Барилгын дараах цэвэрлэгээ хийлгэнэ гэсэн зарын дагуу холбогдоход “Цагт 4000-7000 төгрөгөөр цалинжуулж бүтэн өдөр буюу наймаас дээш цаг ажиллавал нэг удаа хооллоно, сонирхож байвал даруй ирээрэй, ажил их байгаа тул хүн хүч яаралтай хэрэгтэй байна” гэв.
Долоо хоногийн аль өдөр, хэдэн цаг ажиллах боломжтойгоо хэлж, гэрээ байгуулдаг юм байна. Ихэвчлэн гэртээ хүүхдээ харж буй ээжүүд, оюутнууд, орон нутгаас нийслэлд түр оршин суугчид ийм ажил хийдэг аж. Цалингаа хамгийн багадаа нэг долоо хоног болоод олгодог, цагийн ажлуудын үнэлгээнээс хамгийн өндөр хөлстэйд эл ажил тооцогдох гэнэ. Барилгын цэвэрлэгээ болон ер нь оффисын цэвэрлэгээний ажлыг цагийн ажилчдаар хийлгэх болжээ.
Зарим оффис үйлчлэгчгүй, мөн албан байгууллага IT инженергүй, дэлгүүр үндсэн орон тооны худалдагчгүй болж эхэлснийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрынхан хэлж байна. Тус газар Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Цагийн ажлын бирж байгуулаад хоёр жил шахам болсон.
Энэ хугацаанд цагийн ажил хийхээр бүртгүүлсэн оюутан, иргэдийн тоо сар бүр нэмэгдэж буй гэсэн. Тус биржийнхэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилд зуучлах 24 төвтэй хамтран ажилладаг. 2018 оны хоёрдугаар хагаст уг биржид цагийн ажил хайж бүртгүүлсэн хүний тоо 1265 байж.
Үүнээс 900 орчим нь ажилд зуучлуулсан бөгөөд хамрагдсан ажил олгогчийн тоо 125 болжээ. Ажлын захиалга өгсөн байгууллагуудын 70 гаруй хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн ахуйн нэгж ба нэг цагийнх нь хөлс 2500-5000 төгрөг. Мөн айлууд гэрээ цэвэрлүүлэх, хоол, унд бэлтгүүлэх, хүүхдээ харуулахаар цагийн ажилчин хөлсөлдөг гэнэ. Энэ тохиолдолд цалинг нь тохиролцдог байна.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтэн Б.Оюунчимэгээс цагийн ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийн талаар тодруулахад “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд тусгасны дагуу 100 болон түүнээс дээш ажилтантай байгууллага нийт ажилтныхаа тооны таван хувьтай тэнцэх дүнгийн ажлын байрыг цагийн ажилчинд олгох журам бий. Энэ хүрээнд албан байгууллагууд цагийн ажилтан авах саналаа манайд ирүүлдэг.
Мөн ногоо хураах, мал нядлах зэрэг улирлын чанартай ажилд хувь хүмүүс иргэдийг авч ажиллуулдаг. Энэ үед өдөрт 20 000-40 000 төгрөгийн цалин олгодог юм билээ. Бидний тооцоолсноор, 2016 онд иргэд цагийн ажлын хөлсөнд 410, 2017 онд 470 гаруй сая төгрөгийн цалин урамшуулал авсан болов уу. 2018 оны дүнг хараахан гаргаагүй байна, ер нь цагийн ажил хийлгүүлэх, ажилд орох хүмүүсийн тоо өсөж, хөдөлмөрийн зах зээлд энэ төрлийн ажил тодорхой хувийг эзлэх болсон” гэсэн юм.
Түүнчлэн хувь хүмүүс хүүхэд харуулах, гэрийн ажилдаа туслуулахаар аль болох нас тогтсон хүн сонгодог болсныг тэрбээр онцоллоо. Цагийн болон орон тооны бус ажлын байранд залуу хүмүүсийг авах хандлага цөөрсөн гэнэ. 40-өөс дээш насны ялангуяа сувилагч, багш, тогооч мэргэжилтэй бүсгүйчүүд эл талбарт эрэлт ихтэй байгааг онцолсон юм.
Баяр ёслолын үед “тогоо бариулах”, бага ангийн сурагчдын хичээл давтуулах, сургуулийн хүүхэд “зөөх” зэрэг ажлын байрны захиалга тасардаггүй гэлээ. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт гэхэд л өдөрт цагийн ажлын байрны 30-40 захиалга ирж, тохирох хүмүүс ажилтай болдгийг тэрбээр хэллээ.
Ямар нэгэн хөдөлмөрийн биржээр дамжуулахгүй цагийн ажил олгодог олон улсын сүлжээ дэлгүүрийн төв оффист бид очсон юм. Тус дэлгүүр Монголд зургаан салбартай бөгөөд ажилтнуудынх нь 30 хувь нь цагийнх. Нэг цагт 4000 төгрөгийн хөлс төлдөг ба татварыг нь суутгаад, сард хоёр удаа цалингаа олгодог аж. Ихэвчлэн оюутнууд ажиллан, ажиллах цагийн тооцоогоо долоо, долоо хоногоор гарган дэлгүүрийн зохион байгуулагчид өгдөг гэлээ.
Тус дэлгүүрийн оффисын үүдэнд долоо, найман залуу анкет бөглөж байв. Их, дээд сургуулиудын оюутнууд амарчихсан тул ажлын эрэлт их байгаа бололтой. Тэдний нэгээс нь цагийн ажлын байрны олдоц болон оюутнуудын ажил эрхлэлтийн талаар сонирхсон юм. “Их засаг” их сургуулийн оюутан Г.Галцог “Хичээлээ зохицуулж чадвал хийх ажил ажил их байна. Манай найзууд олон улсын сүлжээ буудал, дэлгүүр, хоолны газарт ажилладаг.
Хоёр, гурван жилийн өмнө цагт 2000 төгрөг хүрэхээргүй цалин авч байсан бол одоо үнэлгээ нь өсөж, ажлын байр ч нэмэгдсэн. Ямар ч байсан би долоо хоногт 20 орчим цаг ажиллан сард боломжийн цалин авчихдаг” гэсэн юм. Харин тус сүлжээ дэлгүүрийн хүний нөөцийн ажилтан С.Чулуунцэцэг ажлын байранд тавигдах шаардлага болон ажиллах хүчний нөөцийнхөө талаар “Одоогоор цагийн ажилчин олдохгүй, ажиллаж буй хүүхдүүд ажил цалгардуулсан тохиолдол байхгүй.
Манай дэлгүүр нийслэлд салбарынхаа тоог нэмэгдүүлж, орон нутагт ч үйл ажиллагаагаа эхлүүлэх зорилготой. Олон улсын жишгээрээ ажилтнуудынхаа 30 хүртэл хувийг цагийн ажилчдаас бүрдүүлдэг байдлаар ажиллана. Манайхтай адил зохион байгуулалтаар хүний нөөцөө бүрдүүлдэг компани Монголд цөөнгүй бий.
Тэр хэрээр үндсэн бус ажилчдын орон тоо олширч байгаа” гэлээ. Ташрамд дурдахад, хэрэв хэн нэгэн цагийн ажил тогтмол хийдэг бол үндсэнээс бусад ажил хийж олсон орлого хэмээх тодорхойлолтоор ажил олгогчоороо нийгмийн даатгалын “цагаан” дэвтэр нээлгүүлж, шимтгэл төлүүлэх боломжтой гэнэ.