40 тонны контейнерт дүүрэн мах ачин Монгол улсаас Узбекистан руу тээвэрлэж явсан том оврын ачааны тэрэг ОХУ-ын Ордын районы орчимд хээр явж байгаад 2018 оны 1-р сарын 31-нд онхолджээ. Замын хажуу руу онхолдсон машиныг босгох гэж тэрбээр нутгийн зарим иргэдийн хамт таван өдрийн турш оролдоод чадаагүй байна. Тиймээс түүнийг суурин газарт аваачиж түр амраах гэсэн боловч жолооч махаа алдахгүйн тулд энэ өдрүүдийн турш машиныхаа дэргэд байжээ.
Тэрбээр нутгийн иргэдийн тусламжтайгаар трактор хөлөглөн зүтгэсний дүнд зургаа дахь хоног дээр машинаа босгож чадсан байна. Иргэд ингэж туслах болсон шалтгаан нь Оросын диспетчерийн нэгдсэн албан түүнд туслахаас татгалзсан явдал ажээ. Жолоочийн өгсөн дуудлагын дагуу аврах баг хэргийн газар очсон ч “Манай байгууллага иргэн хүнд туслах үүрэгтэй. Харин тээврийн хэрэгслийг харьяалах компани нь хариуцах ёстой” гэсэн дүрэм яриад жолоочийг хооллож ундлаад буцсан гэнэ. Ордын районы диспетчерийн нэгдсэн албаны хэвлэлийн төлөөлөгч “Манай хотод Гал түймрийн анги, Зам барилгын удирдах газар гээд холбогдох газрууд бий. Гэтэл манайд аврах үүрэгтэй ажилтнууд байдаггүй. Бид хүнд л туслах үүрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.