Орхоны хөндийд 1200 жилийн тэртээ оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Хар балгасын Ордон хотоос эртний үнэт ховор олдворууд олдсон талаар тус газар судалгааны ажил хийсэн Монгол, Германы хамтарсан баг болон Японы шинжээчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
2007 оноос хойш Монгол-Германы хамтарсан “Орхон” экспедици судалгаа хийж байгаа гэнэ. Тэгвэл энэ зун буюу Монгол, Германы археологичид Ордон хотоос худаг нээж олсон талаараа хурлын үеэр мэдэгдсэн юм.
МУИС-ийн доктор У.Эрдэнэбат хэлэхдээ “Бидний олсон худаг одоо ч устайгаа байгаа нь гайхширууллаа. Худаг дотор Нангиад бичээстэй хүрэл хонх, алтадсан төмөр цоож, гантиг чулуун арслангийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай урт модон шон зэрэг гар урлал, гадаад харилцааны баримт сэлт байсан юм. Олдворын үнэ цэнэ, ач холбогдлын талаар Герман болон Японы судлаач, шинжээчид үг хэлнэ” гэв.
“Орхон” экспедици төслийн Герман талын удирдагч Кристина Франкен хэлэхдээ “Монголын хот суурины археологийн судалгааны түүхэнд ийм нойтон, устай нөхцөлд малталт хийсэн тохиолдол бараг анхных болов уу. Худгийн гүнд 1200 жил байсан хонх дуугарч байгааг сонсох гайхалтай байлаа. Энэ бол археологич хүний амьдралд ганц л удаа тохиох олдвор” гэв.
Олдворууд чийгтэй орчинд хадгалагдсан учраас эртний төрх байдлаа хадгалж чадсан байгааг Осака хотын Хадгалалт хамгаалалтын мэргэжилтэн Итокожи онцолсон юм. Нойтон шавар дотроос чий будагтай хоёр модон шонгийн хугархай олдсон нь одоо ч гялалзсан хар өнгөө хэвээр хадгалсан байна.
Чий будагтай модон шон
Чий будагтай модон шонгийн дээр урласан хээг харахад маш сайн урлаж гаргасаныг үзэж болно. Эдгээр олдворууд Монголд YIII-IX зууны үед Уйгурын хааны сууж байсан нийслэл хотод гар урлал өндөр түвшинд хөгжиж байсан соёлыг тольдох боломж олгож байгаа гэдгээрээ үнэ цэнэтэй юм.
Цоож