Монголын мянганы сорилтын компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны хуулийн зөвлөх С.Мандахбаттай ярилцлаа.
-Юуны өмнө АНУ-ын Мянганы сорилтын корпорацын талаар мэдээлэл өгнө үү.
-Мянганы сорилтын корпорацын тухай хуулийг Конгресс нь 2004 онд баталснаар АНУ тухайн жилдээ Мянганы сорилтын корпорац хэмээх байгууллагыг үүсгэн байгуулсан. Засгийн газрын уг агентлаг нь АНУ-аас бусад оронд өгөх тусламжийг нэгтгэн, түүний үр ашигтай зарцуулалт, тусалж буй улсуудад том бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Ардчиллын засаглал нь сайн бэхжиж, зах зээлийн эдийн засаг нь хөгжиж байх зэрэг шалгуур тавьсны эцэст улс орнуудад буцалтгүй тусламж үзүүлдэг. Тухайн орон түүнийг нь ямар төсөлд зарцуулах хүсэлтэй байгаагаа тодорхойлсны эцэст саналаа хэлдэг.
Улс орнуудад олгох тусламжийн хэмжээ нь харилцан адилгүй бөгөөд нэгд нь 500 хүртэлх сая ам.доллар өгч байгаа. Тусламж өгөхөөр болж, компакт гэрээ байгуулахаас өмнө талууд хамтарч нэлээд судалгаа хийдэг. Тухайн орноос зам тавих, үйлдвэр барья гэдэг ч юм уу, янз бүрийн л санал тавина.
Уг корпорац эдийн засгийн өсөлтийг нь хангах замаар тухайн улсын ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Иймээс эдийн засгийн өсөлтөд саад болж буй шалтгаан нь мөн, эсэхийг судалсны үндсэн дээр ямар төсөл хэрэгжүүлэхийг шийддэг. Судалгаа хийж, компакт гэрээ байгуулах үйл явц багадаа 2-3 жил үргэлжилдэг юм билээ. Нэгэнт компакт гэрээ байгуулсан бол төслийг яг тогтоосон хугацаанд нь багтааж хэрэгжүүлж дуусгах ёстой.
Манай улсын хувьд 2004 онд анх компакт гэрээ байгуулах санал тавьж, 2008 онд хүчин төгөлдөр болж, 2013 онд төслүүдээ хэрэгжүүлж дууссан. Уг гэрээний хүрээнд боловсрол, авто зам, эрүүл мэндийн зэрэг салбарт цөөнгүй төсөл хэрэгжүүлсэн. Эхний гэрээг амжилттай хэрэгжүүлсэн учраас дахин хүсэлтээ тавьсан, АНУ ч 2014 онд Монголыг хамруулъя гэсэн юм билээ.
-Хоёр дахь гэрээний хүрээнд манайд ямар төсөл хэрэгжүүлэх вэ?
-Монголын эдийн засгийг өсгөхөд цаашид ямар салбарт төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй талаарх судалгааг 2014 онд эхлүүлсэн байдаг. Миний хувьд компакт гэрээ байгуулах ажилд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд оролцож байна. Манайх утаа бууруулах, хувийн хэвшлийг дэмжих, усны салбарт төсөл хэрэгжүүлэх зэрэг дөрвөн чиглэлээр санал гаргасан.
Компакт гэрээг хэрэгжүүлэх таван жилийн хугацаанд утааг шийдэж чадахгүй, хувийн хэвшлийнхэнд ч хангалттай дэмжлэг болж чадахгүй гэж үзсэн. Харин усны салбарт төсөл хэрэгжүүлбэл эдийн засгийн үр өгөөж нь боломжийн тул хөрөнгө оруулахаар зарчмын хувьд шийдсэн юм билээ. 2017 оны дундуур энэ салбарт ямар төсөл хэрэгжүүлэхээ тодорхойлсон.
