АНУ-аас “F-16” нисэх онгоц 66-г авах болсныг Тайванийн Батлан хамгаалахын сайд нотоллоо. Тайпэй, Бээжин хоорондын хүчний тэнцвэрт байдлыг уг гэрээ өөрчлөхгүй ч энэ болон өөр бусад алхам нь худалдааны дайны талаарх хэлэлцээ төгсгөлийн шатандаа орсон үед Хятадын эрх баригчдад дарамт шахалт болох аж. Үүний сацуу Тайвань дахь АНУ-ын Төлөөлөгчийн газар шинэ байранд орж, Америкийн Конгрессын гишүүд тус аралд үзүүлдэг тусламжийн хэмжээг нэмэх зорилготой хууль санаачилжээ. Энэ бүхэн урт хугацааны бодлогын нэг хэсэг, бас Бээжинг илүү нээлттэй болгох учиртай тактикийн алхам байж болох юм.
Хятадын эрх баригчид Тайванийг нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг хэмээн үздэг бөгөөд Бээжинтэй дипломат харилцаа тогтоохыг хүсэж буй бүх орноос тус арлыг тусгаар улс гэж үзэхгүй байхыг шаарддаг. Уг шаардлагыг АНУ хүлээн авч, Тайваньтай харилцах тухай хууль баталсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Уг хуульд тус аралд өөрийгөө хамгаалахад нь зориулж, зэвсэг худалдах эрхээ Вашингтон тусгажээ. Ийм дэмжлэг бүрт Бээжин эсэргүүцлээ илэрхийлдэг.
АНУ-ын төрийн эрхэд Дональд Трамп гарч, Бээжинг Вашингтоны гол дайсан болохыг хүлээн зөвшөөрснөөр байдал өөрчлөгджээ. 13 тэрбум доллароор 66 нисэх онгоц худалдан авбал том Жорж Бушийн засаг захиргаа 1989 онд Тяньамьмэний талбайд болсон эсэргүүцлийн ажиллагааг нухчин дарсан эх газрыг шийтгэж, тус арал руу “F-16” онгоц 120-ийг худалдсан 1992 оноос хойших томоохон гэрээ болох аж. “Энэ гэрээ Бээжингийн хувьд улс төрийн хүчэй цохилт болно” гэж Хонконгийн “South China morning post” сонинд Сингапурын Олон улсын судалгааны сургуулийн судлаач У Шансу ярьжээ.
БНХАУ байлдааны 3100 гаруй нисэх онгоцтой. Үүний дээр саяхан үйлдвэрээс гарсан, Америкийн “F-22”, “F-35”-тай харьцуулах, 1960 оноос тус улсын холбоотнуудын зэвсэглэлд байгаа “F-15”-аас эрс илүү, тав дахь үеийн “J-20” нисэх онгоц нэмэгдсэн байна.
Худалдааны маргааны хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад Америкаас авдаг бараагаа олшруулан, оюуны өмч хулгайлахаа больж, аж үйлдвэрийн дэмжлэг, туслалцаа авдгаа зогсоохыг шаардаж буй билээ. Тайпэйд нээгдсэн Америкийн Төлөөлөгчийн шинэ газар 500 хүний багтаамжтай аж. Нийгэм, соёл, худалдааны үйл ажиллагаа явуулах нэрийн доор тэнд америк цэргүүд байдаг гэнэ.