-Халдварт бус өвчнийг бууруулахад эрүүл, аюулгүй ажлын байр чухал-
Өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яардаг хүнийг хамгийн аз жаргалтай гэх нь бий. Манай улсад ийм жаргалтай хүн хэр олон бол. Замын түгжрэл, утаа, таагүй харилцаанаас болж бухимдан, ажлын цагаа яаж дуусгах вэ гэж аргаа барж сууна уу. Бид сэрүүн байх хугацааныхаа ихэнхийг буюу хуулийн дагуу өдөрт найман цагийг ажлын байрандаа өнгөрөөдөг.
Нас баралтын шалтгааны 77 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж байна
Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж, үйлдвэрийн эсвэл уурхайн ажилчид амсхийх завгүй зүтгэж байхад дэлгэц ширтээд тоглож суудаг нөхөд ч бий. Ямартай ч долоо хоногт хамгийн багадаа 40 цагаа зориулдаг ажлын байрыг нь эрүүл, аюулгүй байлгахад тухайн байгууллагын удирдлага анхаарах цаг болжээ. ДЭМБ-аас ажлын байрыг XXI зуунд эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж буй.
Орчин үеийн, завгүй залууст ажлаа хийх үү, амрах уу гэсэн сонголт өгөх бус, амарч буй мэтээр ажиллах боломжоор хангах нь ажлын бүтээмж болон ажилчдын бие махбодь, сэтгэл зүй, эдийн засагт сайнаар нөлөөлдөг гэнэ. Урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж, оношлох боломжтой халдварт бус өвчинд манай улс сүүлийн 20 гаруй жил “дарлуулжээ”. Нас баралтын шалтгааны 77 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж байна.
Угтаа бол агаар дуслын замаар халдварладаггүй уг өвчнөөс сэргийлэх боломж бидний гарт бий. Үүнийг шийдэх нэг гарц нь эрүүл, аюулгүй ажлын байр. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ дасгал хөдөлгөөн хийх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл, зөв хооллох, спортоор хичээллэх, цэвэр, аюулгүй, архи, тамхигүй орчин бүрдүүлэх зэрэг нь халдварт бус өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, үр дүнтэй арга юм.
Манай улс 2016-2020 онд 10 мянган хүнд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 17.4, хорт хавдраар амиа алдагсдын тоог 10.5 хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтод хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хүн амын дунд амьсгал, зүрх, судас, хоол боловсруулах, шээсний замын өвчин тэргүүлж буй бөгөөд эдгээр нь ид хийж бүтээх, хөдөлмөрийн насныхныг онилжээ.
Залуусын дунд сэтгэл түгшилт 18.5, нойргүйдэл 17.1, архаг ядаргаа 16.2, сэтгэл гутрал 6.6, архинд донтох эмгэг 6.2 хувийг эзэлж буй. Тоон мэдээллээс харахад халдварт бус өвчин хүн амын дунд хөвдний түймэр мэт тархжээ. Харин эрүүл, аюулгүй ажлын байр бүрдүүлж, хүн бүр эрүүл мэнддээ анхаарч эхэлбэл энэ өвчнөөс сэргийлэх боломжтой. Ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг албан байгууллага манай улсад цөөнгүй.
Тэднийг алдаршуулж, жил бүр “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулдаг. Өнгөрсөн онд шилдгээр шалгарсан зарим байгууллагын сайн жишгээс сонирхуулъя. Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон үндэсний үйлдвэр “Говь”. Тус компанид 2000 орчим хүн ажиллаж байна. Тэд бүгд хөдөлмөр, аюулгүй байдлын инженер гэнэ. Учир нь үйлчлэгчээс эхлээд дарга нь хүртэл ажлын байран дахь аюулгүй байдлын эрсдэлээ үнэлж, мэдээлдэг аж.
Залуусын дунд сэтгэл түгшилт 18.5, нойргүйдэл 17.1, архаг ядаргаа 16.2, сэтгэл гутрал 6.6, архинд донтох эмгэг 6.2 хувийг эзэлж буй
Аюулыг арилгахаас нааш ажиллахгүй байх эрх нь тэдэнд бий гэнэ. Уг компанийн Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны албаны дарга А.Цэрэнтогтох “Хөдөлмөрийн аюулгүй байдлын цаана монгол хүний амь нас, эрүүл мэнд байдаг. Өнгөрсөн онд байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд нэг тэрбум 900 орчим сая төгрөг зарцуулсан.
Аюулгүй ажиллагаа гэдэг бизнесийн салшгүй хэсэг. Олон улсад өрсөлддөг компанид гурван шаардлага тавьдаг. Нэгдүгээрт, хүнээ яаж хамгаалж байна, хоёрт, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, гурав дахь нь хууль дүрмийн дагуу ажиллах. Нэг хүн үйлдвэрийн осолд өртөж, ажиллах боломжгүй болбол тухайн өдрийн ажлын бүтээмж буурна.
Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар бүтээмжид шууд нөлөөлдөг. Осолгүй ажилласан цагаар бүтээмжээ хэмждэг” гэж ярив. Харин тус албаны инженер Б.Даваа “Манай компани эмнэлэг, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдлын үйлчилгээг цогцоор нь шийдсэн. Жил бүр ажилтнуудаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг. ХСҮТ-тэй гэрээ байгуулж, ажилчдаа үзлэг шинжилгээнд оруулж, эмчилгээг нь эндээ хийсэн.
Мөн компанитайгаа ойрхон хувийн цэцэрлэгтэй хамтран ажиллаж, хүүхдийн төлбөрийн 50 хувийг нь байгууллагаас гаргадаг. Хүн амын дунд таргалалт их байгаа учраас ажилчдаасаа судалгаа авч, зургаан сарын турш хамгийн их жин хаясан хүнийг шагнаж урамшуулсан” гэв. 2000 орчим хүнийг тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллахад тохь тухтай, цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй ажлын байр татах хүч нь болдог болов уу.
Сумын эмнэлгийн дайтай ажиллаж буй тус компанийн эмнэлэгт өдөрт 50-60 хүн үзүүлдэг юм байна. Физик, бумба, зүү төөнүүр, шарлага, эмэгтэйчүүд гээд олон төрлийн эмчилгээ хийлгэх боломжтой учир ажилчид нь гадагш гарч цаг, мөнгө үрэлгүйгээр эрүүл мэндийн асуудлаа шийдчихдэг гэнэ.
Бидний очсон дараагийн газар нь уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг “Трансвест” компани. “Манай ажил 17.00 цагт тардаг. Бидэнд 10 минут л байна” гэсээр тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин хариуцсан газрын дарга Б.Ганжигүүр угтав. Тэд өглөө цагтаа цугларч, орой яг л цагтаа ажлаа дуусгадаг гэнэ.
Эрүүл мэндийн асуудал тулгарлаа гэхэд туслах хүн байхгүй учир ажлын байранд ганцаараа үлдэхийг зөвшөөрдөггүй аж. Тэрбээр “Эрүүл, аюулгүй орчин эмх цэгцээс эхэлдэг. Энэ нь зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад хамаатай биш. Хүн бүрт аюулыг мэдээлэх хуудас бий. Ажлаа эхлэхээс өмнө аюулгүй байдлыг нягтлан шалгаад уг хуудаст бичиж, мэдээлдэг.
Жилд нэг хүн 200 орчим сая төгрөгийг эрүүл мэнддээ зарцуулах боломжоор хангаж өгдөг юм. Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн болохоор хүмүүс тогтвор суурьшилтай, сэтгэл ханамжтай ажилладаг. Улаанбурхан дэгдэхэд вакцин авчирч, бүх хүнээ дархлаажуулсан. Ер нь эрсдэлийн өмнө алхдаг. Аюулгүй ажиллагаанд оруулж буй нэг төгрөг бүрээс 4.6 төгрөгийн ашиг олж байгаа. Осол гараагүй, эмчилгээний зардал төлөөгүй, тоног төхөөрөмж эвдрээгүй бол компанид ашиг болно” гэв.
Тус компанийн ажилчид бүгд галын хор ашиглаж сурсан төдийгүй хаана эрсдэлтэй нөхцөл үүснэ тэр бүгдийг илрүүлэх чадварт суралцжээ. Аюулгүй байдал бол аз биш, сонголт гэсэн зарчмыг тэд баримталдаг. Зөвхөн нийслэлийн томоохон компаниуд ингэж ажилладаг гэвэл эндүүрэл. Хөдөө, орон нутагт ч эрүүл ажлын байр бүрдүүлсэн нь олон. Тухайлбал, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг гадаад, дотоод орчноо сайтар тохижуулж, ая тухтай ажиллах нөхцөл бүрдүүлжээ.
Эмч, ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт 74-85 хувь хамруулж, хор тайлах халуун шингэнээр үйлчилж, дархлаажуулалтад 100 хувь хамруулсан байна. Сэтгэл байхад бүтэхгүй зүйл үгүй гэдэг шиг хүнээ бодсон цагт ажлын бүтээмж аяндаа сайжирна. Энэ нь үнэн хэрэгтээ нэг хамт олны бус, гурван сая хүний эрх юм. Халдварт бус өвчнөөс сэргийлэх энгийн алхам нь амьдралын ихэнх цагаа өнгөрүүлдэг ажлын байрны эрүүл, ахуйгаас эхлэх нь.
Жилд нэг удаа ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг, чанартай хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлээд өгчихвөл хүчээр бус хүслээрээ ажиллах хүн олон болох вий. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ч тухайн байгууллага аль нэг лабораторитой хамтран ажилчдаа зохион байгуулж, нийтээр нь вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж яагаад болохгүй гэж. Хотжих тусам хүрээгээ тэлж буй халдварт бус өвчнөөс сэргийлэх боломж байна, харин бидэнд сонголт бий.