Чех улсын мэдээлэл, аюулгүйн алба 2017 оны тайлан илтгэлдээ ОХУ-ын тусгай албадыг (Холбооны аюулгүйн алба, Тагнуулын удирдах газар) кибер халдлага хийсэн хэмээн буруутгажээ. Халдлагын эхний бай Чехийн Гадаад хэргийн яам байсан бол хоёр дах нь Батлан хамгаалах яам болжээ. Мөн Европын бусад орон ч гэсэн Москвааг кибер халдлага явуулсан гэж сэжиглэж байна.
Хамгийн хүчтэй кибер халдлага 2016 оноос 2017 ны эхэн хүртэл үргэлжилжээ. Халдлагын гол зорилго Чехийн Гадаад хэргийн яамны мэдээллийн сан руу нэвтрэх явдал байж. Хакерууд энэ зорилгодооч хүрч тус яамны ажилчдын 150 гаруй захидлын хайрцгыг хуулж чадсан аж.
“Тэд ийнхүү дараагийн кибер халдлага хийхдээ ашиглах мэдээллүдийг авч чадсан төдийгүй бай болгох төрийн чухал байгууллагуудын жагсаалтыг ч олсон ” гэж илтгэлд тусгагдсан байна.
Чехийн тусгай алба эл кибер халдлагад Turla хэмээх нэртэй орос хэлтэн хакеруудын бүлгийг буруутгажээ. 1990 оны сүүлчээр АНУ-ын ХМТ болон Скотланд –Ярд дээрх бүлгийн вирусын нууц түлхүүрээс iron, max и rinat гэсэн зохиогчдын таних гарын үсгийг илрүүлсэн аж. Мөн Vnuk гэсэн үг ч олонтоо гарч ирсэн байна.
Дээрх бүлгийн хохирогчид нь зэвсэгт хүчний салбартай холбоотой төрийн байгууллага болон хувийн компаниуд байдаг аж. Халдлагын чиглэл (“Касперскийн лабораторын” өгөгдөхүүнээр) Казахстан, Орос, Хятад, Вьетнам, АНУ зэрэг улсаас эхтэйг тогтоожээ. Чехийн Мэдээлэл, аюулгүйн албаны үзэж буйгаар Turla бүлгийн ард ОХУ-ын Холбооны аюулгүйн алба байгаа аж.
Кибер халдлага Чехийн Батан хамгаалах яам болон армийн дотоод сүлжээний хаяг руу нэвтрэн Х-Agent гэдэг нэртэй вирус суулгаж чадсан байна. Эл халдлагыг Чехийн тусгай алба Fancy Bear хакерын бүлэгтэй холбож байгаа бөгөөд АНУ-ын адил эл бүлгийг Оросын тагнуулын алба удирдардаж байгаа хэмээн үзжээ.
Fancy Bear бүлэг 2000 оны дундуураас мэдэгдэж эхэлсэн бөгөөд түүний халдлаганд Германы Бундестаг, АНУ-ын Ардчилсан намын төв хороо, НАТО, Францын TV5 телевизийн суваг зэрэг өртжээ. Чехийн Мэдээлэл,аюулгүйн албаны үзэж буйгаар Москвагийн кибер халдлагад зөвхөн Чех өртөөд зогсохгүй ЕХ-ны улс орон болон НАТО-ийн эсрэг Оросын тагнуулынхан дипломат албаар халхавчлан өөрсдийн кибер бодлогоо явуулсаар байгааг аж.
Өнгөрөгч аравдугаар сард Чехийн тал Оросын болон Вьетнамын 8 хүнийг тус улсын Гадаад хэргийн яам руу кибер халдлага хийн Чех улсад оршин суух зөвшөөрөл олгох ажилд хөндлөнгөөс оролцсон хэмээн сэжиглэн баривчилсан тухай мэдэгдсэн билээ. Баривчилсан өдрөө тэдгээр хүмүүст компьютерын сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон мөн бохир мөнгө угаасан ял тулгасан аж.
Праг хотын прокурорын газрын мэдээлснээр дээрх хакерууд кибер халдлагаараа хэдэн зуун сая чех крон олжээ.
Энэ оны хоёрдугаар сард Германы хэвлэл мэдэллүүд тус улсын Гадаад хэргийн болон Батлан хамгаалах яамдын мэдээллийн сан оросын хакеруудын халдлагад өртөн зарим чухам баримтууд алдагсан талаар бичиж байжээ. Мөн өнгөрөгч аравдугаар сард Нидерланд Улсын Батлан хамгаалах яам Химийн зэвсгийг хорих байгууллага (НҮБ-ын дэргэдэх олон улсын байгууллага) руу хандсан кибер халдлагыг зогсоосон тухай мэдэгджээ. Өмнө нь дөрөвдүгээр сард тус улсаас Оросын 4 дипломат ажилтанг албадан гаргасан аж. Нидерландын тусгай албаныхны үзснээр бол тэдгээр 4 хүн Оросын Тагнуулын удирдах газрын ажилтан нар байж.
Кремль кибер халдлагуудтай ямар ч холбоогүй гэдгээ тэр даруй мэдэгдэж байсан. Чехийн Мэдээлэл, Аюулгүйн дээрх мэдэгдэлд ОХУ одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.