Баярын өдрүүдээр түргэн тусламжын 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгддэг байна. Тэр дундаа улсын их баяр наадам, цагаан сарын үеэр бүр ихэсдэг аж. Бичил биетүүдээр халдварлагдсан мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэснээс хоолны хордлого үүсдэг. Мөн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдсанаас хордлогот халдвар үүсч болно. Хоолны хордлогын үед:
- Гэдэс өвдөх
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Гүйлгэх. Хоногт 10-15 удаа хүртэл. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас гарна
- Биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэж халуурна
- Бие сульдах
- Чичэрч бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс бид та бүхэндээ хоолны хордлого болсон тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх талаар зөвлөгөөг хүргэж байна. Хоолны хордлого хүндрээгүй, өнгөц үед доорхи аргуудыг ашиглаарай.
Бөөлжих - Хоолны хордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих. Та 100 мл усанд 20 гр буюу 2 цайны халбага давс хийхээр тооцон 1 цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Ингэснээр давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл хүн шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух хэрэгтэй. Бага зэрэг содатай ус уувал бүр илүү сайн.
Эм уух - Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Мөн гүйлгэдэг эм уувал хор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрс эмийг 4 цагийн зайтай 4 ширхэгээр уудаг. Гэхдээ хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүй шүү.
Гэдэс цэвэрлэх - Хэрэв өвчтөн шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. 1 литр буцалсан усанд 2 хоолны халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдэсээр бургуйдаж болно. Ингээд 10 минут хажуулдаж хэвтэхдээ баруун хөлөө нугалаарай. Хор хурдан гадагшилна.
Хордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Мөн талх дангаар нь идэх нь их сайн байдаг. Хэрэв хордлого тайлагдахгүй 2-3 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.