Цаашид нийслэлийг цэвэр усаар хангахад асуудал тулгарч болзошгүй нь уг салбарыг сонгох шалтгаан байсан. 1.4 сая орчим хүн амьдарч байгаа Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг хангалттай цэвэршүүлж чадахгүй, Туул голд шууд нийлүүлж байгаа. “ДЦС-3”, “ДЦС-4”-т нийслэлийн нийт усны хэрэглээний 20 хувь ногддог юм байна. Эдгээрт гүний цэвэр ус хэрэглэдэг.
Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир усыг дахин боловсруулж, ДЦС-уудад нийлүүлэх шийдэл байж болох юм гээд үйлдвэр барих болсон. Төв цэвэрлэх байгууламжид уг үйлдвэрийг барихад 100 орчим сая ам.доллар хэрэгтэй.
Улаанбаатарт орон сууцанд амьдардаг иргэд ус хамгийн их хэрэглэдэг. Орон сууц нэмэгдэх тусам усны хэрэглээгээ хангахад хүндрэлтэй болно. Тиймээс Биокомбинат, Шувуун фабрикийн орчимд 50 худаг барихаар төлөвлөсөн. Энэхүү хоёр дахь төсөл нь нийслэлийн усны хангамжийг 50 хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой. Ийм тооны худгийг 200 орчим сая ам.доллароор барина гэж тооцоолсон.
Тэдгээрээс авах усыг унданд шууд хэрэглэх хэмжээнд цэвэршүүлэх үйлдвэр барихад 100 сая ам.доллар шаардлагатай болох юм. Энэ бүх үйлдвэр худгийг холбосон шугам хоолой, шахуурга, ус хадгалах танк зэрэг байгууламжийг мөн байгуулна. Түүнчлэн усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжүүлэхэд 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулна. Өөрөөр хэлбэл, цогц гурван төсөл хэрэгжүүлнэ. Ингээд нийт 420 сая ам.доллар болж байгаа.
Ирэх тав, зургаан жилийн хугацаанд 50 орчим ажилтантай Монголын мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа, тэдгээрийн зөвлөх зэргийн зардалд 30 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо бий. Худалдан авах ажиллагааны болон санхүүгийн агент гэх мэт хөндлөнгийн байнгын зөвлөх компаниуд ажиллах захиргааны зардал мөн гарна.
Ер нь компакт гэрээ хэрэгжүүлэх хүрээнд 462 сая ам.доллар зарцуулахаас 350 саяыг нь АНУ-аас буцалтгүй тусламжаар олгоно. Үлдэх 112 сая ам.долларыг нь Монгол Улсын Засгийн газар ирэх тав, зургаан жилийн хугацаанд гаргана. Үүнийг төсвөөс, эсвэл гадаадаас зээл, буцалтгүй тусламж аван гаргаж ч болох юм. Тооцоо судалгаа, зураг төслийг нарийвчлан хийсний дараа нийт хөрөнгө оруулалтын хэмжээ буурах боломжтой.
АНУ өдгөө Европ, Ази, Африк, Латин Америкийн бүс нутгийн орнуудад ийм тусламж үзүүлдэг, нэлээд туршлагатай болчихсон, зарцуулалтад нь хяналтаа чанга тавьдаг. Төсөл хэрэгжүүлэх алхам тутамд өөрсдөө зөвшөөрөл өгдөг. Авлига өгч болзошгүй тохиолдол бүрийг хаахыг чармайдаг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд компакт гэрээг хэрэгжүүлэх тал дээр тэд маш их туршлага хуримтлуулсан. Аливаа худалдан авах ажиллагааг ил тод, шударга байлгах зарчмыг чанд баримталдаг.
Төслийн багийн ажилчдыг хөндлөнгийн гуравдагч орны хуулийн этгээдийг оролцуулан, сонгон шалгаруулж байгаа. Манай төслийн хувьд Англид төвтэй “Charles candles” компани худалдан авах ажиллагааг хариуцан ажиллахаар шалгарсан бөгөөд нээлттэй бүх худалдан авалтыг хариуцна. Энэ компани худалдан авах ажиллагааны бүх ажлыг зохион байгуулах юм. Монголын мянганы сорилтын сан хяналт тавьж, зохион байгуулаад явна.
