ОХУ-ын Улаан-Үүд хотоос БНХАУ-ын Хайнань арал руу шууд нислэг хийх хямд өртөгтэй маршрутыг ”Русь-тур” хэмээх нисэхийн компани бий болгожээ. Гэтэл мягмар гараг бүрт хуваарьтай уг нислэгээр зорчигчдын үнэмлэхүй олонхийг буриад иргэд бус монголчууд бүрдүүлж байгааг аялал жуулчлал хариуцсан менежерүүд нь өгүүлж байна.
Монголчууд тус нислэгийн хамаг хямд тасалбаруудыг нь хуу хамдгаас болж Буриадаас Хайнаньд аялах турын үнэ хэдхэн хоногийн дотор 20%-иар өссөн төдийгүй монголчуудын бөөндсөн худалдан авалтаас болж нутгийн иргэд нислэгийн тасалбар авч амждаггүй байна.
Монголчууд ингэж тасалбарыг олноор нь авах болсон шалтгаан нь Улаан-Үүдээс Хайнань руу аялах нь Улаанбаатараас Хайнань явснаас хямд байгаатай холбоотой аж. Түүнчлэн Монголын тур операторуудын үйлчилгээний чанар тааруу байдаг нь дээрх урсгал Буриад руу чиглэх бас нэг шалтгаан болж байгааг онцоллоо.