гэвч Үндсэн хуулийн үзэл санааг бүрнээ ойлгох, үйлдэл шийдвэртээ баримтлах хүсэл зориг үе үеийн эрх баригчдад дутаж, дур зоргоороо тайлбарлах, органик хуульд үзэл санааг гуйвуулах, нэн ялангуяа Үндсэн хуулийн хэрэгжилтийн баталгаа болсон Цэцийн гишүүдийн томилгоог хуульд нийцүүлээгүйгээс зарим нэг мухардал, хямралд түлхээд байх шиг.
Үндсэн хууль хэрэгжих баталгаа хэрхэн хангагддаг юм бол. Бид энэ баталгааг хангаж чадахгүй байгаад юу нөлөөлөв. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд энэ асуудлыг шийдэх ямар санал байгаа вэ?
-Тантай би санал нэг байна. 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль бол Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс авч үзвэл маргаангүй сайн, бүр тодруулбал, дэлхий дахин дахь Үндсэн хуульт ёсны үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах үүднээс төрийн эрх мэдлийг хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх баталгаа болгон гүйцэтгэх эрх мэдэл, нийгмийн харилцааг зохицуулж буй хуулийг хэрэглэн аливаа маргааныг хараат бусаар, бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй шүүх эрх мэдэл зэргээр хуваарилж, улмаар түүний хэрэгжилтийн баталгааг хангах чиг үүрэг бүхий Цэц хэмээх оноосон нэртэй хяналтын институц бий болгосон зэргээс бид бэлхнээ харж болно.
Зарим улстөрч, судлаачдын хэлдэг шиг шилжилтийн үеийн, эсвэл төрийн эрх мэдлийг бүрэн хуваарилаагүй зэрэг шүүмжлэлтэй миний хувьд огт санал нийлдэггүй ээ. Ажихад, ийнхүү дүгнэж буй хүмүүс 1992 оны уг Үндсэн хуулийг батлах явцад огт оролцож байгаагүй, мөн одоогийн Үндсэн хуульд ямар боломж олгосон тухай төсөөлөлгүй байсаар буй нь харагддаг. 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор бид нэгэнт эргэлт буцалтгүйгээр тус Үндсэн хуулийнхаа оршил хэсгээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх ба түүний тулд цаашид цогцлоон хөгжүүлэх буюу амьдрах нийгмийн суурь нь ардчилсан байх тухай зарлан тунхагласан.
Иймд бид хэрэв Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах бол дээрх суурь зарчмыг огт хөндөх эрхгүй. Гагцхүү шинэ Үндсэн хууль баталж байж гэмээнэ сая өөрчлөгдөх ёстой. Чухамдаа үүнийг Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс түүний суурь үзэл баримтал, эх хуулийн үл өөрчлөгдөх хэсэг гэдэг. Эрх зүйт төр гэх үзэл санаа товчдоо бол хууль тогтоогч гагцхүү Үндсэн хуульд нийцүүлэн хуулиа батлах, гүйцэтгэх эрх мэдэл нэгэнт батлагдсан хуулийг ялгаварлалгүйгээр шууд биелүүлэх, өөрийн үйл ажиллагааг гагцхүү хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, харин шүүх эрх мэдэл дан ганц хуульд бус, эрх зүйд буюу Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн хараат бусаар, бие даан ажиллахыг ойлгодог.
Гэтэл өнгөрсөн хугацаанд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн улстөрчид уг зарчмыг үл баримталсан олон үйлдэл гаргаж, түүнийгээ хууль ёсны дагуу хэмээн тайлбарлан хэрэгжүүлж байсан. Гэхдээ энэ тийм ч ховор, дэлхийд байдаггүй үзэгдэл биш боловч энэ халдвар нь өөрийн савнаас халиад түүнийг нь Үндсэн хуулийн дагуу явж буйд, Үндсэн хуулийн нэрийн өмнөөс хяналт тавих Цэцэд үсэрхийлсэн нь тун харамсалтай мэт санагддаг. Цэц буюу Үндсэн хуулийн хяналтын энэ институц шиг ардчилсан ёсны зарчмын дагуу нийт ард түмний төлөөлөн болон баталсан хуулийг Үндсэн хуулийн нэрийн өмнөөс хүчингүй болгох эрх хэмжээтэй байгууллага үгүй.
Товчхондоо, Үндсэн хуулийн хэрэгжих баталгаа бол Цэц байх учиртай, дэлхий дахинд ч ийм л байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд Цэц энэ бүрэн эрхээ улстөрчидтэйгөө хамтрах мэт, улс төрийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлж буй нь зарим талаар органик буюу Үндсэн хуулиас шууд эх авсан хуулиараа шийдвэрлэж болох боломжгүйд хүрэх нөхцөлд оруулж байна. Жишээ дурдахад, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хууль дахь “28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэн сонгуулиар сонгоно” гэдэг заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хэмээх дүгнэлтийг 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд буюу сонгууль болохоос сар гаруйн өмнө оруулснаас тод харж болно.
Улмаар цаашид Монгол Улсад ердийн хуулийн түвшинд ганц мажоритар тогтолцоо байх, энэ нь сонгуулийн тогтолцоонд хувь тэнцүүлэх болон холимог хэлбэр ашиглах боломжгүй байх шийдвэрийг Цэц улстөрчдийн захиалгаар гүйцэлдүүлж өгснөөрөө батлагдаж байгаа юм. Яг энэ асуудлаас үүдэн Үндсэн хуулиар энэ асуудлыг зохицуулах хэрэгцээ, шаардлага бий болж байх жишээтэй. Түүнчлэн улстөрчид Цэцийн энэ монопол эрхийг өөрийн болгох арга замаа гишүүнээр нь өөрийн төлөөний хүнээ томилох, улмаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулахад ашиглах зорилгоор Үндсэн хуульд тодорхой заагаагүй хэмээн урвуулан ашиглаж, шаардлагад нь нийцэхгүй хүнийг гишүүнээр томилох явдал цагаандаа гарлаа.
