Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Улаанбаатар Эмпати сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас Турк улсын тусгай албаныхан хулгайлж авч явах гэсэн хэрэг гарч байсан. Үүнээс үүдэн хууль хяналтын байгууллагууд хилийн хориг тогтоож, нөхцөл байдлыг шалган арга хэмжээ авсны эцэст В.Ачкайг Монгол улсад авч үлдэж чадсан. Тэгвэл саяхан Вейсел Акчай Монгол улсын хилээр гарчээ.
Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Вэйсел Акчайг хуулийн байгууллага шалгаж мөрдөн байцаах газраас прокурорт хүсэлт тавьж хилээр гарахыг нь хориглосон байсан. Харин прокуророос “Вэйсел Акчайг хилээр гаргахгүй байх шалтгаан байхгүй” гэсэн бичиг ирсний дагуу цуцалсан. Үүнээс хоёр хоногийн дараа хилээр гарсан. Өнгөрсөн сарын 30-нд Буянт-Ухаагийн хилээр гарч Хонгконгийн онгоцонд суусан” гэнэ.
Мөн ГИХГ-аас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Эмпати сургуулийн 6-7 турк багш Монгол Улсын хилээр гарчээ. “Эмпати сургуулийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж Германы өмчид шилжсэн учраас эдгээр иргэд Монголоос гарч явсан байх” хэмээн ГИХГ-ын дарга Д.Мөрөн таамаглаж байгаа аж.
Г.Тэмүүлэн