Агаарын зорчигч тээвэрт хамгийн эрэлттэй байгаа гэх, “Boeing” компанийн “Boeing 737 MAX 8” загварын хөлөг өнгөрсөн жилийн аравдугаар сард Индонез улсад осолдсон. Тэгвэл дөрөв хоногийн өмнө Этиопт сүйрлээ. Хоёр онгоцны осолдсон шалтгаан ижил байсан нь нисэхийн салбарынхны анхаарлыг татаж, эл загварын онгоцоор нислэг үйлдэхийг манайхаас гадна 30 гаруй улс хориглоод байна. Түүнчлэн Энэтхэг, Вьетнам улс агаарын орон зайдаа нэвтрүүлэхийг хориглосон.
АНУ-ын иргэний нисэхийн байгууллагаас “Boeing 737 MAX 8” загварын онгоц техникийн хувьд ямар ч доголдолгүй
гэсэн мэдэгдлийг өнгөрсөн мягмар гарагт манайд ирүүлжээ. Энэ мэдэгдлийг хүлээн авсан МИАТ компани онгоцоо нислэгт гаргахаар зэхсэн ч Ирландын иргэний нисэхийн байгууллагаас ослын шалтгааныг нягталж, эцсийн дүгнэлт гартал үйлчилгээнд гаргахгүй байхыг анхааруулсан байна. Манай түрээсэлж буй онгоц Ирландад бүртгэлтэй учраас тэдний шийдвэрийг дагах учиртай гэнэ. Иймээс түрээсийн онгоцоо хэзээ нислэгт гаргах нь тодорхойгүй байгаа аж.
МИАТ компани АНУ-ын “Boeing” компанийн 2017 оноос хойш үйлдвэрлэж буй дээрх загварын дөрвөн онгоцыг түрээслэх гэрээ байгуулсан. Дараагийн гурван онгоцоо энэ оны тав, арав, ирэх жилийн хоёрдугаар сард авахаар төлөвлөөд байсан билээ. Манай улс одоогоор 2000-2002 онд үйлдвэрлэсэн онгоц ашиглаж байгаа. Монгол Улс иргэний нисэхийн салбарт 2020 оноос хойш 20 жилээс дээш наслалттай онгоц ашиглахгүй байх бодлого баримталж буй юм. Уг бодлогын хүрээнд хамгийн сүүлийн загварын онгоц түрээслэхээр гэрээ хийснээ МИАТ компанийн дэд захирал Н.Ганболд тайлбарлав. МИАТ-ийнхэн 2011 онд “Boeing” компаниас гурван онгоц худалдаж авах гэрээ хийсэн. Гэвч санхүүгийн ачааллыг нь дийлэхгүй нь тодорхой болсон учраас онгоц оруулж ирэх хугацаагаа хойшлуулж, улмаар худалдаж авах биш, түрээсээр ашиглахаар болгож, гэрээгээ өөрчилжээ. Ингэхдээ хамгийн сүүлийн үеийн загварын онгоц ашиглах сонголт хийсэн байна. МИАТ “Boeing 737 MAX 8” загварын онгоцоор 300 цагийн нислэг үйлджээ. Ингэхэд өмнөх загварын онгоцнуудаас 18 хувиар бага шатахуун зарцуулдаг нь тодорхой болсон аж. Мөн хуучин онгоцонд хоёр жилд их нэг удаа их засвар хийх шаардлагатай бол шинийг гурван жилд оруулах гэнэ. Энэ нь санхүүгийн хувьд МИАТ компанид ашигтайг Н.Ганболд дуулгалаа. Одоо тус компанийнхан онгоцны эзэдтэй сул зогссон хугацааны түрээсийн төлбөрийг хөнгөлүүлэхээр хэлэлцэж байгаа аж.