Энэ нь цаашлаад Цэц, түүний зарим гишүүн нь анхан шатны шүүхийн шүүгчийн шаардлага ч хангахгүй хүн ажиллах бололцоог олгоод байна. Иймд өнөөгийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Цэцийн гишүүнд тавигдах шалгуурыг зайлшгүй тодруулах зорилгоор санал оруулж буйг дэмжиж байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн баривал одоогийн УИХ хэлэлцээд, чадвал батлах байх. Гэтэл УИХ-аас сүүлийн үед баталж байгаа хууль, нэмэлт, өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийн үзэл санаанаас ухарсан, өөрсдийн эрх мэдэл, санхүүгийн байдлыг дээшлүүлэх чигт явж байна. Тухайлж хэлбэл, шүүгчийн эрх зүйн байдалд өөрчлөлт оруулж, шүүхийг улстөрчдийн хэт хараат байдалд орууллаа.
Хууль, хяналтын бүх байгууллагын удирдлагыг хольж солилоо. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын хамгийн их хэл ам дагуулдаг өмч хувьчлал, ашигт малтмалын лиценз олгох, цуцлах ажил, байгалийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэрүүдээ Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас гаргачихлаа. Засгийн газар, дарга нарын дур зоргын эсрэг иргэд, аж ахуйн нэгжүүд эрх ашгаа хамгаалуулах боломжгүй болгочихлоо.
Жижиг, дунд үйлдвэрлэл, тендер, концесс, гишүүдийн өдүүлсэн гэмт хэргийн талаар ярилтгүй биз. Ийм УИХ-д, гишүүдэд Үндсэн хууль өөрчлөх ёс суртахууны эрх байгаа юу. Төсөлд тусгасан ажил хэрэгч санал, санаачилгыг гуйвуулж, өөрсдийн эрх мэдлийг бэхжүүлэх, засаглалын тэнцвэрийг үгүй хийх вий гэсэн болгоомжлол байна. Энэ талаарх таны байр суурийг сонсъё?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр хэлбэрийг өнөөгийн Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тусгасан. Үүний дагуу ямар хэлбэрээр явуулах саналыг гагцхүү УИХ өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалан шийдэх эрхтэй. УИХ өөрөө шийдэх үү, эсвэл цаашид ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу гэдэг нь чухал. Иймд нэгэнт л УИХ-д үүнийг шийдэх эрхийг Үндсэн хуулиар олгосон учир ямар ч үндэслэл, тэр дундаа нэг намын олонх, эсвэл эргэлзээ бүхий гэдэг нь шалтгаан бус, харин шалтаг болно.
Нөгөөтээгүүр, сүүлийн гурван парламентын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл их, бага ямар нэг хэмжээгээр яригдаж ирсэн нь тус бүртээ ажлын хэсэг байгуулан, холбогдох төслүүд гарч байснаас харж болно. Энэ нь өнөөгийн парламент ганцаараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилж байна гэж дүгнэх үндэсгүй гэж үзэхээр байгаа юм.
Тиймээс бид Үндсэн хуульд оруулахаар санаачлах аливаа нэмэлт, өөрчлөлтийн төсөл агуулгын хувьд нэгдүгээрт, өнөөгийн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн, эсэх, хоёрт, тийнхүү хийх онол ба практик шаардлага байгаа, үгүйг, гуравдугаарт, цаашид урт хугацаанд үйлчлэх боломж бий, эсэх, дөрөвт, хэрэв гадаадын орнуудын туршлагад тулгуурлах бол тэр нь хангалттай нотлогдож туршигдсан, маргаангүй, эсэхийг нягтлах нь илүү бүтээлч санал, санаачилга хэмээн харж байна.
-Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Юуны түрүүнд бид чухам ямар агуулга, зориулалт бүхий Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хууль санаачлагчийн хувьд өргөн барих вэ гэдэг л нэн тэргүүний асуудал болоод байна. Энэ тохиолдолд ёстой зүйл тус бүр, үг нэг бүрээр нь ярилцах шаардлага үүснэ. Харин нэгэнт төслийг албан ёсоор өргөн баривал онцгой анхаарах нэг асуудал нь манай бусад хууль тогтоох ажиллагаа шиг анх хууль санаачилсан субъект нь танихгүй шахам болж өөрчлөгдсөн хууль батлагддаг байдал.
Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд шаардлагатай бол төсөл санаачлагч аль үе шатнаас төслөө бүрэн татаж авах, мөн анхны хэлэлцүүлгээр дэмжигдээгүй бол цаашид зэрэгцсэн санал гаргах, зүйл нэмэх зэргийг нарийн тодруулах шаардлагатай. Гэвч өнөөгийн эрх зүйн орчинд энэ асуудал хэт ерөнхий хэвээр буй нь бас л бодох асуудал юм. Учир нь Үндсэн хууль бол Үндсэн хуулийн эхийг баригч, Ардын багш Б.Чимид багшийн хэлдгээр “Алган дээр багтсан Монгол Улс” шүү дээ. Бид улсаараа тоглох хэмжээний асуудлыг хөндөж буйгаа дахин дахин санах хэрэгтэй.
Тэмдэглэсэн Г.ЦОЛМОН