Илүү шударга, ил тод байх бололцоо бүрдсэн гэсэн үг. Санхүүгийн агентыг нээлттэй сонгон шалгаруулахад АНУ-ын “Cardno” компани шалгарсан. Тус компани санхүүгийн өдөр тутмын бүх гүйлгээг хариуцна. Мөн л адилхан, авлигаас аль болох хол, бараа, бүтээгдэхүүнийг яг нийлүүлж байгаа, эсэх зэргийг хянаж, зөрчил илэрвэл санхүүжүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ.
-Эдгээр компанийг хэрхэн сонгосон юм бол?
-АНУ-ын худалдан авах ажиллагааны онцлогийг мэддэг, төрийн сантай нь холбоотой ажиллаж байсан нь давуу тал болсон байх. Шалгуурыг нь хангаж л байвал аль ч улсын компани шалгарч болдог, заавал АНУ, Монголынх байх ёстой гэхгүй.
-Усны салбарт хэрэгжүүлэх дээрх төслүүдийн ач холбогдлыг илүү тодруулж өгнө үү.
-Улаанбаатарт гурав, дөрвөн жилийн дараа усны хомсдол үүсэх нь зэргээр янз бүрийн мэдээлэл гардаг. Нийслэлийн усны хэрэглээний 75 орчим хувь нь зөвхөн айл өрхүүдэд ногдож буй дүн бий. Улаанбаатарт 100 мянган айлын орон сууц шинээр барина гэж байгаа. Ийм хөтөлбөр хэрэгждэггүй юм гэхэд жилд 10 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахад усаар хангаж чадахгүйд хүрэх асуудал үүснэ.
Дээрээс нь нийслэлд үйлдвэр, аж ахуйн нэгж цөөнгүй. Эдгээр нь үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд усаар хангаж чадахгүйд хүрэх талтай. Тиймээс усан хангамжийн эх үүсвэрийг нэмэхээс өөр аргагүй юм. Дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэхгүй бол 2025, 2026 оноос үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, шинээр барьсан орон сууцнуудыг усаар хангахад хүндрэл үүсэж болзошгүй юм билээ.
Тиймээс эдийн засгийн өсөлтийг хязгаарлах энэ хүчин зүйлийг арилгахад нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засагт уснаас болж асуудал үүсэхгүй гэсэн үг.
Тогтвортой хөгжлийн хүрээнд гэр хороолол дахь бүх худгийг ухаалаг болгох нь зүйтэй гэж үзсэн. Ингэж байж иргэд хоногийн аль ч үед худгаас цэвэр ус авах боломж бүрдэнэ. Ус сувгийн удирдах газар гэр хороололд 700 гаруй худаг ажиллуулж байгаагийн 100-г нь л ухаалаг болгосон бөгөөд иргэд картаа уншуулаад хэзээ ч ус авдаг болсон. Орон сууцанд амьдардаг хүн өдөрт дунджаар 150 литр ус хэрэглэдэг гэсэн статистик бий.
Харин гэр хороололд амьдарч буй иргэн 7-8 литрийг хэрэглэж байгаа. Худгийг ухаалаг болгосноор нэг хүнд ногдох усны хэрэглээ 10 орчим литр болж нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон. Усны хэрэглээ эрүүл ахуй, эрүүл мэндтэй шууд холбоотой.
Худгуудыг ухаалаг болгосноор тэнд ажиллаж буй хүмүүс ажлын байргүй болох асуудал гарна. Тэднийг дахин сургаад ямар ажлын байраар хангах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй, нийгмийн асуудлыг нь орхигдуулж болохгүй. Үүнд ч бид анхаарч байна. Энэ нь тогтвортой байдалтай холбоотой шүү дээ.
-Газрын доорх усны нөөцөөс татаж авах хэмжээ нэмэгдэх нь. Манай нөөц ер нь ямар вэ?
