Эмэгтэй хүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэмт хэрэгт унаад байгаа дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчин Криштиану Роналду эмэгтэй хүнийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах дэлхийн хөдөлгөөнд нэгдэхээр болжээ. Энэ хөдөлгөөнд Италийн хөлбөмбөгийн Сери-А лигийн хэд, хэдэн алдартай тоглогчид оролцох бөгөөд тэдний нэг нь португаль залуу байх юм.
Энэ долоо хоногийн сүүлээр болох “Ювентус”, “СПАЛ” багуудын тоглолтод тэрбээр нүүрээ улаан өнгөөр будаад тоглолтод гарах юм байна. Энэ нь бэлгийн хүчирхийлэлд улаан хуудас өгч буй утгыг илэрхийлэх гэнэ. Ийм төрлийн үйл ажиллагаа Италийн хөлбөмбөгийн лигт өнгөрсөн дөрөвдүгээр сард явагдаж байв. Уг хөдөлгөөн нь энэ сарын 25-нд болох Олон улсын өдрийг угтан зохион байгуулагдаж байгаа аж.
Кэтрин Майорга хэмээх бүсгүй Роналдуг хүчингийн хэрэгт буруутгаснаар португаль тоглогчийг тойрсон дуулиан үүсээд байгаа. Майоргагийн ярьснаар 2009 оны есдүгээр сарын 28-нд Роналду түүнийг Лас Вегас хотод хүчинджээ. Хөлбөмбөгчин 375 мянган доллар өгсөн тул тэрбээр хэрэг явдлыг урт хугацааны турш нууцалж иржээ. Барууны сэтгүүлчид уйгагүй эрэн сурвалжилсны дүнд Роналду Майоргатай хамт бааранд наргиж байх үеийн фотог олж илрүүлэн, улмаар хамт байгааг нь батлах видео дүрсийг олон нийтэд цацсан.Тэгвэл Кэтрин Майоргагийн өмгөөлөгчид Ларисса Дрохобицер, Лесли Марк Стовалл нар Лас Вегас хотноо хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Майорга сэтгэлийн гүн хямралд байгаа тул ямар нэгэн ярилцлага өгөх боломжгүй байгааг дуулгасан.
Өмгөөлөгчдийн үзэж байгаагаар Роналду 2009 онд Майоргад мөнгө өгсөн тухай тохироо бол хүчингүй гэнэ. Учир нь бүсгүй тухайн үед авсан сэтгэл зүйн гэмтлээсээ бүрэн эдгэрээгүй байжээ. Тэрбээр 2018 онд өмгөөллийн компаниас зөвлөгөө авахаар очихдоо айдас хүйдэст автсан янзтай байсан бөгөөд Роналдуд хүчиндүүлснээс үүдэн депресст орж, архи дарс хэрэглэн, улмаар амиа хорлох тухай бодож байсан тухайгаа ярьсан байна. Тиймээс одоо сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Хэвлэлийн хурлын үеэр өмгөөлөгчид нэгэн дуулиантай мэдэгдэл хийсэн нь Роналдуг 11 гэмт үйлдэлд буруутгаж байгаагаа мэдэгдсэн. Үүнд, хуйвалдах, доромжлох, сэтгэл зүйн гэмтэл, хүчирхийлэл, залилан, хахууль, гэрээний заалт зөрчсөн зэрэг үйлдлүүд багтаж байна. Тиймээс хохирлыг нөхөн төлөх 200 мянган долларыг Роналдугаас нэхэмжилсэн. Түүнчлэн, Роналду хийсэн хэргээ өөрийн өмгөөлөгчдөө хүлээн зөвшөөрч буй видео бичлэгийг түгээнэ гэдгээ тэд мэдэгдсэн ч одоогоор ямар нэгэн бичлэг дэлгээгүй байна.
Хэвлэлийн хурал дууссан даруйд Роналду хийсэн хэрэг байхгүй гэдгээ илэрхийлж, энэхүү заваан жүжигт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Португаль залуу “Энэ асуудлыг өдөөж байгаа хүмүүс миний нэрийг барин пиардахгүй байхыг хүсч байна. Мөрдөн байцаах ажиллагааны үр дүн гарах өдрийг би тайвнаар хүлээн байна” хэмээн ярьжээ.