Шүүх, прокурорын байгууллага, тэр дундаа өнгөрсөн зун ажлаа хийж явсан жирийн нэг жижиг, дунд бизнес эрхлэгчийг хэлмэгдүүлэн хэдэн сар шоронд суулгах тогтоол гаргажээ. Одоогоос гурван жил гаруйн өмнө буюу 2015 оны наймдугаар сарын 18-ны үдэш Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдмын хөндийд Улаанбаатар руу явж байсан “Hijet” маркийн бага оврын ачааны автомашин онхолдож, түүнд сууж явсан иргэн Ц нас баржээ.
Энэ хэрэгт тухайн үед машиныг жолоодож явсан С болон машины эзэмшигч компанийн захирал, тухайн үед ослын газраас тэс өөр газарт байсан О гэх эмэгтэй нарыг Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллагдагчаар татсан байна. Хохирогч Ц уг нь дээрх машиныг жолоодож яваад найз С-даа “Найз нь жаахан унтмаар байна чи хэсэг бариад явчих” гээд жолоогоо шилжүүлсэн аж. Ингээд Хонгор сум өнгөрч яваад онхолдсон байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг энэ хэрэгт мод үржүүлгийн компанийн захирал О-г яллагдагчаар татахдаа “бүрэн бус тээврийн хэрэгсэл ажилд гаргасан” гэж буруутгажээ. Техникийн талаар мэдлэггүй, осол гарах үед дэргэд нь байгаагүй О-г “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон”, С-ыг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон” гэм буруутайд Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх тооцжээ. Ингээд О-д нэг жил зургаан сар, С-д хоёр жил хорих ял шийтгэсэн байна. О шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “Талийгаач таван жил машин барьсан гэж танилцуулсан учраас түүнд итгэж уг машиныг бариулж байсан. Гэхдээ машиныг зөвхөн албан хэрэгцээнд унахыг зөвшөөрсөн, ажлын цаг дуусахаар машиныг ажлын байранд үлдээх ёстой гэж тохиролцсон юм. Яагаад машины дугуйны хээ зөрүүтэй буйг мэдэхгүй байна. Машин техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангасан байсан. Прокурорын сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Хамгаалалтын бүсээ зүүгээгүй хувийн сахилга батгүйн улмаас ийм асуудал болсон. Хүн тэжээснийхээ төлөө ял сонсоод зогсож байгаадаа үнэхээр гомдолтой” хэмээн мэдүүлжээ.
Уг нь О-гийн компани “Hijet” маркийн бага оврын ачааны автомашиныг 2015 оны долдугаар сарын 8-нд авсан бөгөөд тэр үедээ Баянгол дүүрэг дэх Оношилгооны төвд очиж иж бүрэн үзлэгт хамруулж, техникийн бүрэн бүтэн байх шаардлага хангасан гэж дүгнүүлжээ. Харин шинжээчид “ажлын тоормосны наклад, дугуйны хээ элэгдсэн, хээг нь зөрүүлж тавьсан” гэж дүгнэснээр компанийн захирал О-г эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах болсон аж.
Анхан шатны шүүхээс оноосон ялыг О болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдсан ч Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээр үлдээж, эмэгтэйчүүдийн хорих анги руу шилжүүлсэн байгаа юм. Тэнд О гурван сар гаруй ял эдэлж байсан бөгөөд энэ хооронд түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд тэргүүтэй хүмүүс Улсын дээд шүүхэд гомдол гаргаж хэргийг хянуулсан аж. Дээд шүүх өнгөрсөн сарын 12-нд хэлэлцээд О-г гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа.
Шүүгч, прокурорын илт хууль зөрчсөн үйлдлийн улмаас гурван сар хорих ял эдэлсэн О гэмт хэрэг үйлдээгүйгээ илэрхийлснийх нь төлөө, хэргээ хүлээсэнгүй гэж хилсээр ял тулгасан гэж өмгөөлөх талынхан үзэж Улсын дээд шүүхэд хандсан нь үр дүнгээ өгчээ. Өдгөө түүнд бусдын буруугаас болж ял эдэлсэн хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй үлдсэн юм байна.