-Нөөцийг дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагууд судлаад, ямар хэмжээний ус авахад Туул гол, байгаль орчинд огцом нөлөөгүй болохыг тооцсон. Туул голын урсцад нөлөөлөхгүй байхыг бодолцон, Биокомбинат, Шувуун фабрикт худаг барих болсон л доо.
Нөгөөтээгүүр, ус дахин боловсруулах үйлдвэр барьчихаар шууд 20 хувийн хэмнэлт гарна гэсэн үг. “ДЦС-3, “ДЦС-4”-т дахин боловсруулсан ус ашиглаж, Төв цэвэрлэх байгууламжаас нэлээд бохир ус Туул голд нийлүүлэхгүй болох тул аажимдаа цэвэршинэ.
-Дахин компакт гэрээ байгуулахад Монгол Улсын Засгийн газар хамгийн багадаа өмнөх хөрөнгө оруулалтын 15 хувьтай дүйх хөрөнгийг гаргах ёстой юм билээ.
-Хоёр дахь компакт гэрээ хэрэгжүүлж буй оронд ер нь өмнө нь өгсөн мөнгөнөөсөө илүү олгодоггүй юм байна. Өмнөх гэрээний дагуу АНУ манайд 280 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Тэгэхээр үүнээс бага хэмжээтэйг өгөх байсан ч 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох болсон.
Монгол Улсын Засгийн газар асуудлаа тавьж, төслийн удирдагч Э.Содонтогос болон Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил, одоогийн сайд Д.Цогтбаатар нар сайн менежмент хийж, дээрх хэмжээний тусламж авахаар зөвшөөрүүлж чадсан. Бага, дунд орлоготой улстай дахин компакт гэрээ байгуулж буй бол өмнө нь өгсөн тусламжийн 15-аас доошгүй хувийг гаргах ёстойг АНУ хууль, журамдаа тусгасан байдаг.
Монгол Улс 50 орчим сая ам.долларыг заавал гаргах ёстой байсан. Манайх анх төлөвлөсөн төслөө цогцоор нь хэрэгжүүлэх үүднээс гаргах хөрөнгийн хэмжээг 110 сая ам.доллар болгоё гэсэн л дээ. Үгүй бол ус дахин боловсруулах үйлдвэрийг ч юм уу барихаа больчих гээд байсан хэрэг. Тооцоо судалгааг нарийвчилж хийхээр 462 сая ам.доллар багасахыг үгүйсгэхгүй.
-Төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэмжээг хараахан эцэслээгүй байгаа гэсэн үг үү?
-Тооцоог нарийвчлах тусам энэ дүн багасах бололцоотой. Үйлдвэр, дэд бүтцийн зураг төслийг нарийвчлан хийсний дараа нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ багасна гэсэн таамаглал бий.
Шаардлагатай санхүүжилтийн хэмжээ багассан тохиолдолд манай улсаас гаргах мөнгөний хэмжээ мөн адил буурна гэж тохиролцсон. Харин АНУ-аас өгөх 350 сая ам.долларын хэмжээ буурахгүй байхаар тохиролцсон юм.
-Судалгаа хийх үүрэгтэй ажилласан Үндэсний ажлын алба өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулсан бол?
-2-3 жил судалгаа хийдэг учраас тусгайлан хариуцсан нэгж байгуулах зайлшгүй шаардлагатай байсан л даа. Үгүй бол яамдын мэргэжилтнүүд давхар ажиллаад явах нь хүндрэлтэй. Улмаар компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын алба хэмээх нэгжийг Засгийн газар Гадаад харилцааны яаманд байгуулсан.
Энэ нэгжид байгаль орчны, санхүүгийн мэргэжилтэн, инженер зэрэг 10-аад хүн ажиллаж, америкчуудтай хамтраад судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэн компакт гэрээг боловсруулж, эцэслэн батлуулсан. Үндэсний ажлын алба үүргээ биелүүлсэн учраас тавдугаар сард татан буугдана. Цаашид бүх ажлыг Монголын мянганы сорилтын сан гэж улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцна.
-Компакт гэрээ 2020 оны хавар бүрэн хүчин төгөлдөр болж магадгүй гэсэн, тийм үү?
