АНУ болон дэлхийн эдийн засаг шинэ онд хямрах шинж тэмдэг улам олширсны сацуу Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын үйлдэл манай гаргийн эдийн засгийг удирдах тогтолцоог зөрчөөд хэдийн эхэлжээ. Францын эдийн засагч Давид Кайла “Le figaro” сонинд ийн бичсэн байна.
Д.Трамп дотоодын санхүүгийн салбарын зохицуулалтыг сулруулж, татварын ачааллаа бууруулж чадсан. Гэвч үүний улмаас Америкийн хөрөнгийн биржийн индексүүд эрс буурсан нь эдийн засгийн хямрал нүүрлэх нь гарцаагүй болохыг илтгэж байна хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Мөн ойрын ирээдүйд АНУ-ын эдийн засагт таагүй байдал нүүрлэх хэд хэдэн шалтгааныг Д.Кайла нэрлэв. Юуны түрүүнд эдийн засаг нь хэт олон буюу есөн жил дараалан өсжээ. Гэтэл дэлхийн бусад улсынх эсрэгээрээ удааширсан байна.
Өөр бас нэг чухал хүчин зүйл нь Д.Трампын засаг захиргааны эдийн засгийн замбараагүй бодлого хэмээн эдийн засагч үзэж буй. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч дангаар Европын орнуудаас авдаг бараа, бүтээгдэхүүний татварыг нэмэхээ мэдэгдсэний дараа эсрэг тал нь буулт хийснээр уг төлөвлөгөөнөөсөө татгалзсан. Урт хугацааны зорилгынх нь талаар тодорхой таамгийг Европын Холбоо ч, Хятад ч, өөр бусад улс ч гаргаж чадахааргүй, нөхцөл байдлаас хамааран өөрчлөгддөг стратегийг АНУ баримталдаг гэж Д.Кайла үзэж байна.
Түүний хэлснээр гаалиар хавчих протекционист бус, бусад улсын аж ахуйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс идэвхтэй саад болох чиглэсэн меркантилист бодлогыг Д.Трамп баримталж буй аж. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийг улстөрч гэхээсээ илүүтэй бизнес эрхлэгч болохыг, зохицуулахын оронд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэлийн сайн сайхны төлөө бусдаар буулт хийлгэхийг эрмэлздэгийг харуулжээ. Үүний сацуу Америкийн дотоод бодлогын асуудал, тухайлбал, төрийн 800 мянган албан хаагч цалингаа гэнэт авч чадахгүйд хүрч, олон яамны ажил зогссоныг Францын эдийн засагч тэмдэглэжээ.
Дээр дурдсан чиг хандлагууд эдийн засгийг хямраах магадлалыг өндөр болгож байгааг Д.Кайла онцлов. Гэхдээ шинэ хямрал өмнөхүүдийн нэгтэй нь ч адилгүй байх гэнэ. “АНУ-д болон дэлхийд болж буй үйл явдал эдийн засгийн чиглэлд эрс өөрчлөлт гарахыг харуулж байна” хэмээн тэрбээр тэмдэглээд, Д.Трампын бодлого дэлхийн эрх зүйн институцуудын олонхыг, тухайлбал, Дэлхийн худалдааны байгууллагыг хөндсөнийг тодруулжээ. Тус байгууллага үүссэн маргаан болон асуудлуудыг шийдэх чадваргүй болсон гэнэ.
Эцэст нь, Д.Кайлагийн мэдэгдсэнээр хамтаар боловсруулсан аргаар бий болгосон дэлхийн эдийн засаг үеэ өнгөрөөж, хямрал шинэ үеийг эхлүүлэх аж. Өөрөөр хэлбэл, дүрэм журам бус, хүчтэй нь өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн асуудлыг шийддэг байдал үүсэх гэнэ.
ХУДАЛДААНЫ МАРГААНЫ УРШИГ
АНУ, Хятадын худалдааны маргаан “Ap¬ple”-ийн улирлын орлогын таамгийг өөрчлөхөд хүргэснийг Америкийн тус компанийн тэргүүн Тим Кук CNBC телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Хятад дахь борлуулалт нь буурахад л ийм нөлөө илэрч. Өнгөрсөн сарын 29-нд дууссан санхүүгийн эхний улирлын мэдээллээ эл компани лхагва гарагт нийтлэхэд 89-93 тэрбум доллар байхаар таамаглаж байсан орлого нь 84 тэрбум болж буурахад хүрсэн байна. Энэ нь хөрөнгийн биржид “Apple”-ийн хувьцааны ханш 7.7 хувиар буюу эрс буурахад хүргэсэн аж. Улмаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 700 тэрбум доллароос буурчээ. Өнгөрсөн оны наймдугаар сард уг үзүүлэлт нэг их наяд доллар байсан юм.
Мөн АНУ-аас шаардсаны дагуу өнгөрсөн сарын 1-нд Канадын Ванкувер хотод Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчилсны улмаас тус хоёр улсын хооронд дипломат маргаан үүссэн. Гэхдээ Мэнийг барьцаагаар суллах шийдвэрийг мөн сарын 11-нд гаргасан билээ.