“Warner Bros. Pictures”-ийн “Aquaman” кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг гурван долоо хоног тэргүүлээд байгаа билээ. Тус киноны нэрээс үзэхэд нөгөө л "Spidermen", "Antmen", "Batman" зэрэг кинонуудын адил дэлхийг аварна гэсэн сүржин "Men"-үүдийн нэг гэж өнгөц дүгнэж болохоор. Ер нь сүүлийн үед дуусашгүй тулаан болсон кино олон гараад байгаа. Даанч ихэнх нь хэт адал явдал хөөж, үйл явдалдаа төөрснөөс болоод тухайн киноноос үзэгчдэд ямар ойлголт өгөх гээд байгаа нь тодорхойгүй. Харин ""Aquaman"-ий хувьд ядаж л илэрхийлэх гэсэн санаатай кино болжээ.
Үйл явдлын хувьд Атлантасын хатан Атлана жирийн нэгэн цамхаг гэрэлтүүлэгч залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, Артур хэмээх хүүг төрүүлж байгаагаар эхэлнэ. Гэвч хатан Атлана далайруугаа буцахгүй бол нөхөр хүү хоёроо аюулд учрах байсан тул орхиж явахаас өөр аргагүйд хүрнэ. Хүү өсөж том болохын хэрээр өөрийгөө жирийн нэгэн биш гэдгээ анзаарч, далайн дээрэмчидтэй тулалдан хүмүүсийг удаа дараа аварснаар түүний нэр алдар газар дээр болон усан доторх ертөнцөд ч түгж байгаагаар үйл явдал өрнөдөг.
Дэлхийн гадаргын далаас илүү хувийг эзэлдэг далайд хэрэв хот сүндэрлэж, амьдрал буцалвал ямар байж болох тийм нэг хийсвэр төсөөлөл бүхий дүр дүрслэлийг тус кинонд тод томруун гаргажээ.
Энэ киноны үзэгчдэд хүргэе гэсэн гол санаа нь Атланагийн нөхөртөө хандаж хэлсэн үгэнд байх шиг...
"Далайд нулимс урсдаггүй. Харин газарт хүн бүр нулимсыг мэдэрдэг".
Нулимсаар уй гуниг, шаналал зовлонг төлөөлүүлсэн бол далай энэ бүхнийг юман чинээ тоодоггүй хахир хатуу хуультай ертөнц гэдгийг илтгэсэн байгаа юм. Харин хүний ертөнцөд бид нулимс гэж юу болохыг мэддэг хэрнээ далайг басамжилж, хог хаягдлаа чулуудсаар л байдаг нь харамсалтай. Хэрэв бид далайд хүндэтгэлгүй хандсаар байвал далайн эзэн газрыг усанд автуулж өөрөөр хэлбэл нулимсан далайд живүүлж чадна шүү гэдгийг цаагуураа хэлээд байгаа юм. Мэдээж кино учраас аз жаргалтай төгсгөлөөр дуусч байна. Харин бодит амьдрал дээр энэ нөхцөл байдал үргэлжилсээр байвал юу болох бол...