-Нэг жил, эсвэл нэг жил гаруй ч болж магадгүй. Дээр дурдсанчлан төслийг яг хугацаанд нь багтаж хэрэгжүүлэх ёстой. Тоолуур гүйгээд эхэлчихвэл үйлдвэр барих ажил хугацаандаа амжихгүй болж, санхүүжилт нь зогсох эрсдэлтэй. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг бүрэн хангах ёстой.
Жишээ нь, Төв цэвэрлэх байгууламжид барих үйлдвэрийн бүхий л зээлийн гэрээ, хэлэлцээр, зураг төсөл, ажлын төлөвлөгөө батлагдсан байх ёстой. Товчхондоо, бүх нөхцөл хангагдсаны дараа компакт гэрээ бүрэн хүчин төгөлдөр болж, барилгын ажлыг гүйцэтгэх таван жилийн тоолуур гүйж эхэлнэ. Шинээр барих худгууд, үйлдвэрийн нарийвчилсан зураг төсөл нь хийгдээгүй байгаа. Зураг төслийг нь боловсруулах компани шалгараад, ажиллаж байна.
Үүнд дор хаяж нэг жил гаруйн хугацаа ордог юм байна. Зураг төсөл нь тодорхой болж, компакт гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс барилгын ажлыг эхлүүлнэ. Гүйцэтгэх компаниудыг нь урьдчилан сонгоно. Америкчууд төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх, мөнгөний үр ашгийг өндөр байлгах үүднээс маш нарийн төлөвлөдөг юм билээ.
-Дээр дурдсан гурван төслийн бүтээн байгуулалтын ажилд Монголын, АНУ-ын компанид давуу эрх олгох уу. Эсвэл аль ч улсын компани шалгарах боломжтой юу?
-Аль ч улсын компанийг илүүд үзэхгүй. Тэр дундаа АНУ, Монголынхыг илүүд үзэхгүй гэсэн зарчим бий. 462 сая ам.доллар буюу 1.3 их наяд орчим төгрөгийг тав, зургаан жилийн хугацаанд зарцуулна. Манайд усны салбарт ийм их хэмжээний хөрөнгө нэг дор орж байгаагүй учраас мэдлэг, туршлага хуримтлуулах боломж бүрдэнэ. Усны мэргэжилтнүүд, инженерүүд улам чадавхжина.
Монголын мянганы сорилтын сан оффис түрээсэлж, машин, тавилга авахаас эхлээд цоо шинэ үйлдвэр барих төсөл хэрэгжүүлнэ. Энэ бүгдэд аль ч улсын компани шалгарч болно. Дэлхийн томоохон, туршлагатай компаниуд өрсөлдөх байх. Монголын компаниудад боломж гарч ирнэ гэж бид тооцож байгаа.
Мянганы сорилтын сангийн, 2026 онд хэрэгжүүлж дуусах төсөлд усны салбарт ийнхүү 462, Төв цэвэрлэх байгууламжид БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 300 сая доллар гээд 760 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулах нь. Мөн усны салбарт төсвөөс жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байгаа.
Ингэхээр тав, зургаан жилийн хугацаанд усны салбарт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Ер нь усны салбарт хувьсгалын шинжтэй хөрөнгө оруулалт болно. Энэ салбарт мэргэжилтэн хангалтгүй, компаниуд нь ч хангалттай өсөж дэвжээгүйд анхаарах ёстой. Шинээр барих үйлдвэрийг цааш нь авч явах мэргэжилтнүүдийг одооноос бэлдэх нь маш чухал.
1700 орчим ажилтантай Ус сувгийн удирдах газрын өр өдгөө 150 гаруй тэрбум төгрөг болчихсон. Усны үнэ харьцангуй хямдхан байгаа учраас хэрэглээ нь маш замбараагүй. Бид үүн дээр ч анхаарна. Соён гэгээрүүлэх, усаа хэмнэх талаар мэдээлэл хүргэхээр төлөвлөсөн.