“The Boeing” компанийн үйлдвэрлэсэн “Boeing 737 MAX 8” загварын нисэх онгоц таван сарын дотор хоёр ч удаа осолдож олон хүний амийг авч одсон билээ.Үүний улмаас дэлхийн бүх иргэний нислэгийн компаниуд уг онгоцыг үйлчилгээнээсээ хаагаад байгаа аж. Энэ гуравдугаар сард Этиопод осолдсон “Ethiopian Airlines” компанийн дээрх загварын онгоцны ослын шалтгааныг илрүүлэх комиссынхан өнөөдөр дүгнэлтээ танилцуулжээ. Коммиссынхны үзэж буйгаар нисэх онгоц агаарын урсгалын онцгой нөхцөл байдалд ороход автоматаар идэвхждэг системийн гаднах мэдрэгчийг шувуу эсвэл гадны ямар нэгэн биет мөргөж гэмтээснээс болж онгоц осолдсон ажээ. Уг систем нь жолоодлогод шууд нөлөөлөдөг бөгөөд онгоцны нислэгийн эсрэг чиглэлтэй агаарын урсгал ширүүсэх юм бол автоматаар онгоцны хамрыг доош чиглүүлдэг юм байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр Индонезийн эргийн ойролцоо далайд унасан Lion Air компанийн Boeing 737 Max онгоц ижил төстэй шалтгаанаар осолдсон гэгдэж байгаа ч тоорхой дүгнэлт одоогоор гараагүй аж.