Нэрт зурагчин Ли Гуан Хятадын Засгийн Газрын хатуу хяналтан дор байдаг Шинжаан муж руу яваад алга болсон тухай түүний гэргий мэдэгджээ.
Ли Гуаны уран бүтээлд байгаль орчноо хамгаалах сэдэв чухал байр эзэлхийн зэрэгцээ дурандаа Хятадын нийгэм, хүн ардын амьдралы тухай ихээхэн буулгадаг байжээ. Тэрээр дэлхийд алдартай World Press Photo олон улсын фото уралдааны гурван удаагийн ялагч авъяаслаг зурагчин аж.
Нью-Йорк хотод амьдардаг түүнийг өнгөрсөн сард Хятадын Шинжаан мужид хэд хэдэн соёлын арга хэмжээнд урьжээ. Ли Гуан өнгөрөгч сарын 23-ны өдөр тус мужийн нийслэл Өрөмч хотод ирсэн бөгөөд 11 сарын 5-нд өөрийн найз Чентай уулзахаар Сычуань нисэх төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл түүнийг товлосон газраа цагтаа ирээгүйд гайхсан найз нь Ли Гуаны эхнэртэй утсаар ярин лавлахад Сюй Сяоли (Ли Гуаны эхнэр) нөхрийгөө ямар ч холбоо барилгүй хоёр хонож байгаа тухай ярьжээ. Ингээд Сюй Сяоли нөхрийг нь Шинжаан мужид урьсан хүний эхнэртэй холбогдоход Ли Гуаныг Хятадын Аюулаас хамгаалах газрынхан баривчлаад явсан мэдээ дуулгасан байна. Эл мэдээллийг хэд хоногийн дараа Ли Гуаны төрсөн нутгийн засаг захиргааны ажилтнууд баталжээ.
“Миний нөхөр алга болоод 20 гаруй хонож байна. Хамгийн ойр дотны хүнийх нь хувьд нөхрийнхөө баривчилсан шалтгаан хаана байгааг мэдэх эрхтэй ч надад Хятадын талаас ямар ч албан хариулт өгөхгүй байна. Миний нөхөр Хятадын эрх баригчдын уур хийлэнг хүргэх ямар үйлдэл хийснийг би мэдэхгүй. Ирэх долоо хоногт бидний хуримласны 20 жилийн ой болох бөгөөд бид хамтдаа тэмдэглэхээр төлөвлөж байсан юм. Түүнийг амьд мэнд эргэж ирээсэй гэж найдаж сууна” гэж Сюй Сяоли BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
10 сая лалын шашинт уйгар үндэстэн амьдардаг Шинжаан муж улс төрийн тогтвор муутай бүс нутагт тооцогддог. Уйгурын хэт даврагчид Шинжааныг Дорнод Туркестан хэмээх бие даасан тусгаар улс болохын төлөө тэмцдэг бөгөөд хүчирхийллийн арга хэлбэр сонгох нь цөөнгүй аж. Тиймээс Хятадын төр засаг тус мужийг хатуу хяналтан дор байлгадаг аж. Бээжингийн эрх баригчид Шинжаан мужид чиглэсэн улс төрийн бодлогыг нь шүүмжилхэд ихээхэн эмзэг ханддаг бөгөөд ер нь Хятадын тухай эсрэг зүйл бичсэн сэтгүүлчдийг нэг биш удаа саатуулж байсан түүхтэй.